Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Энэ танилаас болоод найз залуугаасаа салах дөхсөн.
Сайн байна уу? Би 21 настай. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. 6 сарын өмнө найз залуу маань хугацаат цэргийн албанд явсан. Бие биедээ их хайртай байсан. Явсных нь дараа санаад долоо хоног бүр очиж уулздаг байлаа. Захиагаар ирээдүйгээ ярилцаад л… Явахаасаа өмнө маш их хугацааг хий дэмий үрж, PC тоглож, ердөө ирээдүйдээ анхаардаггүй хайнга хүн байсан. Гэсэн ч надад их хайртай болохоор би бүр дасчихсан байх. Ирээдүйдээ санаа зовж байна, ингэе тэгье хамтдаа хичээцгээе гэж би их зүтгэдэг байсан. Харин манай найз залуу одоо үүнд санаа зовох цаг биш, залуу насаа хөгжилтэй өнгөрүүлмээр байна гээд бухимддаг байсан. Миний хувьд 20 нас гэдэг чухал үе шүү дээ, одоо л хичээж ирээдүйн төлөө тэмцэх ёстой гэж өөрийгөө дайчилдаг. Тэгээд цэрэгт явахаар ухаан суух байх гэж найдаад эгчид нь хэлж хуйвалдаад цэрэгт явуулсан.
Үнэхээр л ухаан сууж юм ойлгосон шинжтэй байгаа. Бүх зүйл миний хүссэнээр болж байхад надад гэнэт асуудал гарч ирсэн.
Энэ хүнтэй хамт хангалуун амьдралыг бүтээж чадах болов уу? Эсвэл би зүгээр л дасчихсан юм болов уу? Бүх насаараа хамт байх хүнээ арай эрт яарч сонгоод байна уу? Энэ хүнээс илүү нэгэнтэй учирвал яах вэ? Ийм хурдан хүний эхнэр болох юм гэж үү? гээд олон асуулт толгой өвтгөж байтал урьдын танилтайгаа санамсаргүй чаталснаар хэцүү асуудал бүр их толгой өвтгөж эхлээд байна. Учир юу вэ гэвэл танил маань урд нь надад их таалагддаг байсан.
Энэ танилаас болоод найз залуугаасаа салах дөхсөн. Бие биедээ сайн болчихсон юм шиг байсан. Бид хоёр хоёулаа хүнтэй үерхдэг мөртлөө их дотно байдаг байсан. Тэгээд би найз залуутай хүн шүү дээ гээд зүгээр л харьцахаа больсон байсан ч цэрэгт явсны дараа нь эргээд харьцаад эхэлчихсэн. Бүр дэндүү хурдан нэг нэгэндээ татагдаж байна. Надаас болоод найз охиноосоо салчихсан. Одоо тэр намайг гадаадад хүлээж байгаа. Цэрэгт явсных нь дараахан гадагшаа явчихсан. Миний хувьд тэр хүнтэй хамт бол юуг ч хийж чадахаар санагддаг. Их ухаантай. Эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг. Ярилцахад үргэлж ухаантайгаа баталдаг. Яг л над шиг ирээдүйн төлөө зогсолтгүй урагшилдаг.
Би харин хэнийг нь сонгох ёстойгоо мэдэхгүй хэцүү байна. Найз залуутайгаа өнгөрүүлсэн дурсамжууд зөндөө байдаг.
Би одоо найз залуугаа хуурч байгаа гэсэн үг үү? Бүр үнэхээр хэцүү байна. Маш их хэцүү байна. Надад туслаач. Найз залуу маань халагдаж ирээд ингэнэ тэгнэ гээд байгаа. Харин би итгэлгүй байна. Аль хэдийнээ гадаадад тэр хүнтэй хамт байгаа юм шиг л мэдэрдэг болчихсон. Найз залуутайгаа утсаар ярихаар буруутайгаа мэдрээд их гэмшдэг. Эсвэл найз залуугаа гомдоохгүйгээр салаад гадаад руу тэр хүн дээр очоод хамтдаа зогсолтгүй урагшилмаар байна.
ЗӨВЛӨГӨӨ: Найз залуу нь чиний төлөө өөрчлөгдөж байна, мөн чамтай хамт ирээдүйгээ төсөөлж байна.
Сайн байна уу. Захиа бичсэнд баярлалаа. Хүмүүс өөрийн төсөөлөлдөө хосынхоо талаар дүрслээд, төсөөлөөд бодчихсон байдаг бөгөөд тухайн хүн нь өөрийнх нь төсөөлөлтэй таарч тохирохгүй болохоор сэтгэл дундуур болж эхэлдэг. Гэтэл хүнийг байгаагаар нь хайрлах хэрэгтэй гэдэг шүү дээ. Мэдээж хажуудах хүнээ илүү сайн хүн болгохыг хичээх нь буруу биш. Гэхдээ сайжруулах гэж байна гээд голж өөлөх, үглэх гэх мэт үйлдэл нь нөгөө хүнээ улам л өөртөө итгэлгүй болгож мөн өөрөөсөө хөндийрүүлж байдаг.
Чиний хувьд эхэндээ найз залуугаа улам хариуцлагатай, насанд хүрсэн шиг болгох гэж хүссэн, энэ нь ч тодорхой хэмжээнд биелсэн гэж ойлголоо. Найз залуу нь чиний төлөө өөрчлөгдөж байна, мөн чамтай хамт ирээдүйгээ төсөөлж байна.
Хосын харилцаанд байгаа хүн ч ахин өөр хүнд дурлах тохиолдол байдаг. Тэр болгонд салаад байж болох уу? Салахгүй хэрнээ дотроо өөр хүн бодож бас харилцаад байж болох уу? Хамгийн зөв шийдвэр бол хамтрагчаа хуурахгүй байх байдаг. Үүнд чатлах, дотроо өөр хүнийг бодох ч орно.
Хосын харилцаа бол дан нэг хүний шийдвэрээр явагдахгүй. Хоёр талын бодол, шийдвэр байх ёстой. Чамайг юу ч хэлэхгүй яваад өгвөл үлдэж байгаа хүнд маш хэцүү байх болно. Тиймээс найз залуутайгаа ярилцаад үзээрэй. Ярилцаж үзсэний дараа шийдвэрээ гаргахыг хүсч байна. Чамд амжилт хүсье.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх