IELTS №2: Зайлшгүй судлах ёстой зүйлс


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-11-16

IELTS-д бэлдэх гэж байгаа ч юуг ямар дарааллаар, хэрхэн хийхээ төлөвлөөгүй бол та алтан цагаа хий дэмий л үрэх болно. Тийм учраас "IELTS" цувралынхаа энэ дугаараар зорилгоо хэрхэн тодорхойлох, жишиг шалгалтыг хэрхэн өгөх, шалгалтад хэрхэн бүртгүүлэх, мөн хэдэн оноотой бол ямар сургуульд орох боломжтой зэрэг талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

IELTS-ийн оноотой болмоор санагдаж байж болох ч юунд зориулж оноо авах вэ гэдгээ тодорхойл. “Оноотой байхад ирээдүйд хэрэг болох байх. Тиймээс шалгалт өгөөд үзнэ ээ” хэмээн дотроо төлөвлөсөн юм биш биз? Тийм бол өндөр оноо авах магадлал тань 60% буурч байна гэсэн үг. Тодорхой зорилго тавилгүйгээр шалгалтад бэлдэх нь үр дүн муутай байдаг. Харин гадаадын их сургуульд тэтгэлэгтэй суралцах зорилго тавиад уг шалгалтад бэлдэж эхэлсэн бол өөр хэрэг. Тиймээс юун түрүүнд зорилгоо тодорхойлох нь чухал шүү.

Та ямар сургуульд суралцахаар төлөвлөж байна вэ?

IELTS-д бэлдэж буй хүмүүсийн ихэнх нь гадаадын их сургуульд суралцахаар төлөвлөсөн байдаг. Зарим хүмүүс авсан онооноосоо шалтгаалан тухайн оноог нь хүлээн зөвшөөрөх сургууль хайдаг бол үлдсэн хэсэг нь эсрэгээрээ байдаг. Тэгвэл аль арга нь хамгийн оновчтой вэ гэж үү? Мэдээж хэрэг суралцах сургуулиа сонгоод, тухайн сургуулийнхаа босго оноог судлах нь зөв. Ингэснээр хугацаа хэмнэхээс гадна таны бүх зүйл тодорхой байх болно. Өөрөөр хэлбэл танд IELTS-ийн хэдэн оноо шаардлагатай, хэдий үеэр энэ оноогоо авчихсан байх ёстой, хэзээ сургууль руугаа материалаа явуулах гэхчлэн бүгд л ойлгомжтой болно гэсэн үг.

Дэлхийн маш олон их сургуулиуд IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг учраас та өөрийн сонирхсон сургуулийнхаа веб сайтаас мэдээлэл авах бүрэн боломж бий. Тухайлбал, Европын орны ихэнх их дээд сургуулиуд IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг. Та 5.0-7.0 хүртэлх оноотой бол ямар сургуульд орох боломжтой бол?

IELTS-ийн 5 оноотой бол дараах сургуулиудад суралцах боломжтой. Үүнд: 
           § University of Luxembourg
           § Ca'Foscari University of Venice
           § Karlsruhe Institute of Technology (KIT)
           § University of Essex
           § Holland International Study Centre (ISC)

IELTS-ийн 5.5 оноотой бол дараах сургуулиудад суралцах боломжтой. Үүнд:
           § Universitа Della Svizzera Italiana Lugano
           § Vilnius Gediminas Technical University
           § Teesside University
           § Budapest Metropolitan University
           § ESIEE Paris

IELTS-ийн 6.0 оноотой бол дараах сургуулиудад суралцах боломжтой. Үүнд:
           § Wageningen University and Research
           § International Business School
           § Coventry University
           § Universitа Cattolica del Sacro Cuore
           § University of Dundee

IELTS-ийн 6.5 оноотой бол дараах сургуулиудад суралцах боломжтой. Үүнд:
           § Utrecht University
           § Central European University
           § Durham University
           § City, University of London
           § John Cabot University, Rome

IELTS-ийн 7 оноотой бол дараах сургуулиудад суралцах боломжтой. Үүнд:
           § Vrije Universiteit Amsterdam
           § University of Leuven
           § Radboud University
           § University of Jyvдskylд
           § University of Leeds
(Эх сурвалж: https://www.mastersportal.com)

IELTS MOCK ТЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?

IELTS MOCK Test гэдэг нь IELTS-ийн шалгалттай нэн төстэй загвар бүхий шалгалтыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, албан ёсны IELTS-ийн шалгалт биш боловч, IELTS-аас авах боломжит оноог чинь тогтоож өгнө гэсэн үг. Жишиг шалгалт хийхийн давуу тал маш их байдаг. Тухайлбал:

1. Та IELTS-ийн хэдэн оноо авах боломжтой, таны англи хэл ямар түвшинд байгаа зэргийг мэдэх боломж бүрдэнэ.

2. Бодит шалгалтын үеэр цагаа хуваарилах болон шалгалт өгөх өөрийн гэсэн техниктэй болно.

3. Бодит шалгалт биш учраас та алдах эрхтэй. Гагцхүү алдаагаа ойлгож, дахин давтахгүй байх нь чухал. Бид өдөр тутам IELTS-ийн материал дээр ажиллаж байгаа ч юун дээр хамгийн их алддаг, юуг нь чадахгүй байгаагаа тодорхойлоход бэрх байдаг шүү дээ. Харин IELTS-ийн жишиг шалгалтын дүнгээсээ эдгээр асуудлынхаа хариултыг авах боломжтой.

4. Жишиг шалгалт хийж үзэлгүйгээр анх удаа IELTS-н шалгалт өгвөл цочирдох, сандрах мэдрэмж төрнө. Харин жишиг шалгалт хийгээд үзчихсэн хүний хувьд бүх зүйл хэвийн санагдах болно.

IELTS жишиг шалгалтыг заавал өгөх ёстой юу?

Хэрэв IELTS-ийн өндөр оноотой хүмүүсээс “Хэрхэн өндөр оноо авах вэ?” гэж асуувал ихэнх нь жишиг шалгалт өг гэж хэлнэ. IELTS-д бэлдэж эхлэхдээ жишиг шалгалт өгч гарааны оноогоо мэдэх хэрэгтэй. Ийнхүү 1-2 сар тасралтгүй бэлдээд ахин жишиг шалгалт өгч өмнөх оноотойгоо харьцуулж үзээрэй. Таны бэлтгэл үр дүнтэй байсан уу, үгүй юу гэдгийг авсан оноо тань л хэлж өгөх болно.

Жишиг шалгалтыг хэр олон удаа өгөх хэрэгтэй вэ?

Боломж байвал сард 1 удаа жишиг шалгалт өгч байгаарай. Гэхдээ заавал аль нэг сургалтын төвд очиж өгөх албагүй. Онлайнаар жишиг шалгалт өгөх боломжтой олон веб сайтууд байдаг. Мөн жишиг шалгалтаас гадна IELTS-д бэлдэгчдэд зориулсан олон олон хэрэгцээт материалууд байдаг. Тэдгээр веб сайтуудыг үзэх бол ЭНД дарна уу.

ХЭЗЭЭ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Зарим хүмүүс шалгалтдаа бэлдэж дуусгаад бүртгүүлдэг бол зарим нь бүртгүүлчхээд бэлдэж эхэлдэг. Гэвч бэлдэж эхэлсэн даруйдаа IELTS өгөх хугацаагаа товлож, бүртгүүлэх нь хамгийн оновчтой. Мөн орох гэж буй сургуулиа сайтар судалж, хэзээ материал авч эхлэх, хэдэн оноо шаардлагатай зэргийг тооцоолоорой.

Хэрхэн бүртгүүлэх вэ? Та шалгалтын бүртгэлийг ЭНДээс харах боломжтой.

ШАЛГАЛТЫН ӨДӨР АНХААРАХ ЗҮЙЛС

  • Шалгалт эхлэхээс дор хаяж 1-2 цагийн өмнө очоорой.
  • Өглөөний цайгаа заавал уугаарай.
  • Бичиг баримтаа шалгаарай. Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо эх хувиар нь авч очих хэрэгтэй.

Танд амжилт хүсье!

Эх сурвалж: https://www.ieltsasia.org

#IELTS-д бэлдэцгээе