Англи хэлний түвшин тогтоох хамгийн түгээмэл шалгалтуудын нэг болох IELTS шалгалтын нэр нь "International English Language Testing Sytem" гэх үгний товчлол бөгөөд англиас бусад хэлээр ярилцдаг орны хүмүүсээс англи хэл дээр их, дээд сургуульд суралцах чадвартай эсэхийг нь тогтоох зорилготой авдаг шалгалт юм.
Тус шалгалтыг өгөх хүмүүсийн тоо жил бүр өссөөр байна. Тухайлбал 2017 оны байдлаар дэлхий даяар нийт 140 орны 3 сая орчим хүн IELTS шалгалтыг өгсөн байдаг бол 2018 оны байдлаар энэ тоо 3,5 сая хүртэл өссөн байна.
IELTS-Н ОНООТОЙ БАЙХ ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
1. Амьдралын алхам тутамд хэрэг болно
Дэлхийн 140 гаруй орны 10,000 орчим байгууллага уг шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл та IELTS-н оноотой бол сонирхсон их сургуульдаа элсэх болон англи хэлээр харилцдаг улс оронд ажиллах боломжтой гэсэн үг.
2. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэл
Та IELTS-ийн оноотой бол таны англи хэлний түвшин дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд очсон байна гэсэн үг. Англи хэл хичээл дээр, ажил дээр, аяллаар явах, гадаадад ажиллах зэрэг хэдийд ч хэрэг болж байдаг.
Харин та энэхүү шалгалтыг өгөх гэж байгаа бол зорилгоосоо хамаарч "Academic IELTS" болон "General IELTS" гэсэн хоёр сонголтоос сонгох боломжтой.
Academic IELTS: Таны англи хэлний мэдлэгийг академик түвшинд үнэлнэ. Энэ шалгалтыг гадаадад сурахаар төлөвлөж буй хүмүүс өгдөг.
General IELTS: Академик шалгалтыг бодвол илүү "хялбар" бөгөөд таны өдөр тутмын англи хэлний мэдлэгийг шалгана. Энэ шалгалтыг англи хэлтэй оронд ажиллаж, амьдрахаар зорьж буй хүмүүс өгвөл тохиромжтой.
IELTS нь сонсох, унших, бичих, ярих гэсэн хэлний 4 ур чадварыг шалгадаг.
СОНСОХ УР ЧАДВАР
Сонсох шалгалт нь 4 хэсгээс бүрдэнэ. Эхний 30 минутад даалгавраа гүйцэтгэх бөгөөд үлдсэн 10 минутад тэмдэглэсэн хариултуудаа хариултын хуудас руу буулгана. Шалгуулагчдын хувьд сонсох хэсгийн даалгавар бусад 3 хэсгийн даалгаврыг бодоход харьцангуй амар санагдах хэдий ч сонсох дасгалын аль нэг хэсэгт анхаарал тань сарних л юм бол байдал хэцүүддэг аюултай. Тиймээс анхаарлаа байнга, сайтар төвлөрүүлэх хэрэгтэй.
- Нэгдүгээр хэсэг. Эхний хэсэгт та хоёр хүний харилцан яриаг сонсох бөгөөд тэд өдөр тутмын энгийн үйл явдлын талаар ярилцах юм.
- Хоёрдугаар хэсэг. Дараах хэсэгт бас л хоёр хүн ямар нэгэн газар, орчны тухай ярилцана.
- Гуравдугаар хэсэг. Өмнөх хэсгүүдэд та хоёр хүний хоорондын яриаг сонсож байсан бол энэ хэсэгт олон хүмүүсийн хоорондын яриаг сонсох болно. Жишээ нь, их сургуулийн профессор болон оюутнуудын хооронд өрнөж буй бие даалтын тухай яриа.
-Дөрөвдүгээр хэсэг. Сүүлийн хэсэгт та нэгэн лекцийн хэсгээс сонсох болно. Ихэнх хүмүүсийн хувьд энэ хэсэгт ирээд харилцан яриа сонсох ч харьцангуй амар байж дээ гэсэн бодол төрдөг байна.
Сонсох ур чадварын 4 хэсэг тус бүрд 10 асуулт ирэх бөгөөд сүүлийн 10 минутад 40 хариултаа хариултын хуудас руу буулгах ёстой гэсэн үг.
УНШИХ УР ЧАДВАР
Шалгуулагчид 60 минутын хугацаанд өгөгдсөн 3 эхийг уншиж, 40 асуултад хариулах даалгаврыг гүйцэтгэнэ.
БИЧИХ УР ЧАДВАР
Уг шалгалт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нийт 60 минут үргэлжилнэ.
- Нэгдүгээр хэсэг. Өгөгдсөн бүдүүвчийг тайлбарлаж бичнэ. ( Үгийн тоо: 150)
- Хоёрдугаар хэсэг. Сэдвийн дагуу эсээ бичих (Үгийн тоо: 250)
Бичих шалгалтыг чанартай хийх 5 аргыг унших бол ЭНД дарна уу.
ЯРИХ УР ЧАДВАР
IELTS шалгалтыг өгч буй ихэнх шалгуулагчдын хамгийн их санаа зовдог хэсэг бол ярианы ур чадварыг шалгах хэсэг гэж хэлж болно. Энэхүү хэсэг 11-14 минутын хугацаанд үргэлжлэх ба 3 хэсгээс бүрдэнэ. Шалгагч таныг өрөөнд орж ирэхэд дуу хураагчаа ажиллуулж эхэлдэг тул шударга бусаар дүгнэнэ гэсэн асуудал байдаггүй.
- Нэгдүгээр хэсэг. Шалгагч өөрийгөө танилцуулж, таныг ч мөн өөрийгөө танилцуулахыг хүснэ. Үүний дараа таны гэр бүл, ажил, сургууль эсвэл сонирхол гэх мэт ерөнхий сэдвээр асуулт асуух болно. Ийнхүү энгийн, чөлөөтэй байдлаар, хамгийн гол нь сандралгүйгээр асуултуудад хариулах нь чухал.
- Хоёрдугаар хэсэг. Шалгагчийн зүгээс танд урьдчилан бэлдсэн карт сугалуулах ба 1 минут бэлдэнэ. Ийнхүү заасан хугацаанд сонгосон сэдвийн хүрээнд ярих ба тасралтгүй ярих нь хамгийн чухал. Аль болох шалгагчид танаас асуулт асуух боломж олгохгүй байх хэрэгтэй.
- Гуравдугаар хэсэг. Энэ хэсэгт шалгагч таны хоёрдугаар хэсэгт ярьсан зүйлтэй холбоотой асуулт асуух болно.
ШАЛГАЛТЫГ ХААНА ӨГӨХ ВЭ?
Та IELTS-ийн шалгалт өгөхөөр зорьж байгаа бол "ESP САН ТББ"-ын цахим хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Уг байгууллага нь бүтэн жилийн турш IELTS-ийн шалгалт авдаг ба одоогийн байдлаар 2020 оны 1, 2, 3 дугаар сарын шалгалтын бүртгэлээ эхлүүлжээ. /Та ЭНД дарж тус сангийн Фэйсбүүк хуудастай холбогдох боломжтой. /
Шалгалтын төлбөр: 581'000₮
Цахим хаяг: www.esp.mn
ХҮМҮҮСИЙН IELTS-Н ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТУУД:
"IELTS-н шалгалтыг эх орондоо өгвөл илүү өндөр оноо авдаг"
- Энэ бол ямар ч үндэслэлгүй зүйл. Учир нь IELTS-н шалгалтыг дэлхийн аль ч оронд яг адилхан стандартаар авдаг.
"Зарим IELTS авч байгаа газрууд бусдаасаа чанга байдаг"
- Тус шалгалтыг зохион байгуулах, шалгуулагчийн материалыг үнэлж, дүгнэх арга техник нь бүх оронд, бүх газарт ижилхэн байдаг.
"Тодорхой саруудад даалгавар нь давтагдаж ирдэг"
- Жилийн хэдийд гэдгээс хамааран шалгалтын асуулт давтагддаг гэх ойлголт шалгуулагчдын дунд түгээмэл байдаг. Гэвч энэ нь боломжгүй зүйл юм.
Дараагийн дугаараар бид та бүхэнд "IELTS-д бэлдэхээс өмнө зайлшгүй судлах ёстой зүйлс" гэсэн сэдвээр мэдээлэл хүргэх болно. Stay tuned!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх