Баянзүрх дүүргийн Хүүхдийн холбооны хамт олон дүүрэгтээ бүтээн байгуулагдаж буй “Ид шидийн орон 2” төслийн багийнхны ажил үйлстэй танилцахын зэрэгцээ тохижилтын ажилд нь тусалж, бяцхан дүү нартаа ном хичээлийн хэрэгсэл хандивлалаа.
Холбооныхоо үйл ажиллагааны талаар бидэнд товч мэдээлэл өгөөч?
БЗД-ийн хүүхдийн холбооны тэргүүн Ө.Номин-Эрдэнэ: - Манай БЗД-ийн хүүхдийн холбоо 2018 онд дахин шинэчлэгдэж, үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна. БЗД-ийн хүүхдийн холбоо нь сургуулиудын сурагчдын өөрөө удирдах байгууллагын тэргүүнүүд болон сайн дурын хүүхдүүдээс бүрддэг бөгөөд хүүхдийн хамгаалал, оролцооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Баянзүрх дүүрэг нь нийслэлийн хамгийн их хүүхэдтэй дүүрэг юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн бүх хүүхдийн 5-ний 1 нь манай дүүрэгт оршин суудаг гэсэн үг. Холбоо байгуулагдаад жил гаруй хугацааны дотор багагүй ажил, сайн үйлсийн аян хийсэн.
Ажлуудаасаа томоохноос нь дурдвал, холбооны гишүүд болон сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүд хамтраад “Эко аялал” буюу голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэсэн. Мөн хүүхдүүд бидний эрх ашиг зөрчигдөхөд хамгийн түрүүлж шийдвэрлэдэг 500 цагдаа ах, эгч нартаа талархсанаа илэрхийлж “Талархлын өдөрлөг” зохион байгуулсан. Цахим гэмт хэргээс сэргийлэх Unfriend хөдөлгөөнийг Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлсэн зэрэг үр бүтээлтэй, өргөн цар хүрээтэй олон ажлыг хийжээ.
- “Ид шидийн орон” төслийнхөө талаар товч танилцуулаач?
“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн удирдагч Ч.Ганжавхлан:- Ид шидийн орон бол нийгмийн хэрэгцээнээс үүссэн төсөл юм. Нийгмийн хүнд нөхцөлд амьдарч байгаа, сургууль цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, “Цоожтой хаалганы” цаана хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд маш их олширч байхад нийгмийн хариуцлагаа ухамсарласан ах эгч нарынх нь хувьд үнэхээр тэвчээд, зүгээр сууж чадахгүй асуудал юм.
Тийм учраас ямар нэг зүйлийг бид хийж бүтээж байж өөрчлөлтийг хийж чадна гэсэн бодлын үндсэн дээр эхэлсэн төсөл байгаа. Ид шидийн орон төсөл анх 2017 онд эхлээд анхны цогцолбор маань Баянхошууны Зүүнсалаа хэмээх газар баригдаад өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Харин “Ид шидийн орон 2” төв маань Баянзүрх дүүрэгт яг одоо баригдаж байна. Ид шидийн орон маань хүүхэд хамгааллын төвтэй, мөн хүүхэд хөгжүүлэх төвтэй.
- Хэдий хэмжээний хүн хүчээр энэхүү бүтээн байгуулалт өрнөж байна вэ?
- Мянга мянган залуучууд... нэг л өдөрт гэхэд бидний ажилд туслахаар 150-200 хүн ямар ч шан харамж, цалин авахгүйгээр сайн дураараа ирж ажиллаж байна. Харин барилга дээр орон тооны 40-50 хүн 24 цагаар ажиллаж байна. Тэгэхээр монголын ирээдүй болсон мянга мянган залуучууд энэ бүтээн байгуулалтыг хийж байна гэсэн үг. Үүний нэгээхэн жишээ нь Баянзүрх дүүргийн Хүүхдийн холбооны дүү нар маань өнөөдөр ирж тусалж байна шүү дээ.