"Найзууд маань надтай чин сэтгэлээсээ хандахгүй байна"


Үжин | YOLO.MN
2016-08-03

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз нар маань надтай чин сэтгэлээсээ хандахгүй байна. Надад туслаач

Найзууд минь надаас урваж, зүгээр л надаас хичээлээ хуулах, надаар бүх юмаа хийлгэх гэсэн санаа агуулан найзалж байгаа нь илт болсон юм.

Сайн байна уу?
Дахин нэг асуудлаар та бүхэнтэйгээ ярилцахыг хүсэж байна. Хүн бүрт найз гэдэг хамгийн чухал байдаг. 2,3-хан жилийн өмнө би олон найзтай төдийгүй тэр найзуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүн нь байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн эрхэнд тэд бүгд надаас урваж, зүгээр л надаас хичээлээ хуулах, надаар бүх юмаа хийлгэх гэсэн санаа агуулан найзалж байгаа нь илт болсон юм. Хуулуулахгүй бол тэд надад уурладаг, яг л би тэдний робот шиг л байдаг. Хичээл хийж өгөхгүй, үгүй гэж хэлэх бүрт бараг л надтай найзлахгүй гэдэг ойлголтыг төрүүлдэг.

Ийм байдлаас болоод ангиасаа шилжих хүсэл төрж эхэлсэн. Надад хамгийн дотны гэсэн гурван л найз байдаг. Тэдэнтэйгээ тэр бүр уулзаад байдаггүй, учир нь бид өөр сургуулийнх. Би маш эмзэг, жижигхэн асуудлыг хүндээр тусгаж авч хурдан гомддог, хурдан уурладаг, хурдан уйлдаг. Тэдэнтэйгээ ярилцахыг хүссэн, бас оролдсон, хичээсэн. Тэд намайг хүн шиг үздэггүй. Яриаг минь сонсдоггүй. Надад туслаач.


ЗӨВЛӨМЖ: Чиний том алдаа “үгүй” гэж хэлэхгүй байгаа явдал

Чи найзуудынхаа хувьд хэн нэг хичээл хуулуулдаг хүүхэд байхгүйн тулд өөрийн гэсэн зарчимтай, үзэл бодолтой, өөртөө итгэлтэй байх ёстой.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө чиний гаргаж байгаа нэг том алдаа нь “үгүй” гэж хэлэхгүй байгаа явдал. “Үгүй гэж хэлэхээр намайг найзынхаа тооноос хасчих байх” гэж айсандаа эсэргүүцсэн хариултандаа үнэнч байхгүй байгаа явдал юм. Чи найзуудынхаа хувьд хэн нэг хичээл хуулуулдаг хүүхэд байхгүйн тулд өөрийн гэсэн зарчимтай, үзэл бодолтой, өөртөө итгэлтэй байх ёстой. Анхнаасаа чи тэдний хэлсэн бүрийг хийж, аясаар нь байснаас болж тэдний хувьд “үнэгүйджээ”. Чамайг хэзээ ч дуудсан ирдэг, хэдийд ч юу ч гэж хэлж болдог, дуртай үедээ хэрэгтэй зүйлдээ ашигладаг байх нь чамайг тэдний хувьд “утсан хүүхэлдэй” болгож буй хэрэг. Өөрөө өөрийгөө өмгөөлөөд уурлачихдаггүй, өөрийнхөө хүсч буй зүйлийг зөрөн байж хийдэггүй байхаар бусад хүмүүс чамтай байхаас залхаж ч мэдэх юм. Харин энэ байдал цаашид удаан үргэлжилбэл чи ч өөрийнхөө байдалд дасаад өөрийнхөө амьдралыг бусдаар удирдуулахад бэлэн болчихсон явж ч мэдэх юм. Тиймээс дараах алхмуудыг заавал хийгээрэй:

-Хүрээгээ тэл: Зөвхөн ангийн найзууд биш өөр олон төрлийн олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдаж, бусадтай харилцах арга барилаа олж аваарай. Би чадахгүй байх гээд хойш суугаад байвал хэзээ ч өөрт хэрэгтэй чадвар, үнэлэмж олж авч чадахгүй шүү.

-Боловсор: Сурагч байхдаа ангийнхаа хэдэн хүүхэдтэй асуудалтай байгаа ч гэлээ чиний толгой доторх мэдлэг, боловсрол хэдэн жилийн дараа хамгийн их хэрэгтэй болно. Тиймээс сурахаа бүү зогсоо. Бусдад биш өөртөө цаг гаргаж сур. Энэ чинь цаашид чамтай харилцах хүмүүсийн харилцаа хандлагыг өөрчлөх нэг хэрэгсэл болно.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал