Та дэлхийг тойрон аялахыг хүсдэг үү? Эсвэл байр, машин, утас авахаар төлөвлөж байна уу? Энэ бүгдийг авахын тулд зайлшгүй хэрэгтэй зүйл бол мөнгө. Гэсэн ч хувийн санхүүгээ зөв захирч чадахгүй бол таны мөрөөдөл зүгээр л нэг “бодол” болоод үлдэнэ. Харин хэрхэн, яаж хуримтлуулах учраа олчихсон үед л “бодит” болно.
Бид бүгдээрээ л орлого зарлагаа хянах, дэлгүүрээс жагсаалтын дагуу худалдан авалт хийх ёстой талаар сонсож байсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч биднийг баян болгож чадахгүй. Тийм учраас та бүхэнд оновчтой худалдан авалт хийх, мөнгөө хэмнэх аргуудыг сонирхуулж байна.
1. ТӨСӨӨЛ
Ихэнх дэлгүүрүүд танд бүтээгдэхүүнээ харуулж, худалдан авах хүсэл төрүүлэхийн тулд хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнээ нүдэнд тусах газар байрлуулсан байдаг. Аятайхан хөгжим эгшиглүүлж, цонхон дээрээ “SALE” гэсэн бичиг нааж таныг татах болно. Гэхдээ ийм нөхцөлд та төсөөллөө ашиглаж зөв шийдвэр гаргах хэрэгтэй.
Ингэхдээ:
- Таны авахыг хүссэн даашинзыг хэн нэгэн баруун гартаа бариад зогсож байна гэж бодъё. Тэр хүн зүүн гартаа даашинз худалдаж авах мөнгөө барьчихсан байна. Танд даашинз нь дээр санагдаж байна уу, мөнгө нь илүү санагдаж байна уу? Хэрвээ мөнгийг сонгосон бол одоогоор танд энэ даашинз тийм ч хэрэгтэй биш бололтой.
- Зургаан сарын дараа энэ даашинз таны шүүгээнд зүгээр л “зай эзэлсэн” хувцас болоод байж байна гэж төсөөл. Энэ үнэний ортой байна уу? Бодоод үзээрэй.
2. ТААЛАГДСАН БОЛГОНДОО ХҮРЭХ ХЭРЭГГҮЙ
Танд нэг гар утас таалагдлаа гэж бодъё. Ийнхүү утсыг барьж үзсэний дараа далд ухамсарт чинь энэ утас таных байх ёстой мэт санагдана. Ингээд л өнөөх мөнгө хэмнэх арга, “галзуу үнэ” гэдэг чинь мартагдана шүү дээ. Эцэст нь та онцын шаардлагагүй тооцоо хийсэн байх болно.
Ийм тохиолдолд хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
1. Худалдагчаас тухайн зүйлээ үзүүлэхийг хүс. Өөрөө хүрч үзэж байснаас тэр хүнээр тайлбарлуулж үзсэн нь хамаагүй дээр.
2. Цахимаар худалдан авалт хийхээс аль болох татгалз. Судалгаанаас үзэхэд онлайн худалдан авалт нь бидний хяналтаас гадуур байдаг ба санамсаргүй байдлаар бид маш их мөнгөө үрж байдаг.
3. ЗҮҮН ГАР ТАЛААР ЯВ
Ихэнх хүмүүс дэлгүүрт ороод баруун гараа дагаж баруун тийш явдаг. Худалдаа эрхлэгчид үүнийг мэддэг учраас баруун жигүүрт ихэнх үнэтэй бараагаа байрлуулдаг.
Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
Худалдаж авах зүйлийнхээ жагсаалтыг гарга. Зөвхөн жагсаалт дээрх зүйлээ ав. Энэ нь санхүүгийн сахилга баттай байдлыг бий болгохоос гадна таны цагийг ч хэмнэнэ.
4. БОХЬ ЗАЖЛАХ ХЭРЭГГҮЙ
Бохь зажлах үед тархин дахь цусны эргэлт сайжирч, танин мэдэхүйн үйл ажиллагаа идэвхждэг. Энэ үед та хүн ихтэй газар байхыг хүсэх бөгөөд аливааг худалдаж авахдаа маш удаан ажиглаж бодож эхэлнэ. Ийнхүү өөрт хэрэгтэй байгаа зүйлсийнхээ талаар бодож хэрэггүй зүйлд мөнгө гарздахдаа бэлэн боллоо гэсэн үг.
Ийм үед яах ёстой вэ?
Бохь зажлах хэрэггүй. Бохь зажилсан үедээ худалдан авалт хийвэл төлөвлөсөн хэмжээнээсээ илүү их мөнгө үрэх болно. Мөн маш их цаг зарцуулна.
Зүгээр л дэлгүүрт ороод жагсаалтын дагуу хүнсээ цуглуул бас цагтай байхад илүүдэхгүй. Учир нь нэг л мэдэхэд таны цаг сум шиг өнгөрч мэднэ. Тийм учраас бохь зажлахгүйгээр анхаарлаа төвлөрүүл.
5. ЭРГЭН ТОЙРНОО АЖИГЛАЖ ЯВАХ ХЭРЭГГҮЙ
Хүмүүс хямдрал зарласан бүтээгдэхүүнийг хараад “ашигтай” санагдаж, худалдаж авдаг. Гэхдээ энэ бол ердөө л зөн совингоороо гаргаж буй шийдвэр. Өөрөөр хэлбэл хүмүүс “одоо л авахгүй бол ирээдүйд ийм үнээр олдохгүй” гэж боддог. Энэ тийм ч оновчтой шийдэл биш л болов уу?
Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
Таны жагсаалтад байхгүй бүтээгдэхүүнийг бүү ав. Мөн кассаас 7 боодол бохийг хоёрын үнээр аваарай гэсэн ч бүү зөвшөөр. Зүгээр л авах ёстой зүйлээ аваад гар.
6. ӨӨРТӨӨ БОДОХ ХУГАЦАА ӨГ
Танд худалдагчийн зүгээс өнөөдөр хямдрал нь дуусах юм уу, эсвэл дахиад хэзээ ч тохиохгүй хямдрал санал болгож байсан уу? Ийм үед хүн бүр л авмаар санагддаг биз дээ. Гэхдээ энэ бол тийм ч зөв шийдвэр биш.
Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
Зөв сонголт хийхийн тулд өөртөө бодох хугацаа өг. Авмаар санагдсан ч 24 цаг хүлээ. Зөв худалдан авалт хийхэд дор хаяж 3 хоног шаардагдана. Youtube дээрх үнэлгээг нь үзэх, үнийг нь харьцуулж судлах, онлайнаар тухайн бүтээгдэхүүний тухай бичсэн сэтгэгдлийг уншиж үз. Үүний дараа авах шаардлагатай юу, үгүй юү гэдгээ шийдээрэй. Мөн үүнтэй ижил төстэй зүйл өөрт чинь байгаа эсэхийг ч шалгаад үзэхэд гэмгүй шүү.
7. ХУДАЛДАН АВАЛТ ХИЙНЭ ГЭДЭГ НЬ АМЬДРАЛЫН ӨЧҮҮХЭН ХЭСЭГ
Зарим хүмүүс “дэлгүүр хэсэх хоббитой” гэж хэлдэг. Магадгүй таны эргэн тойронд ч ийм хүмүүс байгаа байх. Сэтгэл хөдлөлдөө захирагдаж дэлгүүр хэсээд, дараа нь үрсэн мөнгөндөө харамсаж эхлэх тохиолдол цөөнгүй л байдаг байх.
Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?
Хэрэгтэй үедээ л худалдан авалт хий. Шаардлагагүй үед дэлгүүр явах хэрэггүй. Гэхдээ дэлгүүр хэсэхдээ ухамсартай, өөрийгөө зөв жолоодож чадвал бүх зүйл хэвийн л дээ. Мэдээж авах зүйлсээ урьдчилж тооцоолсон бол ямар ч асуудал гарахгүй.
Эцэст нь хэлэхэд шинэ зүйл худалдаж авна гэдэг бол амьдралын “өчүүхэн” хэсэг шүү. Үүнийг бүхий л амьдралаа болгож цагаа дэмий үрэх хэрэггүй.
8. ХАДГАЛЖ СУР
Та 7 хоногт хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулдгаа мэдэж байгаа. Тийм ч учраас мөнгөө хэмнэж чадвал 7 хоногийн төгсгөлд хэмнэсэн мөнгө тань хэтэвчинд чинь байж л байна. Гэхдээ тэр чигт нь үлдээвэл үрэх эрсдэл байгаа шүү.
Ийм нөхцөлд яах ёстой вэ?
Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Санамсаргүй байдлаар олдсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Мөнгөө хоёр хувааж хадгалаарай. Эхнийхэд нь зарцуулж болох мөнгөө, хоёр дахь хадгаламждаа мөрөөдлийнхөө төлөө хэрэглэх шаардлагатай мөнгөө хураа.
Мөн дэлгүүрээс авсан баримтаа цуглуулж хянаж үзэх нь таны эдэлсэн хөнгөлөлт болон зарим шаардлагатай мэдээлэл, данс тооцоогоо харахад тус болно шүү. Хэтэвчиндээ үлдсэн мөнгийг тэр чигт нь үлдээвэл хэзээ ч хамаагүй үрж магадгүй болохоор мөнгөний гахай, эсвэл хугацаатай хадгаламжид хийгээрэй.
Мөн хэрэгцээгүй зүйл худалдаж авахаас татгалзаарай. Жишээ нь таны өдөр бүр худалдаж авдаг аягатай кофе “зайлшгүй хэрэгтэй зүйл” мөн үү?
9. НЭГ ЗОРИЛГО ТАВИАД ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ МӨНГӨӨ ХАДГАЛ
Бид амьдралаас олон зүйл хүсдэг. Тийм ч учраас маш олон зорилго тавьдаг. Ингэхдээ аль зорилго нь илүү чухал, түүнд хүрэхэд хэр их мөнгө шаардлагатайг тооцоолох хэрэгтэй.
Үүний тулд юу хийх ёстой вэ?
Зорилгоо сонго. Таны зорилго заавал дэлхийг өөрчлөх том байх албагүйг анхаар. Харин нэг чухал зорилгоо тодорхойлчихвол үр дүн нь мэдрэгдэж байхаас гадна, зорилгодоо хурдан хүрэх болно.
Эхний зорилгоо биелүүлсэн бол дараагийн зорилгоо тодорхойл. Хэрвээ таны нэг зүйлд зарцуулах мөнгөнөөс чинь тодорхой хэмжээгээр үлдсэн бол дараагийн зүйлдээ ашиглахын тулд хуримтлуулах хэрэгтэй шүү.
10. МӨРӨӨДӨЛ
Өөртөө сайхан санагдсан зүйлээ авмаар байгаа дотоод хүсэлтэйгээ тэмцэх тийм ч амар биш. Жишээ нь танд олон төрлийн өмд байгаа ч онлайн дэлгүүрээс эсвэл хаа нэгтээ газар үнэхээр загварлаг өмд харсан гэж бодъё. Тэр өмдийг л авчихвал сэтгэл санаа чинь дээрдэх юм шиг санагдах тийм үе цөөнгүй л биз дээ?
Ийм тохиолдолд юу хийх ёстой вэ?
- “Төсвөөс гадуурх зардал” гарч ирвэл мөрөөдлийнхөө тухай бод. “Ийм жижиг сажиг зүйл худалдаж аваад байвал яаж мөрөөдөлдөө хүрэх вэ?” гээд өөртөө хэлээд үзээрэй.
- Өдрийн тэмдэглэл хөтлөөд үз. Зүгээр л мөрөөдлийнхөө тухай бичиж тэмдэглэх хэрэгтэй.
- Ухамсартай зөв тооцоолол нь таны цаг, мөнгийг хэмнэж чадна.
11. ЯАГААД , ЮУНЫ ТӨЛӨӨ МӨНГӨ ХЭМНЭЖ БУЙГАА ОЙЛГОХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ
Нэг л өдөр та эсвэл таны эргэн тойрны хүмүүс мөнгөө хэмнэхээр шийдэж байсан л биз дээ? Тэд соусгүй паста авч идсэн чинь амтгүй байсан болохоор маргааш нь зүгээр л соустай шарсан хавирга, амтат попкорн, шоколад авч идэх тохиолдол ажиглагдаж байсан уу?
Ийм тохиолдолд юу хийх ёстой вэ?
Яагаад, юуны төлөө мөнгөө хуримтлуулж буйгаа бод. Бодит байдал дээр юуны төлөө мөнгө хэмнэх ёстойгоо ухаарсан хүмүүс “зүгээр л хуримтлуулахаар төлөвлөсөн” хүмүүсээс хавь илүү амжилттай хуримтлуулагч байдаг.
Шийдвэр гаргахаас айх хэрэггүй. Бидний амьдралд динамикийн хууль үйлчилж байдаг. Долоо хоног бүр, заримдаа өдөр бүр “тооцоолоогүй мөнгө”-тэй холбоотой шийдвэр гаргах шаардлага тулгардаг шүү дээ. Энэ бол хэвийн л зүйл. Гэхдээ зорилгоо бүү мартаарай.
12. НӨӨЦӨӨ ШАЛГАЖ БАЙГААРАЙ
Хүмүүс ихэнхдээ өөрийн зорилгодоо хүрэхэд хэр ойр эсвэл хэр хол байна гэдэгт анхаарлаа хандуулдаг. Гэхдээ үүнээс чухал нь өнөөх мөнгөний асуудал.
- Хадгаламж тань нэмэгдэж буй эсэхэд анхаарал хандуул: Таны хүчин чармайлт цаг хугацааны эрхээр үр дүн өгсөн эсэхийг ингэж л мэднэ шүү дээ.
- Зуршил болго: Сар бүр юу хийсэн, юу хийгээгүй гэдгээ тооцоолохын оронд хадгалсан мөнгөө шалга. Та өмнөх сараас илүүг хадгалж чадсан уу, үгүй юу гэдэгтээ дүн тавих сайхан боломж.
- Өөрийгөө шагнахаа мартаж болохгүй. Магадгүй та хэмнэж, хуримтлуулж чадсан бол өөрийгөө бага ч гэсэн урамшуулах хэрэгтэй.
Эцэст нь ухаалаг худалдан авалт хийхийн тулд дараах асуултыг өөрөөсөө асууж байгаарай. Үүнд:
- “Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу?”
Хэрвээ дээрх асуултад “тийм” гэж хариулсан бол дахиад өөрөөсөө асуу. “Би үүнийг төлж чадах уу? Энэ үнэхээр зөв шийдвэр үү?”
- Хэрвээ дээрх асуултад “тийм” гэж хариулсан бол “Үүнийг худалдаж авсны дараа надад ямар санагдах вэ? Онцгүй байвал яах вэ?” гээд асуугаад үзээрэй.
Амжилт хүсье!
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх