ЗАХИДАЛ: Би их залхуу, шантрамтгай болсон


ССҮТөв | YOLO.MN
2017-07-31

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Сүүлийн үед үнэхээр залхуу болсон

Аль болох өөрийгөө завгүй байлгаж, сонирхсон зүйлдээ явсан ч түүнээсээ шантарч, нэг л сулбагар байгаад байна.

Сайн байна уу. Би одоо 14 настай, 9-р ангид орно. Дунд ангиа төгсөх гэж байгаа ч одоо болтол сурах арга барилаа олоогүй, англи хэлдээ муу, бас ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо ч шийдээгүй байна. Хэрхэн мэргэжил сонгох вэ? Яаж хичээлдээ сонирхолтой болох вэ? Бас сүүлийн үед үнэхээр залхуу болсон. Аль болох өөрийгөө завгүй байлгаж, сонирхсон зүйлдээ явсан ч түүнээсээ шантарч, нэг л сулбагар байгаад байна. Надад туслаач.

ХАРИУЛТ: Чамд цаг хугацаа байна

Мэргэжлээ сонгоход чамд  4 жилийн хугацаа байна

Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Чамд цаг хугацаа байна. Мэргэжилээ сонгоход чамд  4 жилийн хугацаа байна. Тиймээс мэргэжлээ сонгоход чинь туслах дараах зөвлөгөөг хүргье:
 

1. Мэргэжлийн чиглэлээ сонго. Дэлхий дээр 40000 гаруй мэргэжил бий гэсэн судалгаа бий. Эдгээр мэргэжлийг харилцах чиглэлээр нь дараах 5 үндсэн хэсэгт хуваадаг.

1. Хүнтэй харилцдаг мэргэжлүүд / цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцааг/
2. Техниктэй харилцдаг мэргэжлүүд /шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд/
3. Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач г.м /
4. Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж г.м/
5. Уран сайхны дүртэй харилцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжигчин, дуучин г.м/

2. Бодит байдлыг судал. Сонгосон мэргэжлийн чинь чиглэлээр бодит амьдрал дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилц.

3. Өөрийгөө судал. Өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, юунд сэтгэл ханамжтай байдаг, юунд гонсойдог, илүү сайн хөгжсөн онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Чи юу хүсэж байна гэдгээ мэд. Үүний тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Интернет болон бусад эх сурвалжид байгаа мэргэжил сонголтын сорилоор өөрийгөө сорьж үзэж болно.

4.  Сургуулиа судал. Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай.

Мөн суралцах 3 төрлийн хэв загвар байдаг. Үүнд сонсголын, хөдөлгөөний, харааны хэв загвар хуваадаг. Чи аль хэв загвараар хичээлээ хийдэг вэ? Хэрэв мэдэхгүй бол бүх хэв загварыг туршиж үзээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#much #lazy #teenagers