Өөрийнхөө төлөө тэмц!


Сондор | YOLO.MN
2016-08-02

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хэрхэн илүү нээлттэй байж, өөрийгөө ялан дийлэх вэ?

Би нийгмийн идэвхтэн байхыг хүсч байна. Найзуудтайгаа салхинд гарч , хамт хоолонд орж , сайн дурын ажил болон цагийн ажил ч хиймээр байна.

Сайн байна уу? Би 17 настай (эмэгтэй)
Би их дотогшоо хүн. Ямар ч асуудал дээр нөгөө хүмүүсээ ойлгож өөрийгөө тэдний оронд тавьж хэлэх үг , хийх үйлдлээ шийдэж хүмүүсийг гомдоож шаналснаас би өөрөө бага зэрэг шархлахад яахав дээ гэж боддог. Хэн нэгнийг гомдоох тохиолдол гарах тохиолдол маш олон. Жишээ нь дүүгээ их гомдоодог. Гэхдээ би уучлал гуйж хэлж чадахгүй бол үйл хөдлөлөөрөө намайг уучлаарай гэсэн дохио өгөхийг хичээдэг. Ер нь буруу зүйл хийвэл гэмшиж дахин алдахгүйг хичээдэг. Гэхдээ үүнээс болоод би өнгөрсөн хугацаанд бусдад зориулж амьдарч байсан юм шиг санагдаж эхлээд байгаа. Өөрийнхөө 17 жилийн амьдралыг эцэг эх , хамаатан садныхаа үгээр өнгөрөөчихөж дээ гэж их харамсдаг боллоо. Би цөөн тооны найз нөхөдтэй , гэхдээ үүндээ гутардаггүй харин дахиж найзуудаасаа алдахыг хүсдэггүй. Учир нь эцэг эх маань намайг өөрсдөөсөө бусад хүмүүстэй гадуур цагийг өнгөрөөхөд их дургүйцдэг. Уул нь ямар ч хорт зуршилгүй хэрэг төвөгт орооцолдож байгаагүй найзууд маань ч мөн адил надтай адил төдийгүй хичээлдээ сайн хүүхдүүд. Аав ээжүүд маань ч мэддэг.

Найзууд маань "гаръя уулзъя, кино үзье, хүрээлэн оръё" гээд л байнга хэлдэг ч дээр дурьдсан шалтгаан мөн мөнгө санхүүгийн асуудал ч нөлөөлж гарч чаддаггүй. (Монгол улс ч гэлтгүй дэлхий хямралд орчихсон юмны үнэ өсч мөнгө ховордсон цагт аав ээжийнхээ арай хийн олсон мөнгийг өөрийнхөө зугаа цэнгэлд үрж болохгүй гэсэн бодлоороо үйл хөдлөл, үг хэлээ их цэгнэдэг).

Би өдрийн ихэнх цагийг гэртээ өрөөндөө өнгөрөөдөг. Ном уншиж, дуу сонсч, кино үзэж, гэрийн ажлуудыг хийх гэх мэтээр. Эцэг эх маань миний боловсролд их анхаардаг ч үргэлж хошуугаа дүрээд байдаггүй. Нэг үгээр хэлэхэд санаа нэг их зовохоо больчихсон. Би 9, 10 дугаар ангиуддаа 93-аас доош үнэлгээ аваагүйгээс гадна миний дундаж дүн 96% (магадгүй тийм ч өндөр биш байж болох юм гэхдээ гайхуулах гээгүй юм шүү).

Би англи болон солонгос хэлний дунд шатны мэдлэгтэй , япон герман хэлний анхан шатны мэдлэгтэй. Ингээд харахад би гэрт байх хугацаандаа гайгүй боломжийн үр бүтээлтэй байсан ч би нийгмийн идэвхтэн байхыг хүсч байна. Найзуудтайгаа салхинд гарч, хамт хоолонд орж, сайн дурын ажил болон цагийн ажил ч хиймээр байна. Учир нь энэ зун миний Монголд ахлах сургуулийн сурагчийн хувиар өнгөрүүлэх сүүлчийн зун болох юм л даа. Учир нь би дараа жил сургуулиа төгсөөд гадаадад сурахаар явна. Би энэ зуныг хөгжилтэй өнгөрөөмөөр байгаагаа, миний ахлах сургуулийн сурагчийн өнгөрөөх сүүлийн зун ш дээ гэдгийг гэр бүлийнхэндээ бага багаар хэлсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй л байна.

Уул нь тэд миний төлөө маш их зүйлийг хийж надтай найзууд шиг байдаг ч би тийм ч нээлттэй байж юу бодож санаж байгаагаа хэлээд байдаггүй. Бас би тийм ч зөөлөн хүн биш бас аймшгийн болон адал явдалт кино, гадаад хэл зураг зурах тоо бодох зэрэгт ихэнх цагийг зарцуулдаг. Би дээрх зүйлсийг их хийдэг болоод байгаагаас болоод ч тэр үү улам л дотогшоо ганцаардмал нэгэн болоод байгаа юм шиг мэдрэгдээд байгаа. Би өөрөө сайн хичээж байж үр дүнд хүрэхээ ойлгож бөйгаа ч яг яаж юунаас эхэлж, яахаа сайн мэдэхгүй байна. Би үүнийг Н.Ананд-ын өгсөн ярилцлагыг уншаад ер нь би ч бас бодит өөрчлөлтөнд хүрэх хэрэгтэй юм байна гэж шийдээд бичлээ. Тиймээс надад яаж илүү нээлттэй байж , өөрийгөө ялан дийлж бусдад санаа бодлоо хэрхэн зөв илэрхийлдэг болох тал дээр тодорхой зөвлөмж өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө төлөө тэмц

Өөртэйгөө ярилцаад, дотроо бодоод л суугаад байлгүй өөрийнхөө төлөө судалж, хайж эрж, хүмүүстэй ярилцаж, туршлага хуримтлуулаарай.

Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргэе.

Чиний бичсэн зүйлээс үзэхэд нэг зүйлийг хамгийн түрүүнд хийж сурах хэрэгтэй нь харагдаж байна. Энэ бол “бусдыг хүлээхгүй байх буюу хийх” явдал. Хэн нэг хүн, ээж аав, найз нөхөд, ах эгч намайг ойлгоод надад ямар нэг юм хийх боломж өгөх байх гэж хүлээж суугаад байвал хэзээ ч хүссэн зүйлээ хийж чадахгүй. Бусдад ч мөн адил өдөр бүр бодож толгой өвтгөж буй асуудлууд байгаа учраас зөвхөн чамд бүх зүйлээ зориулах цаг тийм ч их гардаггүй болохыг ойлгоорой. Харин хүлээж суухын оронд юу хүсч байгаагаа өөрөө сайн судалж олж мэдээд гэрийнхэндээ танилцуулаад, цаг хугацаа, хэрэгтэй мөнгөний хэмжээгээ ч тодорхой хэлээд үзэх хэрэгтэй. Хэн нэг хүн чиний төлөө судалгаа хийгээд, бүх зүйлийг чинь бэлэн урд чинь тавина гэж найдаж огт болохгүй, өөрийнхөө төлөө тэмц.

“Би зуны амралтаа хий дэмий өнгөрөөгөөд байна ш дээ” гэсэн үгийг чинь “харин тийм ээ” гэж л хүлээж авахаас биш одоо яана аа гээд санаа зовохгүй байж мэднэ. Харин зун дуусахаас өмнө би ийм ийм зүйлүүдэд хамрагдмаар байна, тийм хэмжээний мөнгө хэрэгтэй, тэдний өдрөөс эхлээд би явмаар байна гээд маш тодорхой саналтай гэрийнхэнтэйгээ ярилц. Өөрөөр хэлбэл чи өөрийнхөө төлөө маш чухал хэлэлцээр хийх гэж байна л гэж ойлго. Мэдээж хүсч буй зүйлээ өөрийнхөө талд шийдвэрлүүлэхийн тулд хөндөж буй асуудал чинь маш тодорхой, ойлгомжтой байх ёстойг санаарай.

Хоёрт анхаарах зүйл бол “дотроо бодож буй зүйлсээ хүмүүстэй хуваалцаж ярилцаж байх”. Ээж аав, найзууд, хамаатны хүүхдүүд, багш гээд хэнтэй ч ярилцах боломжтой. Өөрийнхөө бодож явдаг, зөв бурууг нь мэдэхийг хүссэн асуудлаараа ярилц. Энэ нь чиний бодлыг бататгах эсвэл няцаах маш сайн хэлбэр болдог төдийгүй бусдыг сонсох, өөрийгөө илэрхийлэх, асуулт асууж мэдлэгээ тэлэх гээд олон талын ач холбогдолтой. Зарим гэр бүл сардаа нэг удаа тодорхой сэдвийн хүрээнд хоорондоо мэтгэлцэх цагтай байдаг, үүнийг танай гэр бүл ч бас хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.

Товчхондоо өөртэйгөө ярилцаад, дотроо бодоод л суугаад байлгүй өөрийнхөө төлөө судалж, хайж эрж, хүмүүстэй ярилцаж, туршлага хуримтлуулаарай.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал