15 настай Э.Номин-Эрдэнэ охин анхны номоо хэвлэлтэд гаргалаа


С. Наранжаргал | YOLO.MN
2021-11-23

Ном гэдэг зохиолчийн бүхий л мэдлэг, мэдрэмжийг өөртөө шингээн бүтдэг зүйл билээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид энгийн нэгэн өсвөр насны охины бичсэн номыг онцолж байна.

Өсвөр насанд бүхий л зүйл шинэ мэт санагдаж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ оргилж байдаг. “Мэдрэмж нь үхээгүй догдлол” номын зохиолчийг Энхтулгын Номин-Эрдэнэ гэдэг бөгөөд 15 настай, 10-р ангийн сурагч. Энэ нь түүний анхны хэвлэл бөгөөд тэрээр хоёр жилийн өмнөөс чөлөөт цагаараа шүлэг, бичвэр бичиж зураг зурах болсон байна.

Номын агуулгын хувьд нэгэн хөвгүүнд дурласан сэтгэл, түүнд хэлэх үгс, түүнгүй үед мэдэрсэн мэдрэмжүүдээс бүтэх юм. Өөрөөр хэлбэл, энэ нь та бүхэнд хэн нэгэнд дурлах, түүнийгээ харж ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй байх үеийн мэдрэмжийг өгөх бүтээл гэж хэлж болно. Надад уг бүтээлтэй танилцсаны дараа зохиолч, яруу найрагч Л. Өлзийтөгс өсвөр насандаа ийм бүтээл гаргах байсан байх гэсэн мэдрэмж төрсөн гэдгийг хуваалцах нь зүйтэй байх.

Хүүхдүүд бусдын “Чи арай болоогүй байна”, “Чи чадахгүй болов уу” зэрэг үгсээр өөртөө хязгаар тавьж, хойш суух тохиолдол цөөнгүй. Гэхдээ энэ бүтээл өнөөгийн нийгэмд зөвхөн насанд хүрсэн хүмүүс бус өсвөрийнхөн ч хүссэн зүйлээ хийж чаддаг болсон, мөн  мэдрэмжээ дагах нь чамайг хэн бэ гэдгийг тодорхойлоход чухал алхам юм шүү гэдгийг харуулжээ. Тиймээс аливаа зүйлийг хийж чадахгүй байх, бүтэлгүйтэх байх гэсэн айдас чинь эцэстээ чиний өөртөө итгэх итгэлийг үгүй хийх тул бүтэлгүйтэх байсан ч хамаагүй оролдоод үзээрэй. 15 настай охин ном бичсэн байна. Харин чи юу хийж чадах вэ?

“Мэдрэмж нь үхээгүй догдлол” номын хоёрдугаар хэвлэл тун удахгүй гарах бөгөөд номын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж зохиолч Э. Номин-Эрдэний Инстаграм хуудас руу холбогдон аваарай.

#Мэдээ #Ном