ЗАХИДАЛ: Би OCD буюу "Obsessive Compulsive Disorder" гэх сэтгэцийн өвчтэй


ССҮТөв | YOLO.MN
2019-11-15

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би OCD буюу "Obsessive Compulsive Disorder" хэмээх сэтгэцийн өвчтэй.

Сайн байна уу? Би мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах гэсэн юм. Би OCD буюу "Obsessive Compulsive Disorder" хэмээх сэтгэцийн өвчтэй. Энэ нь ямарваа нэгэн зүйлийг хэтэрхий хүндээр хүлээж авах, ямарваа нэгэн зүйлийн талаар хэтэрхий их бодох, эсвэл ямар нэгэн зүйлийг хяналтгүйгээр олон дахин давтан хийх гэх мэт тархины удирдлагагүй үйлдлүүдийг хэлдэг. Миний хувьд өдрийн бүхий л цагийг хэрэгтэй, хэрэггүй зүйлийн талаар бодож өнгөрүүлдэг бөгөөд үүнээсээ болоод заримдаа нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг. Үүнийгээ даван туулахын тулд бясалгал, иог хийдэг боловч зарим тохиолдолд үр дүнтэй болж чаддаггүй. Эмч нарт хандахаар сэтгэл зүйчтэй уулзахыг зөвлөдөг ч цаг завгүй байдлаасаа болоод одоо хүртэл уулзаж чадахгүй байгаа болохоор ийнхүү захидал бичиж байна. Над шиг ийм өвчтэй хүүхдүүд ер нь сэтгэл зүйчид хэр их ханддаг юм бол? Надтай адилхан өвчтэй хүүхдүүд байдаг гэдгийг мэддэг ч уг өвчтэй хүүхдүүд ихэвчлэн маш дотогшоо байдаг учраас сайн ярилцаж чаддаггүй юм аа. Надад ямар зөвлөгөө өгөх вэ?

Яавал энгийн зүйлсээс болж сэтгэл санааны хямралд орохгүй мартаж, эсвэл өнгөрөөж сурах вэ?

Би өдөр тутам асуудалтай байдаггүй ч хэн нэгний санамсаргүй болон санамсартай хийсэн жижиг том гэлтгүй зүйлд сэтгэл санаагаа зовоогоод байхаар эцэстээ стрессний эсрэг эм уух шаардлагатай болоод байхаар эрүүл мэнддээ бас санаа зовж байна. Би тухайн бодлоосоо салахын тулд спортоор хичээллэх, сургалт дамжаанд суух эсвэл бусад хүмүүстэй дотно мөн нээлттэй харьцахыг илүү зорьдог боловч олон хүмүүстэй харьцах тусам надад тулгарах асуудлууд ихсэж, OCD-ээс болж сэтгэл санаагаар унах асуудал олшроод байгаа. Жишээлбэл: Манай ангийн нэг хөвгүүн надад сайн болохоор үерхье гэж хүссэн боловч би зөвшөөрөөгүй. Гэвч сүүлийн нэг сар тэр хүүхдийн талаар өдөржин бодож, өөртөө их ярих болсон. Надад нууцаа ярьдаг найз байхгүй ч анги дээр ирэхээрээ л найзууд шиг байдаг олон найз байгаа. Тэдгээр хүүхдүүдтэй иймэрхүү асуудлынхаа талаар ярих итгэл төрөхгүй байгаа учраас зөвхөн өөртэйгөө л ярьж, дотроо бухимдаж, уурлаж, заримдаа ганцаараа уйлдаг. Энэ их бодлын хий дэмий урсгалыг яаж зөв бас эерэг замаар шийдвэрлэх вэ? Надад туслаач!!!

ЗӨВЛӨГӨӨ: Шүд өвдөөд байвал би завгүй байна гээд суугаад байдаггүй шүү дээ. 

Сайн уу? Юун түрүүнд бидэнд захидал илгээсэнд баярлалаа. Чи өөрийгөө ийм эмгэгтэй гэдгийг яаж мэдсэн бэ? Мэргэжлийн эмч онош гаргасан уу? Дэлхий дээр OCD буюу улигт бодлын эмгэг өвчин нь түгээмэл 10 сэтгэцийн эмгэгийн нэгд тооцогддог.

Хэрвээ энэ төрлийн эмгэгтэйгээ мэдсэн бол тогтмол эмч, сэтгэл зүйчтэйгээ уулзаж цаг гаргаж байх хэрэгтэй.

Шүд өвдөөд байвал би завгүй байна гээд суугаад байдаггүй шүү дээ. 
Улигт бодлын эмгэг бол нэг төрлийн түгшүүрийн эмгэг юм. Өөрөөр хэлбэл хэт их юм бодоод, дахин дахин бодоод байгаа хүний сэтгэл санаа тайван бус, түгшүүртэй байдаг. Мөн стресстэй үйл явдал тохиолдох, шийдвэрлэх хэрэгтэй асуудал гарч ирсэн үед улигт бодлын эмгэг сэдэрдэг. Тиймээс аль болох тайван байхыг хичээх хэрэгтэй. Чиний хувьд аль хэдийн олон төрлийн арга ашигласан байна. Энэ нь сайн бөгөөд үргэлжлүүлж ашиглаарай.

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

 

#Зөвлөгөө