Зарим хүн өөрийн бие галбир, царай төрхдөө сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс ямар нэг зүйлээ өөрчилж, илүү сайхан болгохыг хүсдэг нь нууц биш. Та бүхэнд өөртөө итгэмээргүй өөрчлөлт хийж, сул талтайгаа нүүр тулж чадсан Жоси гэх бүсгүйг танилцуулъя.
Тэрээр өөрийг нь үргэлж илүүдэл жинтэй хэмээн бусадтай харьцуулж гоочилдог байсан найз залуугаасаа салжээ. Улмаар Жоси дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж, хоолны дэглэм барин жингээ хасаж эхэлсэн байна.
Жоси хуучин найз залуугийнхаа сонирхдог төрлийн эмэгтэй нь биш байсан хэдий ч түүний хэзээ ч дэргэдээ байлгаж чадахааргүй сайхан эмэгтэй болохыг зорьсон аж. Тэрээр илүүдэл жинтэй байх үедээ юу хүссэнээ хэдэн цагт ч хамаагүй иддэг байжээ. Харин тэрээр өөртөө анхаарч эхэлснээр 64 жинг хаясан байна.
БИ СЭТГЭЛЭЭР УНАЖ СУУХЫН ОРОНД ЖИНГЭЭ ХАСАХ АЯЛЛЫГ УРАМ ЗОРИГТОЙГООР ЭХЛҮҮЛСЭН
Жоси “Би хуучин найз залуутайгаа гурван жилийн турш үерхсэн. Энэ харилцаагаа авч үлдэхийн тулд би өөрийгөө мартсан. Бидний харилцаа үнэхээр ярвигтай байсан. Тэр намайг Зул сарын баяраас хойш хоёр хоногийн дараа хаяж явсан. Энэ нь надад үнэхээр хүнд цохилт болсон юм. Гэсэн хэдий ч би сэтгэлээр унаж суухын оронд жингээ хасах аяллыг урам зоригтойгоор эхлүүлсэн. Би хүссэндээ хүрчхээд түүнд хэнийг алдсаныг нь харуулахыг зорьсон. Харин энэ хугацаанд би өөрийгөө олж авсан. Энэ бол хэн нэгэнд өс санасандаа эхлүүлсэн аялал биш өөрийнхөө сайн хувилбарыг бүтээх, өөрийгөө хайрлах аялал болж хувирсан.
Би найз залуугаасаа салснаас хоёр долоо хоногийн дараа өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Надад урам зориг өгч, чиглүүлэх хувийн дасгалжуулагчтай болсон. Зохистой хооллож, өдөр бүр дасгал хийн өдрийг идэвхтэй өнгөрүүлж эхэлсэн юм. Түргэн хоолыг сонголтоосоо бүр мөсөн хасаж, зөв хооллолтыг зуршил болгосон” хэмээсэн юм.
ЖИНГЭЭ ХАСАЖ ГАЛБИРЖСАНЫ ДАРАА ХҮМҮҮС НАДТАЙ ЭЕЛДЭГ ДОТНО ХАРЬЦАХЫГ ХАРАХАД СЭТГЭЛЗҮЙД ХҮНД БАЙСАН
Тэрээр жингээ хасах аяллынхаа хамгийн хэцүү санагдсан зүйлийнхээ тухайд “Намайг жингээ хассаны дараа хүн бүр эелдэг, сайхан харьцаад байх шиг санагдсан. Илүүдэл жинтэй байх үед хэн ч намайг тэгж хүлээж авдаггүй байсан. Хүмүүс намайг ямар тарган юм бэ л гэж хардаг байсан. Нийгэм заримдаа үнэхээр харгис, хатуу шүү дээ. Жингээ хасаж галбиржсаны дараа хүмүүс надтай эелдэг дотно харьцахыг харахад сэтгэлзүйд хүнд байсан” гэж ярьжээ.
ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ ЭХЛЭЛ БАЙДАГ. НЭГЭНТ Л ЗОРИЛГО ТАВИАД ЭХЭЛЖ ЧАДВАЛ ҮРГЭЛЖЛЭХ ЯВЦАД НЬ ТА ДУРЛАХ БОЛНО
Жоси “Фитнессээр хичээллэж эхэлснээр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Би энэ спортод хайртай. Би одоо дасгалжуулагч болсон. Бусдад тусалж, хүссэн биеэ бүтээхэд нь хувь нэмэр оруулах нь миний зорилго. Та үнэхээр жингээ хасахыг хүсэж байна уу. Хэрвээ жингээ хасах ёстой хамгийн чухал шалтгаанаа ойлгосон бол өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулж эхэл. Хамгийн хэцүү нь эхлэл байдаг. Нэгэнт л зорилго тавиад эхэлж чадвал үргэлжлэх явцад нь та дурлах болно. Таныг үгүйсгэж, урмыг чинь хугалахыг хэнд ч бүү зөвшөөр. Та заавал бусадтай адилхан байх шаардлагагүй. Харин өөрөө өөрийгөө бүтээ” хэмээн зөвлөсөн байна.
Тэрээр 63 кг жин хасахад хоёр жилийн хугацааг зарцуулсан аж. Жоси “Би өөртөө сэтгэл хангалуун биш байсан болохоор жингээ хассан. Би шалтгаан тоочиж, өөрийгөө хуурахаас залхсан. Би маш удаан хугацаанд илүүдэл жинтэй байсан. Хамгийн сэтгэл татам, туранхай байх нь миний зорилго биш. Өөрийгөө толинд хараад сэтгэл хангалуун байх нь хамгийн сайхан зүйл. Та өөрийнхөө юу чадахыг харах хэрэгтэй. Юу таныг аз жаргалтай, эрч хүчтэй болгож байна. Тэр зүйлээ хий. Би анх намайг хаясан найз залуудаа өөрийгөө харуулахаар шийдэж жингээ хасаж байсан. Гэсэн ч жингээ хасах аяллаа эхэлсний дараа түүнд биш надад асуудал байсныг олж харсан” хэмээн ярилцлага өгчээ.
Эх сурвалж: BP
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх