Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?


Э.Онон | YOLO.MN
2020-01-27

Хятадын Ухань хотоос үүдэлтэй коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байна. 

Амны хаалт нь ханиаж, найтаах зэргээр хүнээс хүнд амьсгалын замын вирус дамжих эрсдэлийг бууруулахад хувь нэмэртэй. Гэхдээ агаарт тархсан бактери, вирусээс хамгаалахад үр нөлөө багатай гэж Лондоны их сургуулийн доктор Девид Каррингтон “BBC”-д ярьжээ.   

Харин “Iowa” их сургуулийн профессор Станли Перлман нэг удаагийн амны хаалт нь коронавирусийн халдвараас баталгаатай урьдчилан сэргийлж чадахгүй гэдгийг онцлов. Үүний оронд гараа тогтмол угаах, нүүр амандаа хүрэхгүй байх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байх нь илүү үр дүнтэй хэмээн судлаачид үзэж байна.  

Коронавирусийн халдвар авсан хүмүүстэй ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын хувьд N95 амны хаалтыг зүүх шаардлагатай юм байна. Энэ төрлийн маск нь өндөр хамгаалалттай төдийгүй бохирдлын 95 хувийг шүүдэг гэдгийг “Emory” анагаахын их сургуулийн профессор Марибет Сектон “Washington Post”-д ярьжээ. N95 нь агаарт байгаа жижиг тоосонцруудыг шүүдэг гэдгээрээ энгийн амны хаалтнаас ялгаатай. 

АМНЫ ХААЛТ ЗҮҮХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ?

Нэг удаагийн амны хаалт нь амьсгалын замын вирусийн тархалтаас сэргийлэх бөгөөд олон нийт ашиглахад илүү тохиромжтой. Гэхдээ зөв хэрэглэхгүй бол ямар ч үр нөлөөгүй гэдгийг судлаачид анхааруулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаач Сето Винг Хонг зөвлөж байна.  

Амны хаалтыг зөв талаар нь зүүх. Гадна талд нь цэнхэр дотор талд нь цагаан тал буюу шингээгч гадаргуутай байх         
Амны хаалтыг зүүхдээ хамраа таглах   
Хүнтэй ярихдаа амны хаалтаа авахгүй байх   
Тогтмол солих  /Өдөрт 1-2/
Тайлахдаа гараа бохирдолтой хэсэгт хүргэхгүйгээр хаях  
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
✅ Мах, өндгийг гүйцэд болгож идэх;
✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
✅ Түүхий ус уухгүй байх;
✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;
✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: BBC, Straits times, NPR

#вирус, #амны хаалт