Гарааны бизнесийг дэмжигч "START" компани, "Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар"-тай хамтран зохион байгуулсаар ирсэн “Мөрөөдлийн гараа” арга хэмжээ энэ сарын 25-нд Нийслэлийн иргэний танхимд 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. "Мөрөөдлийн гараа" нь залуу үеийнхэнд мэргэжил сонголт, ажлын чиг баримжаа, хувь хүний хөгжилтэй холбоотой мэдлэг мэдээлэл олгох цуврал арга хэмжээ бөгөөд энэ удаагийн сэдэв нь “Зорилго өөд” байлаа. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 4 зочин илтгэгч уригдаж, 600 гаруй залуус хүрэлцэн ирсэн. Танхимдаа багтахгүй байсан тул ихэнх залуус газар сууж, зарим хэсэг нь зогсоо байдалтайгаар бүтэн 2 цагийг оюундаа хөрөнгө оруулалт хийхээр өнгөрүүлсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байлаа.
Харин тэдгээр залуусын оюунд хөрөнгө оруулалт хийхээр “Метро Дипломэнт” компанийн үүсгэн байгуулагч Б. Одсүрэн, “Positive Mongolia” төслийн үүсгэн байгуулагч Э. Дөлгөөн, “Faro Education” болон “CallPro” компанийн хамтран үүсгэн байгуулагч, комедиан Б. Идэр-Од, “START” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Пүрэвсүрэн нар хүрэлцэн ирж, цугларсан олонд өөрсдийн туршлага болон үзэл бодлоосоо хуваалцаж, маш сонирхолтой яриаг өрнүүлсэн билээ. Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй бол бүү гутар. Yolo.mn сайтын хамт олон та бүхэнд энэхүү арга хэмжээний дүрс бичлэгийг бүрэн эхээр нь хүргэх тул түр хүлээж байгаарай.
Ингээд энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочин илтгэгч нарын хуваалцсан хамгийн "гол" зөвлөгөөнүүдийг онцолж байна. Үүнд:
“FARO EDUCATION” БОЛОН “CALLPRO” КОМПАНИЙН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, КОМЕДИАН Б. ИДЭР-ОД:
"Бусдаар хийх үйлдлээ хэлүүлэхгүйгээр хийж сур. Намайг бага байхад өвөө минь "Аяга угаа" гэж хэлчхээд угаасны дараа тэр аягийг хэр сайн өнгө орсон байна, хэр сайн угаагдсан байна гэдгийг хардаггүй байсан. Харин “Чи надаар аяга угаа гэж хэлүүлээд байхдаа яах вэ дээ” гэж загнадаг байлаа. Бусдыг хий гэж хэлүүлэхгүйгээр аливаа зүйлийг өөрийн санаагаараа хийж сурах нь хувь хүнд зайлшгүй байх ёстой чадвар юм гэж зөвлөдөг байсан"
“POSITIVE MONGOLIA” ТӨСЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Э. ДӨЛГӨӨН:
"Шведэд хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орох жилдээ "Gap year" буюу жилийн чөлөө авчихдаг. Тэр хугацаандаа өөрийн сонирхол, хүсэл мөрөөдөл, зорилго зэргээ маш сайн судалж мэдээд өөрсдийн мэргэжлийг сонгодог. Шууд төгсөөд их сургуульд элсвэл дараа нь харамсах тохиолдол гардаг учраас нэг жилийн хугацаандаа өөрсдийгөө таних боломжийг өөрсдөдөө олгодог гэсэн үг. Гэхдээ би та бүхнийг жилийн чөлөө ав гэж хэлээгүй юм шүү. Өөрсдийнхөө юу хүсэж мөрөөдөж байгааг хараахан нээгээгүй байгаа хүүхдүүдэд л ингэж зөвлөмөөр байна"
“МЕТРО ДИПЛОМЭНТ” КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б. ОДСҮРЭН:
"Хүний эцэг эхийнхээ тухай бодох бодол нь жилээс жилд өөрчлөгддөг юм шиг. 5-10 насанд эцэг эхээс нь сайн найз байхгүй мэтээр, 11-18 насанд эцэг эхээс нь өөр ядаргаатай хүмүүс байхгүйгээр, 19-25 хүртэл хурдхан тусдаа гарах юмсан, 26-35 хүртэл та нар юу мэддэг юм энэ чинь миний амьдрал, 36-аас дээш насанд эцэг эхийн минь зөв байж дээ гэж хардаг юм. Эцэг эхээ л хүндлэхийн дээдээр хүндлээрэй гэж маш үнэ цэнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн билээ"
Зургийг: START Фэйсбүүк хуудсаас
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх