Зарим киноны төгсгөл үзэгчдэд оньсого мэт сэтгэгдэл үлдээж, нууцлаг хэвээр дуусдаг. Найруулагчийн юуг өгүүлэхийг зорьсон талаар үзэгчид өөр өөрийн таамаглалыг дэвшүүлж хоорондоо маргах ч үе гардаг. Өгүүлэх гэсэн зүйл, хүргэх гэсэн санааг нь буруу ойлгочихсон ч байж болно шүү дээ.
Тиймээс Yolo.mn сайтын хамт олон төгсгөл нь эргэлзээ төрүүлж, оньсого мэт төгсдөг дараах 10 бүтээлийн утга санааг тайлбарлалаа. Таны таамаглалтай таарч байгаа эсэхийг шалгаарай.
1. ARRIVAL /2016/
Тус бүтээлийн гол санаа төгсгөл хүртлээ нууц хэвээр байдаг. Киноны гол дүр болох хэл шинжлэлийн багш Луиза Банксын өнгөрсөн үеэс киноны илэрхийлэх гэсэн түүх эхэлсэн байж магадгүй гэж бодсон ч эцэст нь түүний ирээдүйгээс болсон гэдгийг анзаарсан байх. Киноны эхэнд түүний нас барсан охин, гэрлэлт, нөхрөөсөө салсан тухай гээд хараахан түүнд тохиолдоогүй байгаа түүхүүдийг болсон мэтээр харуулдаг. Луиза ирээдүйнхээ талаар олж мэдсэн бөгөөд хүүхдээ, хайртай эр нөхрөө алдах болно гэдгийг олж мэдсэн ч юуг ч өөрчлөхийг хүсдэггүй.
Киноны гол санаа:
Цаг хугацаа зүгээр ч нэг шулуун биш юм. Хүн бүр өөрийн хувь тавилангаа тодорхойлдог. Харийн зочдын хүмүүсийн амьдралыг зөгнөх чадвар түүнд цаг хугацаа, хувь тавилангаа хүлээн зөвшөөрөх чадал, тэнхээг өгнө.
2. US /2019/
Кино эхлэхэд Вилсоны гэр бүлийн бяцхан охин толинд өөрийн тусгалаа харж байгаад өөрийн хуулбараа олж харна. Түүнтэй усны дусал мэт адилхан тэр охин толиноос гэнэт гарч ирэн түүнийг алахаар завддаг хэсгээс нууцлаг үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийн хуулбар газар дор шинжлэх ухааны туршилтаар бий болон амьдарч байсныг түүний гэр бүлийнхэн сүүлд нь олж мэддэг.
Киноны төгсгөлд "тэр өдөр" анх толинд харсан охин өөрийн хувилбартай солигдож газар доор үлдэн, хуулбар нь өөрийнх нь оронд өөрийнх нь амьдралаар амьдарсан гэдгийг харуулдаг.
3. ДОННИ ДАРКО /2001/
Энэхүү кино нь 18 жилийн өмнө нээлтээ хийсэн ч хүмүүс одоог хүртэл төгсгөлийнх нь талаар маргалддаг хэвээр. Хэрвээ та үзээд ойлгоогүй бол төгсгөлийн хэсгийг тайлбарлая.
Найруулагч Ричард Келлигийн тайлбарласнаар бол гол дүр нь дэлхийг аврах зорилготой хөтөч юм. Донни тэнгэрээс унасан том тийрэлтэт хөдөлгүүрийг буцаах эсвэл хар нүх гарч ирэн дэлхийн төгсгөл ирэх ёстой байлаа. Эцэст нь Жейкийн дүр өөрийгөө үхнэ гэдгийг мэдэж байсан ч хөдөлгүүрийг өөрийн байшиндаа унах тохиолдлыг боломжтой болгодог. Онгоцонд түүний ээж, эгч нар байсан учраас тэд амьд үлддэг. Харин Донни өөрийн амийг санаатайгаар золиосолж бусдыг авардаг. Энэ үхлийн талаар өдөр бүр туулайн баг, хувцас өмссөн нэгэн хүн түүн дээр ирж сануулдаг.
Донни Дарког зөвхөн нэг удаа үзээд ойлгоход хэцүү кино. Та уг киног давтаж үзэх бүртээ шинэ зүйлийг ойлгох болно.
4. SHUTTER ISLAND /2010/
Киноны эцсийн үзэгдэлд Маршал Эдвард Дэниэлл гэрэлт цамхаг дээр гарч ирдэг. Түүний таамгаар Доктор Кавли хүмүүст аймшигтай туршилт хийж байжээ. Харин гол дүр болох Эндрю Лаэддис бол сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөн гэдгийг олж мэдээд, түүнд юу тохиолдсоныг судалж, мэс засал хийхээс зайлсхийхийн тулд эмч нар бүх арга хэмжээг хийсэн байв. Леонардо Ди Каприогийн дүр нь үзэгчдэд эхнэрээ хөнөөсөн юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа ч бүгд хоорондоо хуйвалдсан байдаг. Туршилт амжилтгүй болж Эндрю мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ Лаэддисийн сүүлчийн харц, түүний үгсийг харахад тэр мэс засал хийлгэхийг хүсч байгаагаа сайн ойлгож, эмчилгээ үнэхээр үр дүнтэй байгааг ойлгосон ч эхнэр, хүүхдүүдээ аварч чадаагүй гэсэн бодолдоо унаж, амьдрахыг хүсээгүй юм.
5. AD ASTRA /2019/
Рой алга болсон сансрын хөлгийг олох аялалд гарахдаа Лима төсөл рүү эргэж эцгээ аврахаар болдог. Тэр эцэст нь аавтайгаа уулзах боловч түүний аав МакБрайд бодож байсан шиг нь баатарлаг нэгэн биш байсан гэдгийг ойлгодог. Клиффорд дэлхий дээр үлдэхийг хүссэн шалтгаан нэг ч байхгүй болж сансрын уудам руу явдаг. Хамгийн сэтгэл хөдөлгөм дүр зураг нь аав, хүү хоёрыг холбох нандин утас тасрах мөч. Рой гэртээ буцаж ирэхдээ орчлон ертөнц дэхь байр сууриа олж, хүлээн зөвшөөрнө. Тэр сэтгэл хөдлөлийн болон бие махбодын ганцаардлаас ангижирдаг. Дахин аавыгаа хайх дарамтгүй болж, эхнэртэйгээ эвлэрч дахин нийлэхэд ч бэлэн болно. Ад Астра бол өөрийгөө танин мэдэх, хүний сэтгэлийн чухал өөрчлөлтүүдийг харуулсан бүтээл юм.
6. BIRDMAN /2014/
Энэхүү бүтээлийн ухаан санаагаа алдсан эрийг ойлгох амаргүй л байх болов уу. Киноны сүүлийн үзэгдэлд Ригганы охин гаднаас ирэх дуу чимээ, дохиог сонсон хүнгүй эмнэлгийн цонхоор харан зогсдог. Эмма Стоуны дүрийн доош хараад, дараа нь удаанаар толгойгоо өргөн инээмсэглэдэг тэрхүү хэсэг аз жаргалтай төгсгөл болон Ригган нисэж байгаа гэсэн ойлголтыг үзэгчдэд өгөх болно. Гэвч гол дүр амиа хорлож, харин түүний охин хий юм харж байгаа нь төгсгөлийг ойлгох хамгийн боломжит хувилбар юм. Сэм бодит амьдралд бус аавынхаа амьд байгаа төсөөллийн ертөнцөд амьдарна. Ригган болон түүний охины хоорондох харилцаа нь энэхүү бүтээлийн гол зангилаа юм.
7. A CURE FOR WELLNESS /2017/
Энэхүү бүтээлийн төгсгөлд киноны гол дүр Локхарт эмнэлгийн тухай болон Хенрик Волмер гэх 200 жилийн турш аймшигт туршилт хийж буй галзуу эмчийн тухай үнэнийг олж мэддэг. Волмер могой загасны тусламжтайгаар гарган авдаг мөнх амьдралыг бүтээгч бэлдмэлийг нээн илрүүлсэн байдаг. Локхарт, Волмерын охин буюу Ханнагийн хамт галзуу эмчийг буулган авдаг. Гэвч киноны төгсгөлд түүний ойлгомжгүй инээмсэглэл Локхартын сэтгэц "асуудалтай" болсныг илтгэнэ. Яг л дэлхий ертөнцийн эсрэг болоод хүний дархлааны системийн эсрэг юу ч хийх боломжгүй гэдгийг ойлгосон мэт. Учир нь Локхарт нэгэнт галзуугийн өвчтөн болсон байж.
8. BLACK SWAN /2010/
Тэр чигтээ сонирхолтой үйл явдлаар дүүрэн уг киноны тайлалд Нина үзүүлбэрийн эхний үзэгдэл дууссаны дараа хувцас солих өрөө рүү уйлсаар орж ирдэг. Хувцас солих өрөөнд тэр өөрийнх нь оронд бүжиглэхэд хэзээд бэлэн Лилиг харна. Тэд маргалдаж Нина орлон тоглогчийг толины хэлтэрхийгээр хөнөөж орхидог ба түүний цогцсыг нуухаар угаалгын өрөө рүү чирж оруулан, дараагийн үзэгдэл рүү явдаг.
Хоёрдугаар үзэгдэл дууссаны дараа, хувцас солих өрөө рүү эргэн иртэл түүний араас Лили орж ирээд түүнд баяр хүргэнэ. Үүний дараагаар Нина бүхнийг ухаарах ба өдий хүртэл зөвхөн өөртэйгөө тэмцэлдэж байснаа ойлгоно. Ийнхүү тэр гэдсэн дэх шархаа анзаардаг. Сүүлийн үзэгдэлд Нина найруулагчийнхаа гарт ухаан алдаж, өөрийгөө зөвхөн төгс төгөлдөр рүү тэмүүлж байснаа ухаарна.
9. BIRD BOX /2018/
Тус бүтээлийг үзсэн хүнд төгсгөлийн хэсэг яагаад эсэн мэнд хүмүүс олон байгаа юм болоо гэсэн сонирхол, таамаглал дэвшүүлсэн байж магадгүй. Мэллори голоор дамжин аялж ирэх бүхий л хугацаандаа нүдний хаалттай байдаг. Хэрэв харах л юм бол үхэх аюултай тулгардаг. Тус киногоор зөвхөн харахаас бусад зүйлсийг сэтгэл зүрхээрээ мэдэрч хий гэсэн далд санааг илэрхийлнэ. Киноны төгсгөл хэсэгт Мэллори өөрийн хайрлах сэдэл, зүрх сэтгэлээ бүрэн нээсэн үедээ л хүүхдүүдээ аварч чаддаг. Эцэст нь хоёр хүүхдийнхээ хамт амь аврагдан ариун газарт ирдэг. Тэдний ирсэн газар хараагүй хүмүүст зориулсан сургууль гэсэн далд санаа агуулагдана. Энэ бол хамгийн утга учир бүхий хэсэг юм. Учир нь бүгд шувууны үүрэнд байгаа мэт шувуудаар хүрээлэгдсэн газарт оршин сууж байсан. Тэдний амьд байх цорын ганц арга бол шувуу.
10. THE DARK KNIGHT RISES /2012/
Киноны төгсгөлд Брюс Вэйн Готам хотыг цөмийн дэлбэрэлтээс хамгаалахыг хичээдэг. Тэр цөмийн бөмбөгийг өөрийн онгоцонд суурилуулж, далайн дээгүүр маш хурдтай ниснэ. Хот аврагдаж, оршин суугчид Бэтмэний араас гашууддаг. Алфред Венецэд муур эмэгтэй буюу Селинатай уулзаж байхдаа эсэн мэнд байгаа Брюстэй таардаг. Ихэнх үзэгчид энэ хэсгийг Алфредын зүүд гэж боддог. Гэхдээ та бүхний санаж байгаачлан Бэтмэний онгоц нь автомат гэж яригддаг ба хамгийн магадлал өндөртэй хувилбараар Брюс онгоцыг програмчилж, цөмийн бөмбөгийг хотоос хол аваачин дэлбэлээд өөрийн үхлийг хуурамчаар үйлдсэн байж болох юм. Мөн, киноны Венец дэх хэсэгт Селинагийн хүзүүнд Бэтмэний ээжийн зүүлт байгааг харж болно. Тэр киноны эхэнд зүүлтийг хулгайлахаар оролддог ба Алфред энэ тухай мэдэхгүй учраас энэ хэсэг түүний зүүд байх боломжгүй юм.
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх