О. Билгүүн: Эргээд харахад НИЙТ 37 бизнес эхлүүлсэн байна


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-01-31

“Яг түүн шиг 3” шоунд оролцож чадварлаг дуучин гэдгээ батлахын зэрэгцээ хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж сайн жүжигчин гэдгээ харуулж “Гэрэлт гудамж” тэргүүтэй олон төсөл бизнесүүдийг амжилттай эхлүүлж удирдаж байсан Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүнтэй хийсэн ямар ч худал хуурмаг зүйлгүй, хөгжилтэй ярилцлагыг хүргэж байна. Та бүхнийг өөрт хэрэгтэй олон зүйлсийг уг ярилцлагаас олж авна гэдэгт итгэлтэй байна. 

YOLOСайн байна уу? Ярилцлагаа загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан түүхээр тань эхлүүлье.

- Одоогоос арван жилийн өмнө эгч маань намайг “Монголын дизайнеруудын холбоо”-нд оруулснаар 17 настайдаа загварын ертөнцтэй анх холбогдож байлаа. 6 сарын турш загвар өмссөний дараа Э.Энхболдыг даган “Монгол модель” агентлагт орж байсан. Үүний дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцоод "Гранпри" шагнал хүртэж, Солонгос улсад зохиогдсон “Asian New Face Model Festival Awards”-д оролцон “Asian Photogenic Top Model”-оор шалгарч байсан. Загварын ертөнцөд хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй. Ажил бизнесийн минь гараа ч загварын салбараас эхэлсэн гэж боддог. 

YOLOЕрөнхийдөө сонирхлоо даган орж байсан юм байна шүү дээ?

- Тийм. Өөрийнхөө сонирхлоор орж байсан. Загвар өмсөж үзээгүй, туршлагагүй хүүхэд л “Монголын дизайнеруудын холбоо”-нд гэрээ байгуулаад орж байлаа. Тухайн үед эрэгтэй загвар өмсөгч нар ховор байсан. Байсан ч эрэгтэй моделиудыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Модель гэхээсээ илүү мисс гэдэг ойлголтыг хүмүүс мэддэг байсан. Тийм ч учраас Э.Энхболд, А.Чингүүн, Ж.Дамдинцэрэн, Б.Галбадрах болон миний бие Монголын загварын салбарт эрэгтэй моделийг таниулж өгсөн юм болов уу гэж боддог. Одоо ч тасралтгүй загварын салбартаа ажиллаж, дараа дараагийн хүүхдүүдээ бэлдэж байна. 


YOLOАрван жилийн өмнө анх загварын ертөнцөд хөл тавихад ард түмний зүгээс ямар хандлагатай байсан бэ?

- Хүмүүс их сонирхож байсан. Гэхдээ мэдээж энэ салбар хэл амаар тасардаггүй. Зарим нэг хүмүүсийн зохиож ярьсан явган ярианд л олон нийт итгэдэг байлаа шүү дээ. Хэл амаар тасрахгүй байсан үе ч бий. Анх эхнэртэйгээ нийлэхэд минь “Өөрөөсөө эгч хүнтэй гэрлэлээ”, “Загварын салбарт эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийнхээ араас орж байна” гэх мэтээр элдвээр хэлэх нь их байсан. Гэхдээ "Цаг хугацаа л бүхнийг харуулна. Амжилтаараа хэн гэдгээ батална" гэж бодож ирсэн.

YOLOЯмар ч загварын туршлагагүй хүү загварын ертөнцөд хөл тавихад ямар мэдрэмж төрж байсан бэ?

- Төмөр замын ахлах сургуулийн хүү гэнэт өөр ертөнц рүү ороод ирсэн чинь гадаа гараад ирсэн юм шиг сонин санагддаг юм билээ. Олны танил хүмүүс, моделиудын дунд байх их сонирхолтой байсан. Тэднийг дагаж гоё гоё юм үзэж, гоё гоё арга хэмжээнүүдэд оролцож, олон хүмүүстэй танилцаж байгаа нь таалагдаж байсан.


YOLO: Уншигчид манай сайтад ярилцлага өгч байсан эмэгтэй моделиудын ярилцлагаас "тайзны арын" амьдралын тухай ойлголт хэдийнэ авсан байх. Тэгвэл эрэгтэй загвар өмсөгч, эрэгтэй моделийн хувьд тайзны ард юу болж өнгөрдөг вэ? Сонирхолтой зүйлсээсээ хуваалцаач.

- Би хүмүүст хэлдэг юм. Тайзны ард их юм үзнэ ээ /инээв/. Тайзны ард хувцсаа тайлаад нүцгэн шалдан байх бол юу ч биш. Гараандаа амжих гээд хувцсаа тайлж шидээд дараагийн хувцсаа өмсөөд л. Тэрийг анх хараад их шоконд орж байсан. Нэг бодлын их гоё байсан /инээв/. Одоо бол бүр дасаад дөжирчихсөн. Маш их хурд хэрэгтэй. Хувцсаа хурдан солино, шинээр будуулж, үсээ янзлуулах нь ч бий. Тайзан дээр алхана гэдэг бас л хэцүү шүү дээ. Жигд стандарттай, унахгүй бүдрэхгүй, харц шулуун, зайгаа, аяа мэдэрч алхах гээд хариуцлагатай зүйлс их. Тайзны ард их хугацааг өнгөрөөдөг. Загварын шоу дээр дуучид бол ирээд дуулаад л явчихна. Моделиуд бол өмнөх 3-5 хоногт хувцсаа сонгох, өмсөж үзэх, бэлтгэл хийх, загварын шоутай өдрөө хэдий орой эхлэх байсан ч эрт ирж үсээ янзлуулж, нүүрээ будуулаад бэлтгэлээ хийнэ гээд маш их цаг ордог. Гэхдээ урлагийнхантайгаа харьцуулахад цалин маш бага. Намайг анх загвар өмсөж эхэлж байхад нэг гараа 10'000-20'000 төгрөгийн цалинтай байсан бол одоо нэг гараа 50'000 төгрөг, сайн модель бол гарааны 100'000-200'000 төгрөг авдаг. Бүтэн долоон хоног зарцуулж байж 50'000 төгрөг авна. Гайгүй туршлагатай нь бас л олон өдөр зарцуулж байж 100'000-200'000 төгрөг авч байна. Ингээд бодохоор хааяа шударга бус санагддаг л юм. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд "Models.mn" гэх нэртэй моделиудын үнэ ханшийг өсгөх ажил эхлүүлж байна.


YOLOЕр нь загварын ертөнцөд эрэгтэй моделийн өндөр хэд байвал тайзны /runway/ модельд хүлээн зөвшөөрөгддөг вэ?

- Урьд нь 180 см өндөртэй бол "хэвийн"-д тооцогддог байсан. Цаг хугацааны эрхээр 180 см өндөртэй моделиуд загвараас шахагдаж эхэлсэн. Улмаар 185 см өндөртэй моделиуд бас л шахагдаад гарчихсан. Сүүлийн үед залуучууд их өндөр болж байгаа учраас одоо 187, 188 см-ээс дээш өндөртэй байх хэрэгтэй гэж бодож байна. Ер нь илт анзаарагдана. 190-195см өндөртэй моделиудын хажууд 185-187 см өндөртэй нь их намхан, жижигхэн харагддаг. Тэгэхээр миний зүгээс 187 см-ээс дээш байж л эрэгтэй хүн тайзны модельд тэнцэнэ гэж үзэж байна. Хүмүүс биднийг “Хөөх ямар өндөр юм бэ” гээд байдаг. Өндөр байж байж л модель хийнэ шүү дээ. Модель болох гэж байгаа залуучууд маань эхлээд өөрийн өндөртөө сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Түүнээс биш юу юугүй намхан, эсвэл биеийн галбир тааруу бол заавал зүтгээд байх шаардлагагүй. Аливаа зүйлд хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ гэж байна шүү дээ. 

YOLOМодель байх олон давуу талтай. Үүнээс өөрт хамгийн ойр нэгийг нь дурдахгүй юу?

- Саяхан жүжигчидтэй уулзахад зарим нь “Заримдаа анхнаасаа модель болдог байж уу гэж бодох юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаашлуулаад “Та нар чинь нээрээ зүгээр л жүжиглэдэг билүү? Модель хүн модель хийж болдог. Бас жүжиглэж болно. Дуулж болно. Бидэнд тал бүрийн боломж байдаг” гэж хошигносон юм. Гадаадад энтертайнмент салбарт ерөөсөө л царай зүс, бие хаа чухал. Мэдээж чадвар хэрэгтэй ч чадварыг бол суулгаж болно. Иймээс гадаадад моделиуд дуучин, жүжигчин болох нь түгээмэл байдаг. 


YOLOХүүхдүүд “Ээж аав маань намхан болохоор би өсдөггүй” гэдэг. Загварын салбарт олон жил зүтгэсэн хүний хувьд эцэг эх нь намхан ч үүнээс үл шалтгаалан өөрөө хичээсээр өндөр болсон тохиолдолтой таарч байв уу?

- Таарч байсан. Манай арван жилд охидоосоо ч доор зогсдог 150 см орчим өндөртэй их намхан хүү байлаа. Сургуулиа төгсөхдөө ч тийм л байсан. Арван жилээ төгсөхдөө ч намхан байгаа хүүхдийг ирээдүйд өснө гэх найдвар байхгүй шүү дээ. Гэтэл 3-4 жилийн дараа уулзахад надаас өндөр болчихсон байсан. Би гайхаад “Яаж вэ?” гэж их бодсон. Гэнэтийн ийм өсөлт байдаг юм билээ. Дан ганц эцэг эхийн биш өвөө эмээ гээд цусан төрлийнхний ген орж ирнэ. Мөн өсөлтийн цаг хугацаа гэж зүйл бий. Оюутан болон болтлоо өсөөгүй ч гэнэт оюутан болоод өснө гэж байдаг юм билээ. Тэгэхээр хүн 25 нас хүртлээ өсөх боломжтой. Яаж өссөнийг нь асуухад зүгээр л гэнэт өссөн гэсэн.


YOLO: Хүмүүс эмэгтэй моделиудыг “Царайнаас цаашгүй” гэж ярьдаг. Анзаараад байхад эрэгтэй моделийг эрэгтэй гэх үүднээс нь ч тэр үү төдийлөн тэгж ярьдаггүй. Ийм зүйлтэй ер нь тулгарч байв уу?

- Хамтарч ажиллах гэж байгаа хүмүүстэйгээ уулзахаар ихэнх нь “Би чамайг ерөөсөө ингэж бодоогүй. Зүгээр л модель юм байх гэж бодсон. Ингэж бизнес хийдэг, идэвх чармайлттай хөдөлмөрч хүн гэж бодоогүй” гэж хэлдэг л дээ. Гэхдээ одоо бол харьцангуй гайгүй болсон. Эрэгтэй моделиуд өөрсдийн ажил бизнесийг хийж, хүмүүст өөрсдийгөө тодорхой хэмжээнд харуулж байгаа болов уу гэж бодож байна. Хүмүүс биднийг их ярьж байна гэдэг нь бид ямартай ч юм хийж байна мартагдаагүй байна гэсэн үг. Хийж бүтээж байгаа болохоор хэл ам, магтаал сайшаал хосолж яваа байх. Эмэгтэй моделийн хувьд эмэгтэй хүн угаасаа л өөрийн гоо үзэсгэлэнгээр гайхуулж амьдрах хэрэгтэй. Тэдэн дунд мундаг хөдөлмөрч эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэй хүн айл гэрийн сайн эзэгтэй, сайн ээж, сайн хань байх ёстой гэсэн үзэл байдаг учраас гэр бүлээ зохиохоосоо өмнө хайр сэтгэлээр санаандгүй учирсан хүмүүс олон нийтэд гэмтэй харагдах нь бий. Зарим хэл амыг би зүгээр л атаархал гэж боддог. Эмэгтэй хүн ингэж хичээж биеэ сайхан авч явж, нэр алдарт хүрсэн юм чинь амьдралаа авч явж чадахгүй зүгээр нэг гудамжны хүнтэй очоод гэрлэчихвэл харамсалтай биз дээ? Тэр эмэгтэйг илүү гоё байлгаж чадах хүн хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрөөсөө илүү арчаатай, ажил төрөл, бизнестээ амжилттай яваа чадвартай эрэгтэй хүнийг сонгох нь зөв гэж боддог. Тийм сайхан эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд ч, зан аашийн хувьд ч тогтвор суурьшилтай болчихсон эрчүүд авч явж чадна. Түүнээс биш өөрийгөө яая гэж байгаа хэн нэгэн бол чадахгүй. Ханилах заяа ч байхгүй. Харин юу нь буруу вэ гэхээр ингэлээ гээд хамаа замбараагүй байж болохгүй. 


YOLOТа багадаа “Хүүхдийн ордон”-д дугуйланд явж, дуулж, бүжиглэж, жүжиглэдэг, урлагт хайртай хүүхэд байсан. Тийм атал яагаад бизнесийн чиглэлийн мэргэжлийг сонгосон юм бэ?

- Анх мэргэжлээ сонгохдоо бизнесийн болон урлагийн олон хүнтэй уулзаж байсан. Яагаад бизнесийн салбарт орсон бэ гэхээр тухайн үед “Өө зүгээр модель юм уу? Урлагийн хэдэн хоосон толгойнууд, мөнгөгүй бацаан нар” гэж ярьдаг байсан. Тэгээд миний шар хөдөлсөн л дөө. Энэ хүмүүс хүний хийж чадахгүйг хийчихсэн юм шиг ямар муухай ярьдаг юм бэ гэж бодон 1 жил 6 сарын хугацаанд моделиор ажиллаад түүнээс хойш олон жил модель хийгээгүй. Ингэж явж байгаад шууд гарааны бизнест орсон. Эргээд харахад нийт 37 орчим бизнес хийж үзсэн байна. Мэдээж олон удаа бүтэлгүйтсэн, “шатсан”. Тэднээсээ суралцаад одоо өөрийн дуртай зүйлээ хийж байна. Хөгжмийн найруулагч, дуучин Накитай хамтран өсвөр насныханд зориулаад энтертайнмэнт боловсрол олгож, шинэ үеэ зөв төлөвшүүлэхийн төлөө “IGX” төсөл дээр ажиллаж байна. Уг төслийн хүрээнд ЕБС-уудаар явж сонгон шалгаруулалт хийж, лекц уншиж байгаа юм. Одоогоор 240 гаруй сургуулиас 50 гаруй сургууль дээр очихоор төлөвлөсөн. 

YOLOСонгон шалгаруулалт хийх сургуулиудаа яамар шалгуураар сонгосон бэ?

- Улсдаа эхний 50-д багтдаг тэргүүний сургуулиуд дээр очиж байгаа. Гэхдээ бусад сургуулиудаар нь гэсэн явна л даа. Эдгээр 50 сургуульд суралцдаггүй ч сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй байгаа сурагчид сонгон шалгаруулалт явагдаж буй сургууль дээр ирж оролцож болно. Мөн онлайнаар оролцох ч боломжтой. Нийт 240 гаруй сургууль дээр очиж амжихгүй шүү дээ. 


YOLO: “IGX” төслөөс гадна өөр ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

- “IGX” төслөөс дор хаяж 20-30 жилийн ирээдүйг харж байна. Үүний дараа шинэ смарт хот байгуулна гэж боддог. "Models.mn" нь инфлюенсер болон моделиудын дундах нэгдсэн мэдээлэл, менежментийн, "IRoom" нь энтертайнмент мэдээллийн сайт, "Monkey.mn" нь онлайн худалдааны платформ. Эдгээр ажлууд дээр илүү их төвлөрч ажиллаж байна даа.

YOLO“X tuts” продакшнд жүжигчнээр харьяалагдах гэж байна гэсэн мэдээлэл тарсан. Энэ үнэн үү?

- Тэр худлаа. Хуурамч мэдээллийн сайтууд тийм мэдээлэл гаргасан байсан. Тухайн продакшныхантай хамт “Хөөрхөн ээжтэй охин” УСК-д туслах дүрд тоглосон. Гэхдээ яг харьяалалтай жүжигчин нь юм шиг хамт байцгаадаг. Үнэхээр гоё хамт олон. Би их хайртай. Дараа дараагийн уран бүтээлд нь ч хамтарч ажиллана байх гэж найдаж байна.


YOLOЗарим хүмүүс “Хэн ч чамайг төгс болохыг хүлээхгүй. Одоо эхэл” гэдэг бол зарим нь “Чи бусдын удирдлагад ажиллаж үзээгүй бол бусдыг удирдаж чадахгүй. Хүлээх хэрэгтэй” гэдэг. Олон бизнес эхлүүлж, алдаж онож явсан хүний хувьд энэ тал дээр үзэл бодлоо хуваалцаач.

- Аль аль нь л зөв. Хүний удирдлагад ажиллаж байгаад бизнесээ эхлүүлж амжилтад хүрсэн хүн олон бий. Шууд өөрөө эхэлнэ гэвэл бас их алдана л даа. Гэхдээ туршлага хуримтлуулсан байсан ч ялгаагүй алдана. Өөрийн биеэр ямар нэгэн зүйлийг удирдаж авч явна гэдэг их хэцүү. Байгууллагад ажиллахад өөрийн төслөө танилцуулж түүнийгээ батлуулаад цаанаасаа санхүүжилтээ аваад, яаж энэ мөнгийг олох уу гэж бодохгүй их амар. Яг өөрөө эхлүүлээд хүмүүсээ удирдаж, маркетинг менежментээ хийж, урсгал зардлаа нөхөж явна гэдэг хэцүү. Ажилчдаасаа илүү их ажиллаж байж бизнесээ авч явна. Мөн зардал их өндөр. Миний хувьд том компанид ажиллаж үзээгүй. Өөрөө бизнесээ хийж эхэлсэн. 13 настайгаасаа барилга дээр ажиллаж, зөөгч, бармен, харуулаар ажиллаж байсан тийм л туршлага бий. Яг одоо бол би ямар нэг компанид ажилтнаар ороод ажиллана гэж байхгүй. Өөрөө удирдах албан тушаалтны ажил хийж яваа хүн дахиад өөр компанийн гүйцэтгэх албан тушаалд очиж ажиллана гэж худлаа. Чиний хэлж байгаа хоёулаа зөв. Аль аль нь цаг хугацаа их орно. Бас нэг талаараа цаг хугацааг аль аль нь товчилж ч болно


YOLO: Та зөндөө олон бизнес хийж байсан туршлагатай. Тэр дундаас хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь “Гэрэлт гудамж” төсөл. Залуучууд энэ талаар ам сайтай байсан ч хаагдсан. Энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?

- “Гэрэлт гудамж” төслийг цуцлахад оршин суугчдын саналаас гадна улс төрийн асуудал байсан байх гэж боддог. Энэ төсөл бол хүмүүсийн хүсдэг байсан л зүйл шүү дээ. Хүмүүс их очдог байсан ч төлөвшөөгүй иргэд ирж бусниулдаг байсан уу гэвэл үнэн. Ариун цэврийн өрөө байгаад байхад мөнгөө төлж ордог хүн байдаггүй, хаана ч хамаагүй бие засчихдаг байсан. Нийгэм нь төлөвшөөгүй байхад “Гэрэлт гудамж” төслийн баг хамт олон руу буруу өгч болохгүй. Хийж байж л хүмүүст мэдрүүлнэ. Энэ төсөл цааш үргэлжилсэн бол хүмүүс жил ирэх тусам ингэж болохгүй юм байна гэж төлөвших байсан юм. Төлөвшихийг нь хүлээх юм бол гэрэлт гудамжийг хэзээ ч гаргаж ирсэн тэр хүмүүс анх удаа л тэр зүйлийг харж байгаа юм чинь адилхан л үйлдэл гаргана. Аль болох эрт хийж он удаан жил харуулж сурталчилж байж тэр хүмүүс төлөвшинө. “Гэрэлт гудамж” орон сууц дунд байсан. Хүмүүсийн шуугиан, дуу хөгжим байсан нь үнэн. Гэхдээ яг гэрэлт гудамжны хувьд томоохон концерт болоход л дуу чимээ их гардаг байсан. Өдөр тутмын үйл ажиллагаанд бол тийм том дуу өсгөгч дуугарч оршин суугчдыг унтуулахгүй байна гэж байхгүй. Учир нь гэрэлт гудамжны дуу өсгөгч 10-15 метрийн радиуст л дуугардаг. Улмаар бид тухайн гомдлыг авч хэлэлцээд том үйл ажиллагаа зохион байгуулахаа больсон. Гэхдээ л хаагдчихсан. Би дараа дараагийн удаа төрөөс хамааралгүй өөр шинэ гудамж нээнэ гэж боддог. Жишээ нь "Shopping street". Уг нь уг төслийг эхлүүлсэн шалтгаан нь жуулчдаас нийслэлдээ мөнгө үлдээх байсан. Жуулчид ирээд шууд хөдөө явчихдаг. Хотод ирээд зорих шөнийн гудамж гэж байдаггүй. Төсөлд оруулсан 1 тэрбум таван зуун мянган төгрөгийг нэг жилийн дотор л нөхсөн. 300-400 мянган жуулчин хэлбэлздэг манай улсад нэг жуулчин 10 доллар үлдээхэд л нэг зуны хугацаанд 4 сая доллар олно. Үүний хэрээр 5000 гаруй ажлын байр бүрдэж, олон аж ахуйн нэгж, ар гэр орлоготой байсан. Жуулчид ч гэсэн Улаанбаатар хотыг өөрөөр харах боломжтой болсон. Харанхуй гудамж гэрэлтэй болсноор архидан согтуурал багасаж Сүхбаатар дүүргийн гэмт хэргийн тоо 60 хувиар буурсан. Миний хувьд уг гудамжаа дүүрэг болгонд хийх төлөвлөгөөтэй байсан. 


YOLOЗалуу хүн үргэлж суралцах хэрэгтэй. Шинээр сурахаар төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

- Би хөгжмийн зэмсгүүд тоглож суръя гэж бодож байна. Төгөлдөр хуур, гитар, бөмбөр гурав тоглож сурна. Хэл бол мэдээж нэгдүгээрт. Доод тал нь таван улсын хэлтэй болно. Мастерийн зэргээ удахгүй хамгаалъя гэж бодож байна. Мөн IT болон сансар огторгуйг их сонирхох болсон. Энэ тал дээр өөрийн мэдлэгийг нэмэх зорилгоо судалгаа хийж эхэлнэ.

YOLOӨөрийг чинь хүмүүс байнга инээчихсэн явж байдгаар нь сайн мэддэг. Бараг уурладаг болов уу гэж харагддаг. Ер нь уурласан үедээ хэрхэн уураа барьж, сэтгэл хөдлөлөө хянадаг вэ?

- Би уг нь их уурлаж бухимддаг. Гаднаа тэрийгээ ерөөсөө гаргадаггүй. Уурласнаараа өөрийгөө муухай харагдуулж, хүмүүсийг эвгүй байдалд оруулна. Аль болох инээхийг боддог. Миний стресс, миний асуудал бол миний л асуудал. Миний ууранд хэн нэгэн хохирох ёсгүй. Нэгэнт шийдэгдэх асуудал бол стрессдээд байх хэрэггүй. Мөн шийдэгдэхээргүй асуудал байвал бас стресстээд нэмэргүй.


YOLOШидэт бирд гарч ирээд нэг хүслийг тань биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?

- Байнга гарч ирж магадгүй долоон хоногт нэг удаа гарч ирж нэг хүсэл биелүүлж байгаарай гэж хэлэх байсан. Тэгээд л болоо шүү дээ /инээв/.

YOLOЯрилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

- Хүн хөдөлмөрч, тууштай байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн ерөөсөө л хүн байх хэрэгтэй. Бие биедээ тусалж байгаарай. Хэт ашиг харсан зүйл үр дүнгээ өгдөггүй. Өөрийн дотоод сэтгэлээ дагаж дуртай зүйлээ хийгээрэй. Нэгнийгээ муугаар хэлж атаархах хэрэггүй. Гэхдээ өрсөлдөх хэрэгтэй. Өрсөлдөөн байж байж илүү үр дүн гарна. Хүн хүүхэдтэй болохоороо дараа үе маань ямар нийгэмд яаж амьдарна даа гэж их боддог юм билээ. Иймээс ч “IGX” төслөө санаачилсан. Одоо байгаа нийгэмд би юу ч яриад нэмэргүй. Хүлээж авахаасаа илүүтэй үгүйсгэх нь олон байна. Иймээс би дараа үедээ хандсан зүйлс ихийг хийнэ гэж боддог. Уншигчдадаа хандаж хэлэхэд “хүн” л байгаарай гэж захья.

#Ярилцлага #Загвар өмсөгч