Зөвхөн өөртөө зориулсан ӨГЛӨӨНИЙ ХУВААРЬ зохио


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-11

Нүдээ анив уу, үгүй юу л жингэнэн дуугарах сэрүүлгээ таван минутын зайтай хэд хэдэн удаа унтраачхаад арай хийн босож, тэгэс ингэсхийгээд гарт тааралдсан хувцсаа углаад, хичээлээсээ хоцрохын даваан дээр цүнхээ аваад гэрээсээ гарч өглөөг эхлүүлж байна уу? Бид өдөр бүр биш юм аа гэхэд ихэнх өглөөг яаруу сандруу байдалтайгаар угтдаг. Гэсэн атал бүгд л яагаад хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байгаагаа, зорьсон зорилгоо биелүүлж хүчрэхгүй байгаагаа гайхдаг. 

Таны ажлын бүтээмж болон сэтгэл зүйн байдал өглөөг хэрхэн эхлэхээс шууд хамааралтай байдаг. Ундуй сундуй хувцаслаж, өглөөнийхөө цайг ч бүрэн ууж амжилгүй хоцорч, сандарсандаа ямар нэгэн юмаа энд тэнд мартаж өглөөг эхлүүлбэл “Өнөөдөр хурдан дуусаасай, хурдхан харих юм сан” гэх бодолтойгоор бүхэл өдрийг "дэмий үрж" орхидог.

Ийм ч учраас өглөөг өөртөө хамгийн тохирсон аргаар, эрүүл, тайван, үр дүнтэй угтах нь маш чухал зуршил хийгээд чадварын нэг юм. 

Амжилттай яваа алдартнуудын ихэнх нь 5-7 цагийн хооронд босож, өдөрт дор хаяж 30 минутыг мэдээлэл уншихад, 20 минутыг дасгал хийхэд зарцуулдаг гэх нийтлэг шинжүүд ажиглагддаг. Гэвч хүмүүс ерөнхийдөө хэн нэгэн бизнесмений өглөөний хуваарийг тэр чигт нь хуулж, хүчээр өөр дээрээ хэрэгжүүлэх гэж оролддог. Энэ бол хамгийн том АЛДАА. Кевин О’Лери  Тим Күүк нар өглөө 4 цагт босдог байлаа гээд та ч бас 4 цагт боссоноор шууд амжилтад хүрчихнэ гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ өглөө хэт эрт босох нь таны ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Иймд өглөө хийж болох ашигтай зүйлсийг өөр дээрээ туршиж үзээд, тэдгээрээс танд хамгийн ихээр тохирсон зуршлыг сонгон, зөвхөн өөртөө зориулсан өглөөний хуваарийг зохиох нь чухал юм шүү. Тиймээс танд дараах 6 зуршлыг туршиж үзэхийг санал болгож байна. Мэдээж бүгдийг нь нэгэн зэрэг туршиж үзэлгүйгээр нэг дор 3-аас илүүгүй зуршил сонгон аваарай. Мөн үр дүнг нь баттай мэдэхийн тулд нэг зуршлыг дор хаяж 2-3 долоо хоног туршиж үзээрэй. 

1. ӨГЛӨӨ СЭРЭХ ЦАГАА ЗӨВ СОНГОХ

Хэрэв та өглөө өөртөө хангалттай цаг гаргахгүй бол өдрийн үлдсэн хэсгийг яарсан байдалтайгаар өнгөрүүлж дуусна. Тиймээс энгийн үед сэрдгээсээ дор хаяж 1 цагийн өмнө сэрж дадах хэрэгтэй. Ингэснээр та өөртөө хангалттай цаг гаргаж, өглөөг өөрийнхөө хүссэн газраас эхлүүлэх боломжтой болно. Анх туршиж үзэж байх үед хүндрэлтэй санагдах нь ойлгомжтой. Гэвч ердөө ганцхан цагийн өмнө боссоноор бүхэл өдрийн турш мэдэгдэхүйц үр бүтээмжтэй ажиллах боломжтой болох юм. 
Тиймээс заавал үүрийн 4 эсвэл 5 цагт босно хэмээн бусдын жишгийг дагалгүй зөвхөн өөрт тохирсон цагаа олоорой.

2. БУРУУ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ

Зөвхөн өглөөний цагаар ч гэлтгүй биднийг өдрийн турш хамгийн ихээр саатуулж, цагаас минь хумсалж байдаг зүйл бол бидний гар утас болон сошиал медиа. Бид ихэнх тохиолдолд орны дэргэд байгаа утсаа нүдээ ч нээлгүйгээр гараа сунгаж авчхаад шууд л утсаараа оролдож өглөөг эхлүүлдэг. Зарим өглөө сэрчихсэн хэр нь инстаграм эсвэл youtube ухсаар хагас цагийг орондоо өнгөрөөчихсөн байдаг шүү дээ. 

Өглөө сэрсэн даруйдаа шууд утсаа оролдох нь таны тархийг төвлөрөлт багатай байдалд хүргэдэг бөгөөд бүтээлч сэтгэлгээг шуудхан унтрааж орхидог гэж хэлж болно. Иймээс өглөө дахин дахин сэрүүлгээ унтраачхаад, арай гэж сэрэхдээ утсаараа оролдсоор өглөөг дуусгачихгүйн тулд нэг бол зориулалтын сэрүүлэгтэй цаган дээр сэрүүлэг тавьж, эсвэл утсаа өрөөнийхөө нөгөө талд тавьж хэвшээрэй. Ингэснээр та сэрүүлгээ унтраахын тулд орноосоо заавал босох хэрэгтэй болж, эргээд унтах магадлал тань хамаагүй буурах юм. Мөн өглөө сэрснээсээ хойш дор хаяж 2 цаг утаснаасаа хол байхыг хичээгээрэй. 

3. ДАСГАЛ ХИЙЖ ХЭВШИХ

Хэрвээ өглөө бүр гэрээсээ гараад фитнессд явах боломжгүй байдаг бол ядаж гэрийн нөхцөлд 10-15 минутыг ч гэсэн ямар нэг төрлийн дасгал хийхэд зарцуулж хэвшээрэй. Өөрийн сонирхлоосоо хамаараад иог, булчин хөгжүүлэх дасгал, кардио гээд алийг нь ч сонгосон болно. Эсвэл зүгээр л 15 минут гараад алхсан ч болно. Та огт дасгал хийдэггүй бол энэ дасгал хийх нь танд хэцүү сонсогдож магадгүй. Бүх зүйл багаас эхэлдэг учир бага зэрэг сунгалтын дасгал хийгээд ч болтугай алхам алхмаар урагшлаарай. Ингэснээр та бүтэн өдрийн турш хөнгөн хийгээд сэргэг байх болно. 

4. ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ 

Өглөөний цагаар хийж болох хэд хэдэн тэмдэглэлийн арга байдаг. 

  • Өдрийн төлөвлөгөө гаргах

Ихэнх амжилттай яваа хүмүүс өдөрт хийх төлөвлөгөөг өмнөх орой нь тэмдэглэчхээд өглөө нь дахин шалгадаг. Гэвч танд өглөө төлөвлөх нь илүү тохиромжтой санагддаг бол өглөө хийхэд ч буруудах зүйл байхгүй. Харин төлөвлөлтөө хийж байхдаа “Яагаад?” гэх асуултыг өөрөөсөө асууж байгаарай. 
Яагаад би үүнийг хийх хэрэгтэй билээ? Яагаад үүнийг хийх нь чухал билээ? Ямар үр дүнтэй вэ? гэж өөрөөсөө асууж хэвшсэнээр зорилгоосоо хазайлгүйгээр илүү үр дүнтэй зүйлсийг хийж болох юм. 

  • Таван хуудаст тэмдэглэл

“Morning pages” хэмээн нэрлэгддэг энэхүү арга нь өглөө боссон даруйдаа толгойд орж ирсэн бүх бодлоо 5 хуудас дүүртэл бичихийг хэлдэг. Огт хэрэггүй гэж үзсэн бодлоо хүртэл цаасанд буулгаарай. Өөрийн бичгийн хэв, дүрмийн алдаа гэх жижиг зүйлсэд санаа зовж цагаа үрэх хэрэггүй. Ингэснээр та өөрийн бодлоо цэгцэлж,  хэрэгтэй хэрэггүй бодлуудаа тархинаасаа гарган, өдрийн туршид авах шинэ мэдээллүүдээ өөрийгөө бэлдэж байна гэсэн үг юм.

  • Scripting

“Scripting” хэмээх энэхүү арга нь өөрийнхөө хүсч буй зүйлсийг биелүүлэхэд өөрийн энергиэ ашиглах бичвэрийн хэлбэр юм. Та өөрийнхөө авахыг, эсвэл хүрэхийг зорьж буй ирээдүйгээ аль хэдийн биелчихсэн мэт бичих ёстой. Өөрөөр хэлбэл “Би Парис явахыг хүсч байна” гэхийн оронд “Би Парист ирчихсэн байна” гэж бичнэ. Ингэж бичихдээ маш нарийн мэдээллүүдийг хүртэл тусгаж, үнэхээр л аль хэдийн биелчихээд л сууж байгаа мэт бичих нь чухал. Жишээ нь “Яг одоо байрлаж буй буудлын минь цонхоор Эйфлийн цамхаг шууд харагдаж байна. Ууж байсан кофены минь үнэр одоо ч өрөөг дүүргэх бөгөөд доод давхрын кафед эгшиглэх жазз хөгжим бүдэгхэн ч таатай дуулдаж байна” гэх мэт. 

  • Талархлын тэмдэглэл

Бид маш их зүйлийг эцэс төгсгөлгүйгээр хүссээр л байдаг. Гэвч өөртөө буй зүйлсээ бүрэн хайрлаж, тэдэндээ гүйцэд талархаж сурах хүртлээ бид хэзээ ч хүссэн бүхнээ авч чадахгүй. Тиймээс өглөө бүр өөрийн талархаж явдаг 5 зүйлсээ болон үүнд яагаад талархдаг шалтгаанаа бичиж хэвшээрэй. Маш жижигхэн зүйлс ч байж болох бөгөөд өглөө бүр шинэ бичих нь чухал шүү. Ингэснээр та яг одоо өөрт буй зүйлсээ илүү ихээр хайрлаж, үнэ цэнийг нь илүү мэдэрнэ. 

5. БЯСАЛГАЛ ХИЙХ

Та өмнө нь бясалгалын ямар нэг хэлбэрийг огт туршиж үзэж байгаагүй бол одоо туршиж үзэх цаг аль хэдийн иржээ. Чив чимээгүй суугаад зөвхөн өөрийнхөө бодлыг сонсож, түүнийгээ хянана гэдэг хэцүү сонсогдож байж болох юм. Гэвч та бясалгалд заавал бүтэн 1 эсвэл 2 цагийг зарцуулах албагүй. Мэдээж ингэх нь хамаагүй үр дүнтэй ч анх эхэлж буй тохиолдолд 15 минут хангалттай. Хэрэв “Meditation Guide” хэмээн хайгаад үзвэл Youtube сайт дээр таныг бясалгахад туслах маш олон бичлэгүүд үнэ төлбөргүй байдаг. 

Өдөр бүр, эсвэл долоо хоногт 2-3 удаа бясалгал хийж хэвшсэнээр таны төвлөрөх чадвар мэдэгдэхүйц сайжрах болно. 

6. УНШИХ

  • Өдрийн мэдээ унших

Бид өдөр тутамдаа хэрэгтэй хэрэггүй маш олон мэдээлэл хүлээн авдаг учир ихэнх тохиолдолд сайн дураараа мэдээ уншихаас татгалздаг шүү дээ. Гэвч бидний хүлээн авч буй "давсалсан" орхисон шар мэдээнүүд үнэндээ танд мэдлэг өгдөггүй.Оронд нь илүү бодитой мэдээлэл оруулдаг сайтуудыг сонгоод, өглөө бүр улс орныхоо болон дэлхий дахинд тохиож буй том хэмжээний шинжлэх ухааны нээлт, улс төрийн байдал, санхүүгийн мэдээ зэргийг сонирхож хэвшээрэй. Ингэснээр таны мэдлэгийн цар хүрээ тэлэхээс гадна бусадтай яриа өрнүүлэхэд ч хамаагүй амар болж, танилын хүрээгээ илүү чанаржуулахад тусалдаг. 

  • 30 минут ном унших

Өөрийнхөө сонирхдог хамаагүй номыг барьж аваад өдөр бүр бага багаар уншиж хэвшээрэй. Та 1 жилийн дотор уншсан номынхоо тоог хараад гайхшрах болно. Өглөөг утсаа "маажиж", гоёмсог хувцасласан хүмүүсийн хуурамч амьдралыг ширтэж өнгөрүүлснээс ном уншиж өнгөрүүлбэл таны бүтээлч сэтгэлгээ өдрөөс өдөрт хамаагүй сайжрах юм. 

Та дээрх аргуудыг туршиж үзээд, өөртөө хамгийн ихээр тохирох богинохон ч хамаагүй өглөөний хуваарийг өөрийн болгохыг хичээгээрэй! Сонголтоо зөв хийж, түүндээ тууштай хандаж чадвал та үр дүнг нь заавал мэдрэх болно. Амжилт хүсье!

#Зөвлөгөө #Healthy