ЗАХИДАЛ: Би түрүүлж залгах хэрэгтэй юм болов уу?


ССҮТөв | YOLO.MN
2019-10-09

mailYolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: "Чамд хүрье гэхэр цаанаасаа л гар хөдөлж өгөхгүй, бие хөшөөд сонин болдог" гэж хэлсэн.

Сайн байна уу? Энэ захидалд заавал хариу өгч тусална уу. Би 19 настай, 3-р курсийн оюутан. Өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй. Эрэгтэй хүнтэй харилцах тал дээр тааруу. Дунд сургуульд байхад хөвгүүд үерхье гэж гуйдаг байсан ч сэтгэлд таарах хүн нэг ч байгаагүй. 2-р курст ороод надаас 3 ах нэг залуутай Фэйсбүүкээр танилцсан. Анх хөгжилтэй залуу шиг л санагддаг байсан. Тэгж явсаар би гэдэг хүн чинь дасчихсан. Бид хоёр бараг 2 жилийн хугацаанд харилцсан хэдий ч бидний нүүр нүүрээ хараад уулзаж байсан удаа цөөхөн. Утсаар ч ярьж байгаагүй. Уулзахаар тохирсон үедээ л бие биенийгээ олох гэж утсаар ярьдаг. Video call-ийг бол яриад ч хэрэггүй.

Сүүлдээ би гайхаад "Хоёулаа яг ямар харилцаатай хүмүүс юм бэ? Чи эхнэр хүүхэдтэй юм уу? Яагаад над руу 1 удаа ч гэсэн залгаад утсаар ярьж болдоггүй юм бэ? Эсвэл тийм завгүй байдаг юм уу?" гээд л хэлчихсэн.

Тэр юу гэж тийм байх вэ дээ л гэсэн. 
Хөөрхий минь, надтай уулзахаараа их сандарна. Чатаар зүгээр харилцаад байдаг хирнээ уулзахаараа нэг их юм ярихгүй. Нэг удаа "Би ичимхий хүн биш л дээ. Гэхдээ чамтай уулзахаар л сандраад байдаг. Чамд хүрье гэхэр цаанаасаа л гар хөдөлж өгөхгүй, бие хөшөөд сонин болдог." гэж хэлсэн. Үнэхээр ч тийм ичимхий хүн биш юм шиг санагдсан. Намайг бодвол хүнтэй ярилцаад, хэл амаа олчихдог, хөдөлгөөнтэй хүн шиг санагдсан. 
Би энэ өөх ч биш, булчирхай ч биш хачирхалтай харилцааг таслахаар шийдсэн боловч тэр намайг тавиад явуулж чадахгүй учир дахин 1 удаа боломж олгооч гэж гуйсан. Би их удаан бодсоны эцэст дахин оролдоод үзье гэж шийдсэн. Гэтэл яг л өмнөх шигээ ямар ч өсөлт дэвшил байдаггүй ээ. Би хосууд шиг хөтлөлцөөд хамт кино үзэж, хамт хоолонд ороод, уулзсан ч удаан уулзахыг хүсэж байна.

"Хайртай, битгий яваач" гээд өөртөө авч үлдсэн юм чинь үерхээд халамжлах хэрэгтэй биз дээ?

Эрэгтэй нь л байдлыг гартаа авдаг биз дээ? Эсвэл би түрүүлж ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй юм болов уу? Би түрүүлж залгаад, би л түрүүлж кино үзье гэж санал тавих хэрэгтэй юм болов уу? Гэхдээ ингэвэл эмэгтэй хүний үнэ цэнээ үгүй хийх гээд байгаа юм шиг санагдаад байна. Зөвлөгөө өгөөч, баярлалаа. 

ЗӨВЛӨГӨӨ: Чиний зүгээс туршиж, хийж болохоор бүх үйлдлийг хийчихвэл дараа нь эргэлзэж харамсахгүй.

Сайн уу, захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн чинь хувьд чухал хүнтэй харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэж байгаа бол нухацтай хандах хэрэгтэй. Чиний зүгээс туршиж, хийж болохоор бүх үйлдлийг хийчихвэл дараа нь эргэлзэж харамсахгүй. Гэхдээ бүх үйлдэл гэдэг нь өөрийнхөө бүх зүйлээ зориул эсвэл өөрийнхөө үнэт зүйлээс татгалз гэсэн үг биш. Хэрвээ чи эрэгтэй нь санаачилгатай байх хэрэгтэй гэж боддог бол чиний зөв. Өөртөө илүү тохирсон эрэгтэйд боломж олгож болно. Аль аль нь санаачилгатай байх хэрэгтэй гэвэл бас л чиний зөв.

Гол нь өөрийнхөө үнэт зүйл, үзэл бодолдоо тийм амархан бууж өгөхгүй байх юм.

Тэр ямар ч хичээл зүтгэл гаргахгүй байна гэж үү? Эсвэл чи анзаарахгүй байна уу? Тэр чиний асуултад яг тодорхой хариулсан уу эсвэл “юу гэж дээ” гээд л өнгөрсөн юмуу? Чамд тодорхой, ойлгомжтой хариулт өгөхийг чи шаардаж болно шүү дээ. Энэ бүгдийг эргэцүүлээд шийдвэрээ гаргаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Захидал #Letter