Н. Мөнхмарал: Галзуу үйлдэл хийдэг залуу сонирхдог, гэхдээ Ганга шиг биш


Б.Мишээл | YOLO.MN
2020-01-10

Yolo.mn сайт энэ удаагийн дугаараараа “Намайг сонгооч” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарын оролцогч Н. Мөнхмаралыг урьж ярилцлаа. "Comedy Lab" клубийн комедиан Д. Ганга уг нэвтрүүлэгт оролцох үеэрээ түүнийг дэгээдэж унагаад цасаар угаасан нь олны дунд ихээхэн шуугиан тариад байсан билээ. Тэгвэл энэхүү үйл явдал Н. Мөнхмаралд маань хэрхэн санагдсан болон түүнтэй хувь хүн талаас нь ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу. 

YOLOYolo.mn нь өсвөр насныхан болон залууст зориулсан сайт билээ. Тиймээс ярилцлагаа таны өсвөр нас хэрхэн өнгөрсөн талаар эхлүүлье гэж бодлоо. Та өсвөр насандаа ямархуу хүүхэд байсан бэ? 

Сайн байцгаана уу? Намайг Н. Мөнхмарал гэдэг. Би 24 настай. Багадаа жоохон эршүүд хүүхэд байсан. Улсын сургуульд сурч байгаад 9-р ангидаа хувийн сургууль руу шилжсэн. Ингээд л их зүйл өөрчлөгдсөн дөө. Япон улсын соёлыг их сонирхдог байсан учраас хувийн сургуульд анхан шатны япон хэлний мэдлэгтэй болоод 10-р ангидаа Япон улсад сурагч солилцоогоор суралцаж байсан. Тэнд хэдхэн хоног л суралцсан хэдий ч “анх удаа” гэх тодотголтой гоё гоё мэдрэмжүүдийг авсан. Тэр үеэс л япон соёлыг бие даан судлах болсон доо.


YOLOТа ямар мэргэжилтэй вэ? Мэргэжлээ хэрхэн сонгож байсан бэ?

Би тагнуулч, мөрдөгч болох мөрөөдөлтэй байсан. Одоо ч хүсдэг. /инээв/ Гэхдээ математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг байсан болоод ч тэр үү, СЭЗИС-д банкны чиглэлийн мэргэжилтэй болно гэж шийдсэн байсан. Тэгээд л ЭЕШ-аа өгөөд оноогоо харсан чинь СЭЗИС-д орох боломжтой байсан ч ээж аавтайгаа ч ярилцаж зөвлөлдөлгүйгээр МУИС-ийн япон хэлний ангийг сонгочихсон. Сургуульдаа хагас семестрийн хугацаатай суралцсаны дараа Япон улсад суралцах хэрэгтэй юм байна гэж үзээд Япон улсад суралцахаар болсон. Хэдийгээр хэлний коллежид 2,5 жил суралцах ёстой байсан ч хичээсээр байгаад 1,5 жил суралцаад Монголдоо ирсэн. Гэхдээ мэргэжлээрээ ажилладаггүй. Буцаж ирээд Монголдоо маркетингийн чиглэлээр 1 жилийн хугацаанд суралцаад энэ чиглэлээр ажлын санал ирсэн учир сүүлийн 11 сарын хугацаанд тууштай ажиллаж байна даа. Үүнийхээ хажуугаар нүүр будалт хийж, хэд хэдэн зураг авалтад оролцож, кинонд дүрээ мөнхлөөд амжсан.


YOLOОюутан цагаа Япон улсад өнгөрүүлсэн юм байна. Япон улс Монгол улсаас юугаараа өөр байв? Хэцүү үе байсан уу?

Маш их цагийг найзуудтайгаа зугаатай өнгөрүүлнэ, багшийгаа загнахад айна, хонхны баяраа тэмдэглэнэ гээд л Монгол оюутнуудын бичсэн нийтлэлүүдийг уншиж байхад тэр нь их хөгжилтэй, дурсамжтай санагддаг учраас Монголд оюутан байж үзмээр байдаг. Боловсролын систем нь Монголынхоос тэс өөр л дөө. Шалгалтын оноогоор биш ирцийн оноогоор дүн гаргадаг. Ирц 95 хувиас дээш байж тэнцэнэ гэсэн үг. Хүний нутагт хамгийн хэцүү зүйл нь өвдөх шүү дээ. Яаж ч өвдсөн хичээлдээ очихгүй л бол болохгүй. Гэхдээ үүнийг нэг их хэцүү зүйл гэж хүлээж аваагүй. Учир нь би япон улсын соёл болон аливаа зүйлд нь суралцах дуртай болохоор нэг их ач холбогдол өгөөгүй юм. Дуртай болохоор сайн сураад тэр хэмжээгээрээ хүмүүст хүндлэгдээд “Монголоос ирсэн хамгийн сайн оюутан” гэж хэлүүлж ч байсан. Хүндрэлтэй зүйл гэвэл өвдөхөөс бусад нь гайгүй.


YOLOЯпон улсаас сурч болохоор зүйлс юу байсан бэ?

- “Цаг бол алт” гэдгийг япон хүмүүсээс мэдэрч болно. Та хэн нэгэнтэй 14 цагт уулзана шүү гэж тохирсон л бол яг л 14 цагт уулздаг. Энэ соёл нь их таалагдсан. Мөн монголчууд сэтгэл хөдлөлөө ил гаргаж, аливаа зүйлийг сэтгэлийн хөөрлөөрөө шийддэг. Энэ нь аливаа асуудлыг буруугаар шийдвэрлэх эрсдэлтэй. Харин япон хүмүүс сэтгэл хөдлөлөө маш тэнцвэртэй байлгаж чаддаг. Мөн япон хүүхдүүд 18 нас хүрмэгцээ биеэ дааж эцэг эхийн хараа хяналтаас гардаг. Цагийн ажил олдоц ихтэй байдаг учраас цагийн ажил хийчихнэ. Иймээс л Япон улс өндөр хөгжилтэй байдаг байх. Бас тэнд ямар ч хувцас өмссөн хүмүүс муу хэлдэггүй нь өөрийнхөөрөө байх боломжийг олгодог. 


YOLOМууранд их хайртай гэсэн. Анх муур тэжээх болсон шалтгаан нь юу вэ? Монголчууд мууранд тийм ч ээлтэй хүмүүс биш шүү дээ. Жишээлбэл хар муур урдуур нь өнгөрвөл муу ёр гэж үзэх ч тохиолдол бий. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

- Би уг нь анх нохойд их хайртай ч муурнаас айдаг төрлийн хүн байсан. Манай аав ээж хоёр ч хатуу чанга хүмүүс учир амьтан тэжээлгэхгүй байх гээд асууж ч зүрхэлдэггүй байсан. Гэтэл нэг өдөр үхэр зусаг тэжээж болох уу гээд асуутал “Тэрний оронд муур тэжээсэн нь дээр” гэж хэлсэн. Тэгээд л муур тэжээхээр болсон доо. Эхлээд гадуур яваад тэжээх муураа хайж байсан чинь ээж маань “Нэгэнт л муур тэжээх гэж байгаа юм чинь сайн үүлдрийн муур тэжээсэн нь дээр” гэсэн. Тэр үед манай Оросод байсан найз муур зардаг хүнтэй холбож өгөөд интернетээр зургийг нь хараад муураа сонгож байлаа. Анхандаа айж байсан ч одоо бол манай гэр бүлийн нэг гишүүн болсон. Хүмүүс муурны талаар сайнтай муутай их олон зүйлс ярьдаг. Гэхдээ амьтан бол амьтан шүү дээ. Бид тэдний бодлыг унших боломжгүй учраас хүмүүсийн хэлдэг муу зүйлсэд итгэдэггүй. Гэхдээ муур хүний бодлыг уншиж чаддаг юм шиг мэдрэгддэг. Эзэндээ их ээлтэй амьтан.


YOLOХэрхэн косплей хийдэг вэ? 

Өдийг хүртэл бүтээсэн дүрүүдээ эргээд харахад дүрдээ хувирахын тулд дандаа гарын доорх материалаар бэлтгэлээ хийсэн байна. Гэртээ зургаа авна, жижиг деталиудыг өөрийн гараар хийнэ гэх мэт. Аль болох мөнгө үрэхгүйгээр "өөрийнхөөрөө" хувирдаг. Бас заавал анимийн дүр гэхгүйгээр гадаад кино, хүүхэлдэйн киноны дүрээр косплей хийдэг. Косплей хийхдээ тухайн дүрээ тэр чигээр нь дуурайхаас илүүтэйгээр өөрийнхөө хэв маягийг тухайн дуурайх гэж байгаа дүртэйгээ уусгахыг илүүд үздэг. Одооноос эхлээд харин анимэ тал руу чиглэсэн дүрд хувирна гэж бодож байна. 

YOLOКосплей хийх дүрүүдээ хэрхэн сонгодог вэ?

Дүрүүдээ сонгохдоо одоо үед хит болж байгаа, хүмүүсийн сайн мэддэг бүтээлээс сонгодог. Хүмүүсийн санал болгосон дүрүүдийг бас бодолцож үзнэ ээ. Одооноос эрчимтэйгээр косплей хийе гэж төлөвлөж байна. Илүү чанартай гоё косплей хийхийн тулд линз, хиймэл үс зэргийг захиалчихсан байгаа.

Hinata Hyuga /"Naruto" анимийн дүр/

Violet Beauregarde /"Charlie and the Chocolate Factory" киноны дүр/

Coraline /"Coraline" киноны дүр/

Jessica Rabbit /"Who Framed Roger Rabbit" хүүхэлдэйн дүр"

YOLOХэр урт хугацааны турш анимэ үзэж байгаа вэ? Манай үзэгчдэд зориулан “Заавал үзэх 5 анимэ” жагсаалт гаргаж өгөхгүй юу?

- Анимэ үзээд 9 жил болж байна. Үзэж эхлэхээсээ өмнө тухайн анимийн зураглал гэхээсээ илүү зохиолыг нь хардаг. 
"Clannad", "Clannad After Story" – Энэхүү анимэд ахлах сургуулийн сурагч нарын амьдралын тухай үйл явдал өрнөдөг. Хүнд их зүйл бодогдуулах анимэ бөгөөд миний хамгийн их уйлж байсан нь энэ. 
"Nana" - Ерөнхийдөө хөгжим, урлагтай холбоотой анимэ бөгөөд “жоохон” хүнд сэдвүүдийг хөндсөн. 
"Haikyu" - Спортын төрлийн анимууд хүнд маш их эрч хүч, урам зориг өгдөг. Та заавал тухайн спортоор хичээллэхгүй байсан ч дуртай зүйлээ олоход тань тусалдаг юм шиг санагддаг. 
"Kimetsu ni yaiba" – Хэдийгээр хүний цусаар хооллодог чөтгөрүүдийн тухай буюу хийсвэр мэт сэдвийн анимэ ч хүнд ойлгуулахаар маш олон зүйлс гардаг. Би энэ анимийг бараг уулзсан бүх хүндээ үзээрэй гээд зөвлөж байгаа. Дараагийн косплей дүрээ бүр энэхүү анимийн нэг дүрээр хийх гээд төлөвлөчихсөн. 
"Bakuman" - Анимэ, манга хийдэг хүмүүсийн тухай гардаг анимэ л дээ. Энэ анимийн зохиолыг бичиж гаргасан хүн өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэж ярьдаг юм.


YOLOСүүлд “Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцсон. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

Би ууг нь иймэрхүү нэвтрүүлэгт орохгүй гэж боддог байсан юм. Нэвтрүүлэгт орж олны анхаарлыг татахгүйгээр өөрийнхөө хүчээр танигдах юмсан гэж боддог байсан. Тэгсэн Монгол телевизээс надтай холбогдоод төлөвлөгөөгөө маш сонирхол татахуйц тайлбарласан болохоор сонирхолдоо хөтлөгдөөд оролцсон. Гангыг сонгочхоод бидний болзоо ямар байх бол, яах бол гэж их бодсон. Бид 2 романтик биш хөгжилтэй хүмүүс. Бас би нэвтрүүлэгт орохоос өмнө Гангыг таньдаг байсан. Танихгүй хүнтэйгээ болзоонд явсан бол их догдлох байсан байх. Тэгээд Ганга бид 2 романтик байж чадахгүйгээс хойш хөгжилтэй байцгаая гэж ярьсан юм. Анх цасаар байлдана гэж бодсоноос барилдана гэж бодоогүй /инээв/. Би тоглоомоор очоод л унагаагаад л бас намайг цасаар угаагаад их хөгжилтэй байсан. Би өөрөө их дэггүй учраас чарганы ард зогсоод явъя гээд хэлчихсэн юм. Тэгсэн хүмүүс үүнийг мэдэхгүй Ганга руу дайраад байсан. Гэхдээ шинэ жилийн үдэш хүмүүст инээд бэлэглэсэндээ баяртай байгаа.


YOLOГанга дараа нь уучлалт гуйсан уу?

- Дараа нь намайг “Comedy lab” клубдээ урьсан. Тэгээд намайг тайзан дээр гаргаж ирээд сэтгэгдэл асуугаад, уучлалт гуйж төмс хүртэл бэлэглэсэн. /инээв/ Мөн Ганга өөрөө үүнийг хүндээр хүлээж авахгүй байгаа нь их таалагдсан. Бүх зүйлсийг инээдэм болгоод сторидоо хийгээд л, хөгжилтэй маягаар хүлээж авч байгаа нь гоё.

YOLOОдоо найз залуутай юу ?

- Байхгүй.

YOLOТэгвэл ямар залуу сонирхдог вэ ?

- Зан аашийн хувьд хамт байхдаа галзуу үйлдэл хийж чаддаг хүн таалагддаг. Гэхдээ Ганга шиг биш /инээв/. Маш сайн ярилцаж чаддаг хүн таалагддаг, ингэе тэгье гээд ярилцаж ойлголцдог, нарийн зүйлээ ч бас нуулгүйгээр ярилцдаг, миний хийж байгаа үйлдлээс ичдэггүй, урлагийн талын мэдрэмжтэй, хүүхэд болон амьтанд хайртай хүн таалагддаг. Тэрнээс биш тодорхойгүй, яах гээд байгаа нь ойлгомжгүй хүмүүс, ямар нэг дуу сонсголоо гэхэд тэр дууг гүйцэд сонсдоггүй юм уу, миний ямар дуу сонсох дуртайг асуудаггүй хүнд дургүй.


YOLOЧөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ? 

Өөрийгөө дахин нээхийн тулд хийж чадах зүйлүүдээ бага багаар сайжруулж байгаа. Мөн цаашдаа нүүр будалтын чадвараа илүү сайжруулъя гэж бодож байна. Япон дуу дуулах дуртай. Бичлэг хийх боломжтой болохоороо япон дууг монгол хадмалтай гаргана гэж бодож байна. Анимаа үзээд, чөлөөт цагаараа зураг авалтад ороод явж байна даа.

YOLOОйрын зорилго, мөрөөдөл?

30 нас хүрэхэд 5 жил дутуу байна. Энэ хугацаанд гэр бүлтэй болно гэж бодож байна. Нөхөртэй болоод болж өгвөл хоёр хүүхэдтэй болно. Бас олон муур нохойтой болохыг хүсэж байгаа. Монголд гэхээсээ илүү Японд ажиллаж амьдарна. Бас гудамжны муур нохойд зориулсан жижигхэн төв, асрах газар нээх хүсэлтэй байна. Сайн дурын ажилд их цаг зарцуулахыг хүсэж байна.

YOLOБидний урилгыг хүлээн авч ярилцах цаг олгосон танд маш их баярлалаа.

Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Зургийг: Munh Maral болон Mongol HD Фэйсбүүк хуудсаас

#Намайг сонгооч