Бид гэрт хуримтлагдсан хог шорооноос гадна хогийн шүүрээр шүүрдэхэд хэцүү зүйлсийг тоос сорогчоор соруулдаг. Гэвч та дараах зүйлсийг тоос сорогчоор соруулбал тоос сорогч тань тийм ч удаан наслахгүй л болов уу?
КОФЕНЫ ШААР
Та санамсаргүй байдлаар кофеныхоо шаарыг хаях гэж байгаад газар асгачихлаа гэж бодъё. Та хогийн шүүрээр шүүрдэх үү? Аль эсвэл тоос сорогчоор соруулах уу?
Ихэнх хүмүүс шуудхан л тоос сорогчоор соруулах байх. Гэвч энэ тохиолдолд тоос сорогчны хогийн саванд хөгц үүсэх аюултай. Чанасан кофеноос үлдсэн шаар нойтон, чийглэг байдаг. Тэгвэл энэ нь тоос сорогч дотор орсон тохиолдолд хогийн уутных нь хананд маш амархан наалддаг тул дараа нь доторхыг нь цэвэрлэнэ гэдэг маш хэцүү ажил болно.
Мөн хуурай кофе, какао, гурил зэрэг нунтаг зүйлс тоос сорогчны шүүлтүүрийг хааж бөглөдөг. Улмаар хөдөлгүүрийг ажиллагаагүй болгох хүртэл эрсдэлийг дагуулдаг байна.
УРГАМЛЫН ХӨРС, ШОРОО
Ургамлынхаа хөрсийг солих эсвэл санамсаргүй унагаад хагалах үед шороо нь хивс, шалан дээр асгарсан тохиолдолд та шуудхан л тоос соруулагчаар соруулаад авчихдаг уу? Мэдээж шүүрээр шүүрдэхэд өмнө байсан шигээ цэвэрхэн үлддэггүй, хивсэн дээр асгарсан бол шүүрдэх боломжгүй шүү дээ.
Тэгвэл хуурай хөрс, ургамал нь тоос сорогч дотор орсон тохиолдолд шүүлтүүрийг хаах аюултай. Харин нойтон хөрсийг соруулсан бол тоос сорогчны хөдөлгүүрийг норгож техникийн асуудал үүсгэх аюултай байна.
ҮС
Тоос соруулж байхдаа үсийг соруулахгүй өнгөрнө гэдэг хэцүү шүү дээ. Зарим хүмүүс бараг л тэжээвэр амьтныхаа үсийг соруулах гэж л тоос соруулагч ашигладаг байх. Тэгвэл тоос сорогчны хогийн уутанд хэт их үс ноос хуримтлагдсанаар шүүлтүүрийг хааж хог сорох хүчийг сулруулдаг сул талтай.
Мэдээж үс соруулахгүй байх нь хэцүү тул та долоо хоногт 1 удаа, эсвэл хагас сард 1 удаа тоос сорогчоо задалж, хогийн савыг нь цэвэрлэж хэвшээрэй.
ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
Нунтаг пудр, гэрэл сүүдэр зэрэг хуурай төлөвтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь хэт халуун температурт хайлж, тос, шингэн болон хувирдаг бодис агуулсан байдаг.
Эдгээр бүтээгдэхүүнүүд тоос сорогчин дотор орж хайлснаар тоос сорогчийн механик эд анги, шүүлтүүрийг бөглөх аюултай тул эдгээр бүтээгдэхүүнүүдийг тоос сорогчны хамгийн том дайсан гэж үздэг.
Гоо сайхны бүтээгдэхүүнийг соруулаад уг бүтээгдэхүүн нь нэгэнт хайлаад эд ангиудыг гэмтээчихсэн бол цэвэрлэх боломжгүй бөгөөд тоос сорогчоо бүтнээр нь эсвэл шүүлтүүрээ шинээр худалдан авах шаардлагатай болно.
ЦАХИЛГААНЫ УТАС
Разетка, уртасгагч зэрэг цахилгааны утастай холбогдсон хэсгүүд дээр тогтсон тоос, үс зэргийг тоос сорогчийн тусламжтайгаар цэвэрлэх нь хялбар мэт санагдаж магадгүй. Гэвч тоос сорогч хэт өндөр хүчээр аливаа зүйлийг соруулах чадалтай байдаг тул цахилгааны утсыг гэмтээж, улмаар тогонд цохиулах аюултай байдаг. Тиймээс цахилгааны утсан дээрх бохирдлыг алчуураар арчин авах нь хамгийн тохиромжтой арга юм.
НОЙТОН ШАЛ
Тоос соруулж байх явцад шалан дээр ус асгарсан бол тойруулаад соруулаарай. Учир нь нойтон шал, нойтон хивсийг тоос сорогчоор соруулснаар тогонд цохиулах аюултай байдаг.
Бага хэмжээний ус ороход тогонд цохиулах аюул үүсэхгүй ч сорох хоолойгоор орсон тохиолдолд тоостой холилдож, муухай үнэр гарч, шүүлтүүрийг бөглөх эрсдэлтэй.
ШИЛНИЙ ЖИЖИГ ХЭСГҮҮД
Шилэн эдлэл хагарахад том хэсгүүдийг нь хогийн шүүрээр түүж, нүдэнд харагдахгүй үлдсэн хэсгүүдийг тоос сорогчоор соруулдаг уу? Зарчмын хувьд зөв л дөө. Гэвч шилний жижиг хэсгүүд сорогдох явцдаа тоос сорогчны хогийн уутыг урж гэмтээх тохиолдол бий.
Илт мэдэгдэхүйц том хэмжээгээр урж чадахгүй ч багахан цоорхой гарсан тохиолдолд л соруулсан хогоо буцаагаад гаргаад байна гэсэн үг юм. Тиймээс та хагарсан шилийг соруулсан бол шүүлтүүр, хогийн уут зэргийг нь сольж, цэвэрлэж хэвшээрэй.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх