Монголын шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтоо өчигдөр /2019.09.05/ Мьянмарын шигшээ багтай талбай дээрээ хийж 1:0 харьцаагаар хожлоо. Тоглолтын цорын ганц гоолыг хагас хамгаалагч А.Дөлгөөн хийж шигшээ баг түүхэн ялалт байгуулав.
4 дугаартай А.Дөлгөөн өдгөө 18 настай, залуу тамирчин бөгөөд түүний гоолын дамжуулалтыг 6 дугаартай А.Нармандах өгсөн юм. Тоглолтын турш Мьянмарын шигшээ баг түлхүү довтолж, бүсийн шахалт хийн тоглосон боловч Монголын шигшээ багийн хамгаалалт сайн байлаа.
Ялангуяа отонгийн шахалтыг маш сайн хийсний хүчинд эсрэг багийнхаа хэд хэдэн аюултай довтолгоог зогсоож чадсан юм. Монголын шигшээ багийн дасгалжуулагч М.Вайс энэ тоглолтод 4:1:4:1 гэсэн тактиктайгаар сөрөг довтолгоонд тулгуурлан тоглосон нь зөв сонголт байлаа.
Энэхүү түүхэн ялалтын нэгээхэн чухал хэсэг нь үзэгч, фанатууд байлаа. Шигшээ багаа дэмжихээр ирсэн мянга мянган фанатууд цэнгэлдэхийг дүүргэн цугларч, уухай түрэн Монголынхоо шигшээ багийг дэмжиж байв. "Энэ л бидний хүсээд байсан ДАШТ-ий уур амьсгал юм шүү дээ" хэмээн шигшээ багаа дэмжихээр ирсэн фанат бахархан ярьсан юм.
Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын давааны F хэсэгт /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ багтсан. Одоогийн байдлаар F хэсэгт багтсан багууд Дэлхийн чансаагаар Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байна. Шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 10-нд Тажикстаны багтай мөн талбай дээрээ хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх