М.Намуун: Гадаадад ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР сурна гэдэг хэцүү ч холын мөрөөдөл биш


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-22

Бид ирээдүйд дэлхийн хэмжээний томоохон их сургуулиудад суралцах хүсэлтэй уншигчдадаа зориулан орон оронд суралцаж буй оюутан залуусын туршлагаар цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл ярилцлагынхаа ээлжит зочноор Тайваний “Dayeh” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр суралцаж буй М. Намууныг урьж ярилцлаа.


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэтгэлгийнхээ талаар анх хаанаас мэдээлэл авч байсан бэ? Авсан тэтгэлгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач.

- 12-р ангид ЭЕШ-даа бэлдэж байхдаа найзаасаа Тайваний тэтгэлгийн талаар сонсож байсан юм. Тайвань Азидаа нэр хүндтэй, "Азийн бар" гэгддэг учраас тэтгэлгүүдэд нь өөрийгөө сориод үзье гэж бодсон. Ингээд ЭЕШ-д бэлдэхийн хажуугаар материалаа бэлдэж эхэлсэн. Миний авсан тэтгэлэг одоо сурч буй "Dayeh" их сургуулийн маань нэрэмжит тэтгэлэг бөгөөд хэлний онооноос илүү нийгмийн идэвхийг чухалчлан хардаг. Хүүхдүүд тэтгэлэгт хамрагдана гэхээр дүндээ л анхаараад байдаг ч Тайваний тэтгэлгүүдийн хувьд нийгэмд хэр их нөлөө үзүүлдэг гэдгийг чинь чухалчилдаг. Миний авсан тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сургуулийн маань вэбсайт дээр байгаа шүү. 

YOLOНийт хэдэн тэтгэлэгт өргөдлөө өгч байсан бэ?

- Би хоёр сургуульд тэтгэлгийн хүсэлтээ гаргаснаас хоёуланд нь тэнцсэн. Азийн сургуулиудын тэтгэлгийн шалгуур Европын сургуулиудын шалгуурыг бодвол арай бага байдаг. Тиймээс чи өөрөө л хичээж чадвал маш олон тэтгэлэг олдоно. 

YOLOХэддүгээр ангиасаа эхэлж тэтгэлэгт өргөдлөө өгөхөөр бэлдсэн бэ? Хүүхдүүд оройтчихсон юм чинь гээд шантрах тохиолдол гардаг.

- Би ч мөн адил оройтож эхэлсэн. Надад гадаадад тэтгэлгээр сурна гэдэг ердөө мөрөөдөл юм шиг л санагддаг байсан. Гэхдээ 12-р ангиа төгсөх жилийн тавдугаар сард "ерөөсөө оролдоод үзье" гэж шийдээд бэлдэж эхэлсэн. Хүн үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж, зорьж чадах л юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй юм билээ. 


YOLOТэтгэлэгт материалаа бүрдүүлэх явцад шантрах тохиолдол гарч байсан уу? 

- Материалаа бүрдүүлэх явцад бичиг цаасны тал дээр шантрах асуудал гарч байсан. Нэг баримт хөөцөлдөхөөр л "Энэ хүн дээр оч, тэр хүн дээр оч" гээд л наашаа цаашаа их гүйлгэдэг болохоор хэцүү санагдаж байсан үе бий. Энэ мэт олон хүндрэл, бэрхшээлүүд гарч ирэх боломжтой учраас эртнээс бэлдэж эхлээрэй. 

YOLOОдоо тэтгэлэгт хамрагдах гэж буй залуустаа зориулан зөвлөгөө өгвөл?

- Ихэнх тэтгэлгийн шалгуурууд жил бүр өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэтгэлгээ хөөцөлдөхөөс өмнө маш сайн судлаарай гэж зөвлөе. Мөн материалаа бүрдүүлж байх явцад өөрийгөө сайн магтаж өгөөрэй. Өөрийг чинь тодорхойлох жижиг ч гэсэн шагнал, урамшууллыг үлдээлгүй тусгах хэрэгтэй. Чамд өчүүхэн санагдах шагнал бусдын хувьд үнэ цэнтэй байж болно шүү дээ. 


YOLOСургуулийнхаа талаар бидэнд танилцуулаач. Чиний хувьд сургуулийн чинь юу хамгийн гоё вэ?

- Тайвань цаг агаарын хувьд халуун, чийгтэй учир ногоон байгууламжууд их үзэсгэлэнтэй байдаг. Харин хамгийн их таалагддаг зүйл гэвэл хотхон маань. Манай сургуулийн хотхонд оюутнуудад хэрэг болдог бүх зүйлс бий. Мөн багш нарын хувьд оюутнаа гэсэн сэтгэлтэй, тусархаг хүмүүс байдаг. 

YOLOСургуульдаа сурсан эхний жил ямархуу санагдсан бэ? Шинэ орчин, шинэ хүмүүстэй дасан зохицоход ямар байсан бэ?

- Азийн улсуудад суралцахын давуу тал нь орчин тойронтойгоо богино хугацаанд дасан зохицох явдал. Америк, Европын орнуудад сурахаар очсон хүүхдүүд соёлын шоконд ороод, дасан зохицох гэж нэлээн хугацаа шаарддаг юм шиг санагддаг. Харин Азийн орнууд Монгол улсыг бодвол арай илүү хөгжилтэй ч тийм шоконд ороод байхаар ялгаа байдаггүй. Тиймээс сургуульдаа сурсан эхний жил маань сонирхолтой өнгөрсөн гэж хэлж болно. Мэдээж гэрээсээ хол учраас зарим үед бага зэрэг хэцүү байсан ч энэ бүх зүйлийг адал явдал, туршлага гэсэн үүднээс харсан учраас даваад л гарсан даа. 


YOLOЧиний хувьд гадаад улсад суралцахад дэлхийн хэмжээний боловсрол эзэмших, гадаад хэлээ сайжруулахаас гадна өөр ямар давуу талтай байдаг вэ?

- Монголд байхдаа хийж зүрхэлж байгаагүй юмнуудаа хийж, олон гадаад найзуудтай болж, Тайваньд хэрхэн амьдарч буй талаараа влог хийж эхэлсэн. Ер нь энд ирээд илүү нээлттэй, эерэг сэтгэлгээтэй болж, амьдрал их сонирхолтой болж ирсэн дээ. 

YOLOТанай сургуульд хэчнээн Монгол оюутан сурдаг вэ? Монгол оюутнуудын дунд болдог үйл ажиллагаа бий юу?

- Манай сургууль маш олон гадаад оюутантай учраас олон орны хүүхдүүдтэй нөхөрлөх боломжтой. Өмнө нь 40 гаруй монгол оюутнууд суралцаж байсан бол одоо цаг үеийн байдлаас шалтгаалаад 20 гаруй монгол оюутнууд суралцаж байна. Монгол оюутны албан ёсны холбоотой. Хамгийн гоё нь энэ холбооныхоо хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахыг хүсвэл төслөө бичээд сургуульдаа хүсэлт гаргахад сургуулиас зардлыг нь даах, аль чадахаараа туслах зэрэг дэмжлэгүүд үзүүлдэг. 


YOLOЯагаад Тайванийг сонгон суралцах болсон бэ?

- Эдийн засаг, амьдрах орчин нөхцөл, халуун дулаан уур амьсгалтай гэдэг нь таалагдсан учраас Тайванийг сонгосон. Энд ирээд өөртөө байгаа боломжуудаа ашиглаад, илүү сайн сургалттай сургууль руу шилжих хүсэлт гаргаад, дараа жилээс тэр сургуульдаа сурах гэж байгаа учраас энд ирсэндээ их баяртай байдаг. 

YOLOТайвань залуус амьдрахад хэр таатай газар вэ? Монголд байснаас юу нь өөр санагдсан бэ?

- Монголд байснаас өөр санагдсан зүйл гэвэл гудамжиндаа хогийн савгүй ч ил задгай ямар ч хог байдаггүй нь үнэхээр гайхалтай санагдсан. Ард иргэд нь найрсаг, сайхан сэтгэлтэй, аливаад маш хүлээцтэй ханддаг. Мөн цагийн ажил олдоц ихтэй байдаг учраас оюутан залуусын хувьд Тайвань суралцахад их тохиромжтой газар шүү. 


YOLOТанай сургууль сургалтын төлбөрөөс өөр бусад хөнгөлөлтүүд олгодог уу?

- Хөнгөлөлт гэхээсээ илүү сургуулиас зохион байгуулж буй урлаг, спортын тэмцээнд оролцоод түрүүлбэл мөнгөн шагнал олгодог. Мөн маш олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдгийн нэг нь Bubble tea-ний сургалт. Би энэхүү хөтөлбөрт хамрагдаад Bubble tea хийх албан ёсны сертификаттай болсон. 

YOLOТайвань амьдрах зардал хэр өндөртэй вэ?

- Амьдрах зардал нь Америк, Европын орнуудтай харьцуулахад бага ч Монголтой харьцуулахад өндөр. Би долоо хоногт зөвхөн өдөр тутмын хэрэглээндээ л гэхэд 100 мянган төгрөгийг зарцуулдаг. Монголд байхдаа мэдээж ингэж их зарцуулдаггүй байсан. 

YOLOИнгээд ярилцлагын маань төгсгөлд тэтгэлэг авахаар хөөцөлдөж буй залуустаа зориулан зөвлөгөө өгөөч.

- Гадаадад сурна гэдэг хэцүү ч холын мөрөөдөл биш. Монгол хүүхдүүдийн сурлагын дүн өндөр байдаг учраас өөрөө л хичээж чадвар гадаадын их сургуулиудаас тэтгэлэг авч, хүссэн сургуульдаа сурч чадна. Нэгэнт хийгээд эхэлчихвэл эцсийг нь үзэх харин ч амархан шүү. Тиймээс залхууралгүйгээр өөртөө итгээд одооноос бэлдэж эхлээрэй. 


#Тэтгэлэг #Боломж #Тайвань