Гайхалтай илтгэгч болоход тань туслах 5 зөвлөмж


Та олны өмнө илтгэл тавих талаарх зөвлөгөөг маш олон удаа уншиж байсан байх. Тэгвэл энэ удаа Yolo.mn сайтын хамт олон танд бодит туршлага дээр суурилсан зөвлөгөөг хүргэж байна.

 

1. ЧИНИЙ ТУХАЙ БИШ ГЭДГИЙГ САНА

Энэ бүх илтгэл, цуглаан зэрэг нь зөвхөн танд зориулагдсан мэт санагдаж байгаа байх. Таны юу бэлдсэн, та түүнийгээ хэрхэн илтгэж буй гэх мэт. Угтаа энэ нь үзэгчдэд юу зааж сургах вэ гэдэгт л оршиж буй юм. Гэтэл бид "Хүмүүс намайг юу гэж бодох бол?" гээд л санаагаа зовоогоод байна шүү дээ. 

Тиймээс та хүргэхийг хүссэн санаан дээрээ л хамаг анхаарлаа төвлөрүүлээрэй. 

2. ЮУНААС АЙДГАА МЭДЭХ

Та илтгэлийнхээ өмнө бясалгал хийж олон олон удаа давтсан ч илтгэлийнхээ үеэр тодорхой хэмжээнд айдас мэдрэх л болно. Ялангуяа таныг олон зуун нүд ширтэж байхад айхгүй гээд ч яах билээ? 

Тэгвэл айх үед таны бие ямар хариу үйлдэл гаргадаг вэ? Хурдан ярьж эхэлдэг үү? Нэг үгээ олон дахин давтдаг уу? Нүдээ ийш тийш гүйлгэдэг үү?

Та энэ үед ямар үйлдэл гаргадгаа олж мэдэх хэрэгтэй. Олж мэдсэн юм чинь яах билээ? Мэдээж залруулна шүү дээ. 

3. АЙДСАА ДАВАХ

TED-н илтгэгч Крис Андерсон илтгэлийнхээ өмнө маш их сандарч байсан тул шат руу очиж дасгал хийж байсан гэдэг. Түүний хувьд сандарсан мэдрэмжээ дасгал хөдөлгөөнөөр дардаг тул илтгэлийнхээ үеэр тайван, өөртөө итгэлтэй болдог байна. 

Хүн бүр өөр. Та айдсаа хэрхэн даван туулахыг танаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс эхлээд тухайн айдас таны биед хэрхэн нөлөөлж байгааг олж мэдсэний дараа хэрхэн даван туулах аргыг хайгаарай. Миний хувьд л гэхэд би илтгэл тавихынхаа өмнө хөгжим сонсдог. Энэ нь хэтэрхий энгийн байж болох ч надад нөлөөлдөг юм шүү. 

4. ХҮМҮҮСИЙН ХАРИУ ҮЙЛДЭЛД БЭЛД

Та 40 эсвэл 400 хүний өмнө илтгэл тавьж байгаагаас үл хамааран тухайн үзэгчид сонсогчдын дунд тийм ч нөхөрсөг бус царайтай хүмүүс байж л байх болно. Мэдээж та үүнийг болиулж чадахгүй. Угаасаа ч эдгээр хүмүүсийн царайг "тэнэгэр" байлгахыг хичээснээр хамаг анхаарлаа тэд нар руу алдчих учраас ярьж буй зүйлдээ л төвлөр. 

5. ГОЛ САНААГ ТЭМДЭГЛЭ

Бэлдсэн зүйлээ бүгдийг нь ярь. Юуг ч битгий орхигдуул. Гэхдээ  бүтэн цагийн турш бэлдсэн илтгэлээ слайднаас хараад чанга  чанга уншаад байвал үзэгчид тантай холбогдохгүй шүү дээ. Бэлэн слайд дээр бүх зүйлээ биччихсэн юм чинь хүмүүс түүнийг чинь өөрсдөө л уншчихна. Таны хэрэг огт байхгүй гэсэн үг шүү дээ.

Тиймээс зөвхөн гол санааг л слайд дээрээ тэмдэглээрэй. Ингэснээр дараагийн ярих зүйлүүд тань тодорхой байх болно.

Эх сурвалж: Inc.

#Илтгэл