Америкийн дотуур хувцасны брэнд болох “Victoria's Secret” загварын шоу жилийн жилд дэлхийн загварын тайзийг "донсолгодог”. Үзэгчдийн хувьд тус шоуг чимэх өнгө үзэмж, төгс сахиусан тэнгэрүүдийг харахыг тэсч ядан зорин очдог гэхэд хилсдэхгүй юм. Ялангуяа Бразилийн охин тэнгэр болох супер модель Адриана Лимагийн гоо сайхныг тольдох цуваа тасардаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Тэрбээр 1982 онд Бразилийн Сальвадор хотод төрсөн бөгөөд Африк, Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус судсаар нь гүйж буй.
Түүний жинхэнэ нэрийг Адриана Франческа Лима гэдэг. 15 настайдаа гудамжинд явж байхдаа нэгэн загварын агентлагийн төлөөлөгчтэй таарснаар түүний амьдралд томоохон эргэлт гарчээ.
Өөрөөр хэлбэл Лимад шинэхэн танил нь загвар өмсөхийг санал болгож улмаар Ford Models агентлагаас зохион байгуулсан загварын тэмцээнд оролцож түрүүлэн, олон улсад дэд байрт шалгарснаар түүний амжилтын гараа эхэлсэн юм.
Үүний дараа 1998 онд “Elite” хэмээх загварын агентлагтай гэрээ байгуулж, Нью-Йорк хот руу нүүсэн бөгөөд 1999 онд дотуур хувцасны алдарт брэнд “Victoria’s Secret”-тэй хамтран ажиллахаар болж сахиусан тэнгэрүүдийн эгнээнд элсэн орсон. Түүгээр ч барахгүй 2000 онд “Victoria's Secret 2000” каталогт Хайди Клум болон Летиция Каста нартай хамт зураг нь нийтлэгдсэнээр түүний нэр хүнд өссөн.
Лима 2008 онд таван сая ам.долларын үнэтэй “Black Diamond Fantasy Miracle Bra” дотуур хувцас, 2010 онд хоёр сая ам.долларын өртөг бүхий “Bombshell Fantasy Bra” дотуур хувцас танилцуулж байсан.
Мөн онуудад GQ, ELLE, Esquire, Vogue, Marie Claire зэрэг алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн байна.
Тэрбээр удаа дараалан хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдөж байсан бөгөөд Форбес сэтгүүл өнгөрсөн 2014 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг гэж нэрлэв.
Хэдийгээр энэ үзэсгэлэнт бүсгүй өнөөдөр 34 насыг зооглож байгаа ч дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа алдаагүй байгаа юм. Үүний тодхон жишээ бол тэр Вера Ванг, Кристиан Лакруа, Эммануель Унгаро, Бетси Жонсон, Эмпорио Армани, Жорж Армани, Фенди, Валентино, Ральф Лорен зэрэг дэлхийд алдартай загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилласаар байгаа юм.
Тэрээр энэрэнгүй сэтгэлтэн
Сонирхуулахад, Адрианад загвар өмсөгч болох мөрөөдөл байгаагүй гэнэ. Тэрбээр католик шашинтай бөгөөд гэлэнмаа болохыг мөрөөдөж шашны сургуульд явдаг байжээ. Хэдийгээр нэр алдарт хүрсэн ч шүтлэгтэй хэвээрээ бөгөөд биедээ байнга Библи судрыг авч яван шоу эхлэхийн өмнө залбиран суудаг байна.
Түүнчлэн буяны ажил хийж хүүхдүүдэд туслахыг үргэлжид эрмэлздэг бөгөөд нэр алдарт хүрсэндээ талархаж явдаг аж. Учир нь үүний ачаар өнчин хүүхдүүдэд туслах сан байгуулсан гэж тэрбээр ярих дуртай.
Мөн боломж л олдвол буяны ажилд идэвхтэй оролцож төрөлх хот Салвадорт байдаг “Caminhos da Luz” асрамжийн газарт хандив өргөдөг байна.
Сахиусан тэнгэрийн хувийн амьдрал
Тэрбээр өсвөр насандаа бүрэг ичимхий хүүхэд байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тэр бүр харьцдаггүй байжээ. Тиймээс үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн анхны үнсэлт 17 настайд нь тохиож байв.
Мөн 2001 онд шилдэг дуу зохиогч, дуучин Ленни Зравицтай болзож байгаад 2002 онд сүй хүртэл тависан боловч жил бололгүй салцгаасан. Дараагаар нь Сербийн сагсан бөмбөгчин Марко Яриктай 2008 оны зургадугаар сараас эхлэн уулзаж байгаад 2009 онд гэрлэж, Валентина, Сиенна хэмээх өхөөрдөм охидтой болжээ. Валентина 2009 оны 11 сарын 12-нд төрсөн. Харин Сиенна 2012 оны 9 сарын 12-нд төрсөн юм. Гэвч хосуудын харилцаа бардам байж чадалгүйгээр өнгөрсөн 2014 оны таван сарын хоёрны өдөр салах гэж буйгаа зарлаж энэ оны гуравдугаар сард бүрэн эцэс дууссан юм.
Түүний сайхан биеийн нууц юунд байна вэ
“Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима сайхан харагдахын тулд их хөдөлмөрлөдөг тухайгаа нэг бус удаа өгүүлсэн. Тэрээр шоу эхлэхээс нэг сар хагасын өмнөөс долоо хоногт хоёр удаа дасгал сургуулилт хийж, уураг болон ногоон хүнсний ногоогоор хооллодог байна. Харин шоу болохоос хоёр долоо хоногийн өмнөөс долоо хоногт зургаан удаа дасгал хийдэг. Адрианагийн хоолны гол дэглэм нь уураглаг шэйк уух гэнэ. Мөн тэрээр бусад сахиусан тэнгэрүүдийг бодвол илүү их дасгал сургуулилт хийж, бас илүү хөдөлмөрлөдөг байна. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа би хоёр хүүхдийн ээж төдийгүй, одоо байгаа нас минь загварын ертөнцийн амьдралд минь саад болохыг хүсдэггүй гэжээ.
Спортын хувьд Лима тун сонирхолтой арга барилтай. Тэрээр гүйлт, усанд сэлэлт, йог, дугуй унах зэргээр жингээ барихыг хичээсэн ч залхуутай санагджээ. Тиймээс “сахиусан тэнгэр” маань боксоор хичээллэж эхэлсэн гэнэ. Энэ нь Лимад хөгжилтэй санагдсан төдийгүй давхар зүрхэнд хэрэгтэй ачааллыг өгч, бүхий л булчингаа чангалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ идэвхитэй хөдөлгөөн нь түүний сайхан биеийн хамгийн гол нууц нь гэнэ шүү.
Түүнчлэн зөвхөн хийжүүлээгүй рашаан усыг ихээр хэрэглэж, дархлаагаа дэмжих зорилгоор бага зэргийн зөгийн бал хэрэглэдэг байна.
Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх