"GAP YEAR" ГЭЖ ЮУ ВЭ?
/GAP гэдэг нь зай, завсар гэсэн утгатай/
"Gap Year" гэдэг нь ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орох гэж буй сурагчид гурван сар болон түүнээс дээш хугацааг өөртөө зориулан цаг гарган зорилгоо тодорхойлох, их сургуулийн түвшинд бэлтгэх, өөрийгөө болон дэлхий ертөнцийг илүү ихээр танин мэдэх зорилгоор төлөвлөгөө гарган өөрсдийгөө дайчлан өнгөрөөдөг жил юм.
Жилийн чөлөө авах үзэгдэл нь АНУ, Их Британи, Австрали улсын сурагчид дунд түгээмэл байдаг бөгөөд жилийн чөлөө авч буй сурагчдыг сургууль болон эцэг эхийн зүгээс олон талаар дэмжлэг үзүүлэх нь нэмэгдсээр байна. Харин манай Монголд "Gap Year" авна гэвэл хүмүүс "Бүтэн нэг жил алдах гэж үү?" хэмээн гайхах нь элбэг. Гэвч "Gap Year" авсан хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал "жил алдах" гэхээс илүүтэйгээр "жил хожно" л гэсэн үг юм.
"GAP YEAR" АВДАГ ШАЛТГААН БОЛОН ДАВУУ ТАЛУУД
Ахлах сургуулиа төгсөөд гадаадад сурахаар шийдсэн сурагчид "Gap Year" авч шалгалтандаа сайн бэлдэх, өөрийн хүссэн сургуульдаа хүсэлт гаргасан ч тэнцээгүй тохиолдолд мөн ихэвчлэн өөрийн хүсэл сонирхолоо олоогүй, ямар мэргэжлээр суралцахаа мэдэхгүй сурагчид жилийн чөлөө авдаг.
Жишээлбэл, Бат энэ жил ахлах сургуулиа төгссөн бөгөөд ирээдүйд ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байсан учир "Gap Year" авахаар шийдсэн. Тэрээр урлагт сонирхолтой ч мөн авто механик сонирхдог байв. Нэг үгээр хэлвэл, Бат "Gap Year" авах хугацаандаа дуртай зүйлээ олж чадвал дургүй зүйлээ суралцах дөрвөн жилийг хожиж байна гэсэн үг юм.
Америкийн GAP холбооны судалгаагаар "Gap Year" авсан оюутнууд сурлагын хувьд илүү сайжирч, төгссөнийхөө дараа шууд ажлын байртай болох магадлал нь нэмэгдэж, мөн ирээдүйд юу хийхээ илүү сайн тодорхойлсон байдгийг олж тогтоожээ.
Хэрэв та ажил олгогч байсан бол яг адилхан сургууль төгссөн хоёр хүнээс шинийг эрэлхийлсэн, ажлын туршлагатай 23 настайг нь сонгох уу эсвэл сургуульд явахаас өөр зүйл хийгээгүй 22 настай ажилтныг сонгох уу? Тэгэхээр та "Gap Year" авах хугацаагаа ухаалгаар ашиглаж чадвал илүү ихийг хожих боломжтой.
Дараах судалгааг Америкийн GAP холбооноос гаргасан ба сурагчдын "Gap Year" авдаг шалтгаануудыг үзүүлэв.
Нийт судалгаанд оролцсон сурагчдын:
92% нь амьдралын туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх,
85% нь аялах, өөр орны соёлтой танилцах,
51% нь ирээдүйд юу суралцахыг хүсэж байгаагаа олж мэдэх,
48% нь сайн дурын ажил хийхийн тулд,
41% нь өөр орны хэл сурахын тулд,
29% нь ажлын туршлага хуримтлуулахын тулд,
11% нь бусад шалтгаанаар "Gap Year" авдаг гэж хариулжээ.
"GAP YEAR" АВСАН ХУГАЦААНДАА ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС
СУРАЛЦАХ
Сурч амжаагүй зүйлүүдээ сурч, дэлхийн шилдэг их сургуулиудаас санал болгож байгаа онлайн хичээлүүдийг сонирхоорой. Хэрэв онлайн хичээлүүд таньд тохирохгүй бол номын сан орж өөрийнхөө сонирхдог боловч өмнө нь цаг гаргаж чаддаггүй байсан сэдвээсээ эхлээд судлаарай. Эсвэл сонгодог зохиолуудыг ч уншиж болно. Мөн шалгалтууддаа бэлдэх, солилцооны хөтөлбөрт хамрагдах, өөр орны хэл сурах, зуны богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж болно.
ТАНИЛЫН ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭХ
Сайн дурын ажил хийснээр бусадтай харилцах ур чадвар тань нэмэгдэж, танилын хүрээгээ тэлэхэд тань тусална. Магадгүй өөр өөрийн түүхтэй, өөр өөрийн зан араншинтай хүмүүстэй нөхөрлөснөөр та тэднээс ихийг бүтээх урам зориг авч, шинэ зүйл хийж бүтээх сэдэл олж авах боломжтой. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө боломжийг өөрөө бий болго.
АЯЛАХ
Зарим сурагчид нэг жилийн хугацааг аялахад зарцуулдаг. Гадаад оронд аялах нь бусдын соёлтой танилцах, дэлхийн тухай илүү ихийг мэдэх мөн ертөнцийг өөр өнцгөөс харахад тусална.
ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ
Энэ бол маш их үнээр танд олдож байгаа цаг учир нэг ч гэлээ хормыг үр дүнтэй өнгөрөөхийг хичээж, аль болох эрт босож, олон ажил амжуулж сурах хэрэгтэй юм. Төлөвлөгөө гаргахдаа өөртөө хамгийн чухал гэсэн зүйлүүдээ эхлэн хийгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх