2020 ОН: Биелүүлж болохуйц, утга учиртай зорилт тавиарай


Э.Онон | YOLO.MN
2019-12-20

Нэгэн он улирч, шинэ жил ирэхэд хүн бүр л дор бүрнээ юу хийж бүтээснээ дүгнэж, ирэх жилээ төлөвлөдөг. Судалгаанаас үзэхэд шинэ оны зорилт тавьсан хүмүүсийн 80 орчим хувь нь эхний 6 долоо хоногтоо бүтэлгүйтдэг байна. Та тэдний нэг байх албагүй.  

Сэтгэл зүй эерэг, дэврүүн байгаа энэ үеийг ашиглаад амьдралаа улам сайжруулах төлөвлөгөө гаргаж, түүнийгээ эхлүүлэх л хэрэгтэй. Энэ үед итгэл үнэмшил нэмэгдэн, бүгдийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг нь хүний сэтгэл зүйн онцлог. Амьдралдаа тэсрэлт хийх эргэлтийн цэгийг эхлүүлэх ч юм билүү?  

Шинэ ур чадварт суралцах, эрүүл амьдралын хэв маягт шилжих, орлогоо өсгөх гээд ямар ч зорилт тавьж болно. Зан чанар, тогтсон дадал зуршлыг эвдэнэ гэдэг амаргүй зүйл. Гэхдээ хүчин чармайлт гаргаж байгаа цагт хариу нь хэзээ нэгэн цагт заавал ирнэ.

Зарим хүмүүс дараа нь өөрийгөө буруутгаж, харамсахаас эмээдэг болохоор юу ч төлөвлөдөггүй бол зарим нь үүнийг сэтгэл зүйн хөөрлөөр хийдэг үйлдэл гээд ач холбогдол өгдөггүй. Энэхүү нийтлэлийг өнгөрснийг сургамж гэж хүлээж аваад бүхнийг шинэ цаас шиг эхлүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүмүүст зориулж байна. Ирэх жилийн зорилтуудаа хэрхэн үр дүнтэй тавьж, биелүүлэхэд тань туслах зөвлөмжийг хүргэе. Хүссэндээ хүрч чаддаг цөөн хүмүүсийн нэг болоход бэлэн үү?  

ӨНГӨРСӨН ОНОО ДҮГНЭЖ, ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛАА ҮНЭЛ

Үнэхээр шинэ жилийн зорилт тавьж, түүндээ хүрье гэж шийдсэн бол та цаг гаргах ёстой. Эхлээд одоо байгаа нөхцөл байдлаа дүгнэн, нөөц бололцоогоо тооцоолж байж л шинэ зорилтуудыг дэвшүүлнэ. Өнгөрсөн жил юу хийж бүтээсэн, сэтгэл санаа ямар байсан, юу сурснаа дэлгэрэнгүй бичээрэй. Ингэхдээ доорх асуултуудыг асууж болно.  

Би юуг хамгийн сайн хийв? Өөрийнхөө хэмжээнд ямар ололт, амжилтыг гаргасан бэ?
Би юуг шинээр сурсан бэ?
Би юун дээр алдав? Юуг тааруу хийсэн бэ? Цаашид анхаарах зүйлс?
Амьдралд тань эерэг болон сөргөөр нөлөөлсөн оны онцлох үйл явдлууд юу байсан бэ?
Хамгийн мартагдашгүй, аз жаргалтай, дурсамжтай зүйл?
Нэгийг ухааруулсан, сургамжит үйл явдал юу байв?
Одоо амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? Үгүй бол яг юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
Өнгөрсөн жилийн өдийд төлөвлөсөн зүйлийнхээ хэдэн хувьд нь хүрсэн бэ? Биелүүлж чадаагүй бол шалтгааныг тодорхойлох хэрэгтэй. 
Амьдрал бол суралцахуйн нэр. Таныг өнгөрсөн жилийн өөртэйгөө харьцуулахад нэг алхам урагшилсан гэдэгт итгэлтэй байна.  Эдгээр асуултуудад чин үнэнээсээ хариулбал ирэх жилийн зорилтоо гаргахад илүү хялбар байх болно.

БИЕЛҮҮЛЖ БОЛОХУЙЦ, УТГА УЧИРТАЙ ЗОРИЛТ ТАВЬ

“FranklinCovey” цагийн менежментийн байгууллагын тооцоолсноор шинэ жилээр төлөвлөгөө гаргаж байгаа хүмүүс бодсон зүйлээ үсрээд л эхний хоёр сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлдэг байна. Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол сэтгэл хөдлөлдөө автаад хэтэрхий хэцүү, ерөнхий зорилт тавьчихдаг. Ингээд л олон дахин бүтэлгүйтдэг. Таны гаргах гэж байгаа зорилтууд маш ухаалаг байх хэрэгтэй. УХААЛАГ.

Тодорхой! Англи хэлээ сайжруулна, минимал амьдралын хэв маягт шилжинэ гээд хэн ч дэвтэр дээрээ бичиж чадна. Үүний оронд би өдөрт 5 англи үг цээжилж, хэрэггүй 3 эд зүйлээ гаргана гэх мэтээр тодорхой болго. Харвардын эрүүл мэндийн их сургуулийн судлаачид “Хэрэв зорилго тодорхой байвал хүрэх арга зам нь хялбар байдаг” хэмээн нэгэн өгүүлэлдээ бичжээ. Эхний алхмыг заавал зааж өгөөрэй.  
Хэмжигдэхүйц! Бүгдийг тоогоор нарийн хэмжихэд хэцүү ч “жин хасах, хадгаламжтай болох” гэх мэт зорилтуудыг хэмжиж болно. 
Бодитой! Хэтэрхий өргөн цар хүрээтэй, мөрөөдлийн төлөвлөгөө гаргачихвал түүндээ хүрч чадахгүй урам хугарч, өөртөө итгэлгүй болно. Сэтгэлийн хат чинь мохож үгүй болно. Биелүүлж болохуйц, бодитой зорилт тавь.
Хугацаа! Эцсийн хугацааг заахгүй л бол таны зорилт зүүд болон замхарч одно. Тиймээс сар бүр хийх зүйлсийнхээ явцыг хянаж, эцсийн хугацаа тавиарай. Тухайн жил дотроо хэрэгжүүлнэ гээд бодчихвол өөрийгөө хуурсан хэрэг болно.
 

ДАДАЛ ЗУРШЛЫН ХҮЧИЙГ АШИГЛА

Нэг өглөө босоод л бүх амьдралаа өөрчилчихнө гэж байхгүй. Ямар саад бэрхшээл гарч болохыг тооцоолох хэрэгтэй. Зорилтдоо хүрэх гол түлхүүр нь ердөө тууштай байдал, бас тодорхой нөхцөл юм шүү дээ. Энэ бүхнийг жилийн турш тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд сэтгэл зүйтэйгээ ажиллахын зэрэгцээ дадал зуршлын хүчийг ашигла.

Судалгаагаар амьдралдаа шинэ дадал зуршлыг бий болгохын тулд ойролцоогоор 18-254 өдрийг зарцуулдаг байна. Дэлхийн шилдэг их сургуулийн нэгд тооцогддог “Yale”-ийн сэтгэл зүйч Жон Барг өөрчлөлт гаргахын тулд хамгийн багадаа тасралтгүй нэг сар зуршлаа хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Бидний өдөрт хийж байгаа зүйлийн бараг 40 хувь нь үүнтэй холбоотой байдаг аж. Хэрэв та хортой дадал зуршлаасаа ангижрахыг хүсэж байвал Нью-Йорк Таймсын бестсэллэр Чарлес Духигийн “Power of Habit” номны зөвлөгөөг дагаарай. Уг номонд “дохио, тогтсон хэвшил, шагнал” гэсэн гурван үгээр зуршлыг тайлбарласан байдаг. Жишээ нь:

Муу зуршил: Би фэйсбүүкээ байнга шалгадаг.
Дохио: Ганцаардмал мэдрэмж төрдөг.
Тогтсон хэвшил: Би фэйсбүүкээ шалгадаг.
Шагнал: Хэн нэгэнтэй холбогдсон юм шиг мэдрэмж төрнө.
Алхам: Фэйсбүүк ашиглахын оронд босоод хэн нэгэнтэй ярилцах гэх мэтээр асуудлаа шийдэж болно.
Дохио, тогтсон хэвшил хоёр муу зуршлыг үүсгэдэг. Тэгэхээр та дохиогоо зөв тодорхойлж, түүний оронд тохирсон арга замыг ол. Бид шагналд улайрдаг. “Power of Habit” номонд “Жижиг амжилтууддаа анхаарал хандуулбал аажмаар амьдралдаа ахиц гаргаж чадна. Хэрэв та ямар нэгэн дадал зуршлыг өөртөө суулгаж байгаа бол зөвхөн ойрын хэдэн сар бус хэдэн жилээ төлөвлөж байна гэсэн үг” гэж бичсэн байдаг.

ХЭН Ч ТӨГС БИШ, ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙ

Таны замд таарах асуудлуудтай тэмцэх хамгийн шилдэг арга зам юу вэ? Эхлээд хэчнээн сайн төлөвлөсөн ч гэсэн өөрчлөлт авчрахын тулд маш их хүчин чармайлт гаргана гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэзээ ч өөрчлөгддөггүй нэгэн хэсгийг тань өөрчилж байгаатай адил мэдрэмж төрнө. Алхам алхмаар урагшил. Аялалдаа гарахаас өмнө сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай. Доорх байдлаар хүмүүс зорилтоосоо няцдаг.

Энэ дэндүү их юм. Би илүү ихийг хийх хэрэгтэй.

Төсөөлж байснаас бага ахиц гаргах нь сэтгэл хангалуун бус байдлыг авчирдаг. Бид өөрсдийн гаргасан жижиг амжилтууддаа талархаж сурах хэрэгтэй. Энэ нь том зорилгодоо хүрэхэд дэм болж, урам зориг өгдөг. Жишээ нь та 5 км гүйхээр шийдсэн байлаа гэж бодъё. Аль бодол нь таныг урагшаа тэмүүлэхэд дөхөм болох вэ?

  • Би 1 км гүйчихсэн. Дараагийн удаа 2 км гүйнэ.
  • Би 1 км гүйчихлээ. Дахиад 4 км гүйх үлдлээ.

Зоилтдоо хүрэх гэж хэр их замыг туулахдаа биш ямар зүйлийг бүтээж чадсан гэдэгтээ анхаарлаа төвлөрүүл.

Би эерэг байхыг хичээж байгаа ч гэсэн бүх зүйл болохгүй байна.

Бүхнийг зөвхөн эерэгээр бодох нь хангалтгүй гэж Нью-Йоркийн их сургуулийн профессор, сэтгэл зүйч Габриел Оеттинген хэлжээ. Яг үнэндээ өөдрөг байх гэж хичээх нь таны араас чангааж байх магадлалтай.

Түүний хийсэн судалгаанаас үзэхэд ирээдүйн амжилтаа өөдрөгөөр төсөөлж, мөрөөдөлдөө хэт автах нь бодитойгоор зорилтоо хэрэгжүүлж эрч хүч, хүчин чармайлтаа бүрэн гаргахад саад болдог байна. Өөрөөр хэлбэл сэтгэл санаа, тархи нь амарчихдаг гэсэн үг. Өөдрөг байхыг хичээ. Гэхдээ бодитой. Та саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаа мэддэг байх хэрэгтэй. Доктор Оеттинген W.O.O.P техникийг санал болгожээ. Энэ нь хүсэл, үр дүн, бэрхшээл, төлөвлөгөө гэсэн 4 үгний товчлол юм.

  • Хүсэл- Та яг юу хүсэж байна вэ?
  • Үр дүн- Таны төгс төгөлдөр, мөрөөдлийн үр дүн юу вэ? Зорилгодоо хүрснээр таны амьдрал ямар болно гэж төсөөлж байна?
  • Бэрхшээл: Та өөрийгөө мэднэ. Юу таныг чангааж, зогсоодог вэ? Өмнө нь таны боломжийг хязгаарлаж байсан зүйлсийг нэрлэ.
  • Төлөвлөгөө: Хэрхэн зорилгодоо хүрэх вэ?
  • Хэн нэгэн саад болохооргүй газар суугаад, эдгээр асуултуудад хариулаарай. Гол асуудал нь бид энэ завгүй амьдралын хэмнэлд өөрсдөдөө цаг гаргадаггүйд байгаа юм.

Би гаднаас хэт их дарамт хүлээж аваад байна.

Та буруу шалтгаануудын улмаас өөрчлөгдөх гээд байгаагийн шинж тэмдэг юм. Үнэхээр энэ өөрчлөлтийг хиймээр байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай. Эсвэл хэн нэгний дарамт шахалтаар ингэх болсон уу?

Би алдаа гаргасан.

Хуучин амьдралын хэв маягтаа шилжих талаар битгий бод. Хэрвээ алдсан бол хамгийн эхэнд авах арга хэмжээ нь юу ч болоогүй юм шиг дүр үзүүлэх. Сөрөг сэтгэлгээг битгий суулга гэж “Power of Habit” номын зохиолч зөвлөжээ. Маргааш өглөө нь босоод дахиад эхлүүл.   

Хэрэв олон дахин бүтэлгүйтээд байвал өөрийгөө буруутгахын оронд ямар үйл явцаас болоод ахиц гарахгүй байгааг тодорхойлохыг хичээгээрэй. “Power of Habit” номонд тамхинаас олон удаа гарах гэж оролдсон залуугийн тухай түүх гардаг. Тэр тайвшрахын тулд тамхи татдаг байсан бөгөөд шалтгаанаа зөв тодорхойлж чаджээ. Эцэст нь бясалгал хийж, тайвширдаг болсноор хорт зуршлаасаа салж чадсан байна.

“Таны сонгосон арга зам амжилтад хүрэхгүй байх нь өөрсдийгөө буруутгах шалтгаан биш. Харин ч илүү их туршлагатай болж байгаагийн илрэл юм. Дараагийн удаа өмнөхөөсөө хамаагүй дээрдсэн байх учиртай” гэж уг номын зохиолч хэлжээ.

БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ, ДЭМЖЛЭГ АВ

Зорилтоо бусадтай хуваалцах нь зарим талаар үр дүнтэй байдаг. "Хүн нэрээ" гэдэг болохоор худалч болж хувирахыг хэн ч хүсэхгүй. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө төлөвлөгөөгөө хуваалцаж ам өгсөн ч болно шүү дээ. Ингэвэл өөртөө илүү хариуцлагатай хандана. Мөн цахим орчинд бусад хүмүүстэй хуваалцаж болно. Гэхдээ энэ илүү эрсдэлтэй алхам. Биелэлт боломжийн байвал өөрийгөө тухай бүрд нь урамшуулаарай.

2 ЭСВЭЛ 20 ДАХЬ ОРОЛДЛОГО БАЙСАН Ч ДАХИН ЭХЛҮҮЛЭХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙ

Юм гэдэг бодсон шиг хялбар биш. Бүтэлгүйтэх тохиолдол зөндөө л гардаг.Зорилтоо биелүүлэхийн хамгийн чухал хэсэг нь хийж гүйцэтгэх, түүнийгээ үргэлжлүүлэх явдал юм шүү. Англи хэлээ өдөрт 30 минут давтах зорилтоо 1 сар тасалдуулсан бол “Энэ арай дэндэнэ ээ. Одоо хийж эхэлье” гээд үргэлжлүүлдэг тийм сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Бас та ганцаараа биш гэдгийг сана. Бүгд л их, бага хэмжээгээр ийм мэдрэмж авдаг.

Гагцхүү бид яагаад шинэ жилийн зорилтоо биелүүлж чаддаггүйн учрыг судалж, эхнээсээ бодолтой байх нь зүйтэй. Эцэст нь сануулахад тухайн онд тавьсан зорилтоо сардаа нэг удаа харж, улирал тутамд цаг гарган өөртөө үнэлэлт дүгнэлт өгөөрэй. Ядаж сардаа нэг удаа юуны төлөө тэмцэж байгаагаа өөртөө сануулахгүйгээр түүндээ хүрнэ гэдэг үнэмшилгүй. Би чадсангүй биш алив ээ чадна гэсэн хандлагаар ирэх оноо угтаарай. Танд амжилт хүсье.

#зорилго