Бүх нийтийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гарч, шар түвшинд шилжүүлснээс хойш олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой болсон билээ. Гэсэн ч цар тахлын тархалтаас сэргийлэн, халдвар хамгааллын дэглэмээ алдалгүй “Япон поп соёлын өдөрлөг" арга хэмжээг өнгөрсөн 26-ны өдөр зохион байгууллаа. Монгол, Япон улсын найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсын соёлыг Монголын залууст таниулах зорилготой энэхүү арга хэмжээ нь цар тахалтай холбогдуулан өнгөрсөн жил өнжсөн ч цар хүрээгээ улам тэлж, илүү шинэлэг арга хэмжээ, олон гайхалтай үзүүлбэрүүдийн хамтаар эргэн иржээ.
Арга хэмжээний үеэр анимэ, кендо, амьд хөгжмийн үзүүлбэрүүд тоглогдож манга бүтээх, дуу, косплэй зэрэг олон уралдаан тэмцээн зохион байгуулж шагнал гардууллаа.
Косплэй тэмцээнд оролцогч: Япон хүмүүс маш хүндэтгэлтэй хүмүүс. Тэр чанараас нь анх суралцмаар санагдаж Япон соёлыг сонирхож эхэлсэн. Би өдөрлөгт анх удаа косплэй хийж байна. Косплэй хийж байгаа үед хувцас чимэглэлийнхээ 60-70 хувийг өөрөө хийх ёстой байдаг. Би ч мөн өөрийн гараар энэ хувцсаа хийж оролцож байна. Хоёр гурван жил хүсэж мөрөөдөж ирсэн болохоор хүлээлтээс илүү байлаа.
Косплэй тэмцээнд оролцогч: Өдөрлөгт хоёр дахь удаагаа оролцож байна. Япон үндэстэнд, косплэйд маш их сонирхолтой. Би Naruto-ийн Kaguya Ōtsutsuki гэж дүрээс санаа авч хийсэн. Нас барсан найзын минь хамгийн дуртай дүр учраас дурсгалд нь зориулж сар гаруй урласан.
Үйл ажиллагаанд оролцогч: Хоёр дахь жилдээ оролцож байна. Анх анимэ үзэж Япон соёлд дуртай болсон. Энэ өдөрлөгийн үеэр өөрийг минь ойлгох хүмүүстэй хамт, дуртай дүр төрхөөрөө, хүссэн хувцсаа өмсөөд ирэх нь үнэхээр сайхан байдаг.
Өдөрлөгийн эргэн тойронд
Залуус өөрийн сонирхолд хөтлөгдөн, мэдрэмжээ даган өөрийн гараар урласан содон хувцас хэрэгслийг өмсөж, косплэй, манга, дууны тэмцээнд оролцож байсан нь өдөрлөгт ирсэн зочдын харааг булааж байлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх