Сурагчийн ширээнээс энтрепренер болохоор зорьж, өдгөө технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Diverse Solutions” компанийг үүсгэн байгуулсан 21 настай М.Энх-Амгаланг урьж ярилцлаа. Тэрээр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр 3-р дамжаанд суралцдаг.
Түүнтэй залуус шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл, технологийн салбарын онцлог зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсаныг хүлээн авна уу.
YOLO: Бизнес эхлүүлэх санаа анх хаанаас төрсөн бэ? Аппликэйшн болон вэбсайт хийх болсон шалтгаанаар тань ярилцлагаа эхлүүлье.
- Би 2018 онд Шинэ Монгол Технологийн Коллежийг Цахилгаан электроникийн инженер чиглэлээр сурч төгссөн. Энэ сургуульд сурч байхдаа гарааны бизнесийг дэмжих зорилгоор зохион байгуулагддаг “Start up Mongolia” тэмцээнд амжилттай оролцож анхныхаа санхүүжилтийг авч байсан. Ийнхүү санхүүжилт авсан ч багийн санаа маань бүтэлгүйтсэн юм.
Тиймээс өөр зүйл туршиж үзэхээр шийдэн ангийнхаа хоёр найзын хамт фитнессийн шинэ төрлийн менежментийн систем буюу аппликэйшн зохион бүтээсэн. Энэ санаагаараа гарааны бизнестэй холбоотой найман тэмцээнд оролцож байлаа. Эхний тэмцээнүүдэд бүтэлгүйтсэн ч шантрахгүй явсны эцэст 2017 онд оролцсон “Global Youth Entrepreneurship” олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж 10 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Тухайн үед аппликэйшнээ хөгжүүлж, хэд хэдэн фитнессүүд дээр туршиж үзсэн ч санхүүгийн асуудал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж төсөл маань цааш хэрэгжээгүй.
Ингээд намайг хувийн байгууллагад хөгжүүлэгчээр ажиллаж байхад ажлын саналууд ирдэг байсан нь түлхэц болж, хийх дуртай зүйлээ бизнес болгохоор шийдсэн юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас бэлтгэл ажлаа эхлүүлж, дараа сард нь оффистоо орж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
YOLO: Дөнгөж 20 настайдаа бизнесээ эхлүүлсэн шүү дээ. Залуу хүний хувьд бизнесээ эхлүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байв?
- Технологийн чиглэлээр бизнес хийхийн давуу тал нь интернэт, компьютер, оффис байхад л ажлаа хийх нөхцөл бүрддэг. Их хэмжээний гарааны зардал шаардлагагүй ч тодорхой хэмжээнд бол хэрэгтэй байсан. Зах зээлд бүтээгдэхүүн нэвтрүүлэх тохиолдолд ямар төрлийн бизнес эрхлэх гэж байгаагаас шалтгаалж хөрөнгө зарлагадах хэмжээ нь өөр байдаг. Харин бидэнд захиалагч, компьютер, оффис нь бэлэн байсан учир бэрхшээл харьцангуй бага байв. Бас бус зардлыг би өөрийн хуримтлалаасаа гаргасан ч мөнгөгүй болох үе чамгүй олон байсан.
YOLO: Хөл хориотой зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Цар тахал хэрхэн нөлөөлсөн бэ?
- Ихэнх бизнесүүд “COVID-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа зогсоож, санхүүгийн алдагдалд орж байгаа ч бид харьцангуй тогтвортой ажиллаж байна. Учир нь цар тахлын үеэр цахим худалдаа, платформ бизнесүүд хөгжиж эхэлсэн. Хүмүүс ч дижитал шилжилтийг ойлгодог болсон. Энэ нөхцөл байдалд технологийн чиглэлийн гарааны бизнес эхлүүлбэл илүү тохиромжтой гэж бодсон юм. Тиймээс цар тахал манай үйл ажиллагаанд саад болоогүй.
YOLO: Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудаас ялгарах онцлог тань юу вэ?
- Залуучуудаас бүрдсэн баг учраас шинэ, шилдэг технологийг нэвтрүүлэх гэж хичээдэг. Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудтай харьцуулахад шинэхэн хэдий ч аливаа ажлыг хийхдээ түүнийгээ хэзээ ч захиалгын ажил гэж хардаггүй. Жишээлбэл, онлайн худалдааны аппликэйшн бүтээх санал ирэхэд би өөрөө энэ чиглэлээр ажилладаг байсан бол гэдэг талаас нь харж өөрийнхөө санааг харилцагчийнхаа санаатай уялдуулдаг.
Харилцагчид вэбсайт, аппликэйшн хийлгэхдээ хэрэгцээгүй зүйл дээр ач холбогдол өгөх хандлагатай байдаг. Гэхдээ харилцагч бүрээ бизнес эрхлэгч гэдэг үүднээс нь хүлээн авч харилцдаг учраас технологийн шийдлээ хамтдаа гаргадаг нь манай давуу тал гэж боддог.
YOLO: “Diverse Solutions” компани байгуулагдаад хэдийнэ нэг жил болжээ. Танай хамт олон энэ хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
- Манайх нэг жилийн хугацаанд долоон хувь хүн, байгууллагатай хамтарч ажилласан байна. Тухайлбал, манай компанийн dsolutions.tech вэбсайт, “Цаатан” брэнд болон “Монном” төслийн вэбсайт, CRM буюу хэрэглэгчтэй харилцах менежментийн систем, аппликэйшн, CSGO тоглоомын Lann.mn вэбсайтын төлбөрийн системтэй холбоотой хөгжүүлэлт, “Ард Холдингс” компанийн dax.mn вэбсайтын дизайны шинэчлэлт зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
YOLO: “Diverse Solutions” нэрийн утга?
- Англиар орчуулбал олон төрлийн шийдэл гэсэн утгатай. Дэлхийн хэмжээний компани болох зорилготой учир ингэж нэрлэсэн.
YOLO: Ихэнх бизнесүүд дижитал систем рүү шилжиж байна. Монгол улсад энэ салбарын эрэлт хэрэгцээ их байдаг уу?
- Миний бодлоор дэлхийд технологийн хэрэгцээ шаардлага үргэлж л байх болно. Учир нь энэ салбартай холбогдохгүй зүйл гэж байхгүй. Биотехнологи, химийн салбар хүртэл кодтой холбогддог. Тиймээс Монголд энэ салбарын эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхээс биш илүүдэхгүй.
YOLO: Бизнесийн үйл ажиллагааг явуулах болон вэбсайт, аппликэйшн хийхэд ямар үндсэн зарчмыг баримталдаг вэ?
- Програм хангамж хөгжүүлэлтийн менежментэд Agila, Waterfall гэсэн хоёр алдартай арга байдаг. Waterfall арга нь хэрэгцээ шаардлага нь тодорхой, өөрчлөлт багатай төслүүдэд тохиромжтой. Харин Agile арга руу шилжихэд харилцагчидтайгаа долоо хоног бүр ярилцаж, хийсэн ажлуудаа үзүүлж, түүн дээрээ өөрчлөлтүүд хийдэг. Монголд ажлаа өгчхөөд орхичихдог хүмүүс байдаг учир харилцагчаасаа хамаарах тохиолдол олон. Энэ хоёр зарчмыг баримтлахаас гадна аливаа ажлыг чанартай гүйцэтгэлтэй хийхийг хичээдэг.
YOLO: Бүхий л бизнест эрсдэл байдаг шүү дээ. Танай бизнест ямар эрсдэл байна вэ?
- Ямар ч бизнест санхүүгийн эрсдэл бий. Мөн байгууллага бүр өсөж дэвжих ёстой. Хөгжих хурд нь ямар байх вэ гэдгээс шалтгаалж цаг хугацаа алдах эрсдэлтэй. Гэхдээ бид нар зах зээлд бүтээгдэхүүн борлуулдаггүй аутсорсинг компани учраас эрсдэл харьцангуй багатай.
YOLO: Танай хамт олны тухай ярилцъя. Хэдэн хүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг вэ? Ажилтан авахдаа ямар шалгуурыг тавьдаг вэ?
- Анх есөн хүний бүрэлдэхүүнтэй байсан бол цар тахлын улмаас нэг гишүүн маань гарсан. 21-23 насны залуучууд ажилладаг. Бизнесээ эхлүүлэхдээ бие биенээсээ суралцах зарчмаар ажилладаг байсан. Тухайн хүнтэй ойлголцоход хялбар байдал болон сурах хүсэл эрмэлзлийг нь харгалзан ажилд авдаг байсан бол одоо мэдлэг чадварыг чухалчилдаг болсон. Анхандаа үнэхээр хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг явц дундаа сургаад авъя гэж бодсон ч чадвар чухал гэдгийг ойлгосон.
YOLO: Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа хуваалцаач. Цахимаар хичээл хийхийн хажуугаар бизнесээ удирдах амаргүй байх?
- Ажлын өдрүүдийг маш завгүй өнгөрүүлдэг. Ихэвчлэн өглөөний 07:00 цагт босож 09:00 цаг гэхэд ажил дээрээ очдог. Өглөө уулзалттай бол үүнээс ч эрт очиж захиалагч нартай уулзана. Ажлынхаа хажуугаар шинэ төрлийн бизнесийн санаа, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд, компьютерын шинжлэх ухааны тухай судалж байна. Ерөнхийдөө өдөрт 12-13 цагийг ажилдаа зарцуулдаг. Чөлөөт цагаараа сагс тоглож, кофе уух дуртай.
YOLO: Аппликэйшн бүтээдэг хүний хувьд ямар платформуудыг өдөр тутамдаа ашигладаг вэ?
- Хувийн төлөвлөлт, цагийн менежмент дээр Google Calendar-ийг ашиглахад амар байдаг. Мөн Facebook, Facebook Messenger, Insragram, ClickUp, Monday зэрэг аппликэйшнуудыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Багийн болон төслийн менежмент дээр ClickUp, Monday платформууд илүү бүтээмжтэй ажиллахад тусалдаг.
YOLO: Цаашдын зорилго юу вэ? Бизнесээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
- Дэлхийн хэмжээний компани болох зорилготой. Одоогоор АНУ-аас жижиг хэмжээний системийн засварын ажлууд авч ажиллаж байна. Оны эцэс гэхэд өөр байгууллагатай нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ба тэр үеэр “Microsoft” компанитай харилцагч болох зорилго тавьсан. Монголд байдаг аутсорсинг компаниуд гадаадаас томоохон хэмжээний ажлын захиалга авч ажилладаг. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болохоор төлөвлөж байна. Мөн энэ зунаас хамт олноо 7-13 ажилтнаар өргөжүүлэх төлөвлөгөөтэй.
YOLO: Өөрийн бизнесээ эхлүүлэх гэж буй залууст зөвлөгөө өгөөч. Залуучууд зах зээлд өрсөлдөхөд хэр их боломж байдаг вэ?
- Зах зээлийн хувьд аль чиглэл рүү орох гэж байгаагаас хамаардаг ч бүх салбарт орон зай байдаг гэж боддог. Гэхдээ залуучууд бизнес эрхлэх гэж байгаа бол эхлээд тухайн салбарынхаа талаар мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Орчин үед гарааны бизнесүүд олон болсон ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй, алдагдалд орох нь ихэссэн байна. Зарим залуус сургуулиа орхиод бизнес эрхлэх нь зөв юм шиг ойлголттой болчихсон. Хэрвээ хажуугаар нь хичээлээ хийж, сургуульдаа сурч чадахгүй бол бизнес эрхлэх гэж оролдох хэрэггүй юм шиг санагддаг. Коллежид цахилгаан электроникийн инженер мэргэжлээр сурдаг байхад сурлагын дүн муутай сурагч байсан. Одоо бодоход мэргэжлээ илүү сайн ойлгох ёстой байж гэж харамсдаг. Одоо бол харьцангуй голч өндөртэй оюутан болсон. Тиймээс эхлээд мэдлэгээ нэмэгдүүлснийхээ дараа бизнес эрхлэх талаар судлаарай гэж зөвлөмөөр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх