“Z” үеийнхний чуулга уулзалт боллоо


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-01

Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн төлөөллийг хамруулсан “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” хүүхдийн уулзалт Монголын Хүүхдийн ордонд зургадугаар сарын 28-нд боллоо.

Энэхүү уулзалтын онцлог нь мэдээлэл технологийн эрин үед төрсөн Z generation  буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийнхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах юм.

Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1/3-ийг 18 хүртэл насны хүүхэд эзэлдэг. Хүүхдүүд өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг олж авах, өөрийгөө хөгжүүлэх хамгаалах, санал бодлоо илэрхийлэх гэр бүл, сургууль олон нийтийн хүрээнд өөрт хамааралтай шийдвэр гаргахад оролцох, шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах, өөрийн болон хамт олны эрх ашгийг хамгаалах зорилгоор нэгдэж байгууллага клуб, бүлгүүдийн үүсгэх, тэдгээрт нэгдэн орох эрхээ эдлэхийг хүүхдийн оролцоо гэж тодорхойлсон байдаг. Хүүхдийн үзэл бодол, дуу хоолойг сонсож бодлого шийдвэртээ тусгах нь улс орны хөгжил дэвшилд үнэ цэнэтэй чухал юм.

2018-2019 онд хэрэгжүүлэх Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зорилтод Хүүхдийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх хэмээн тодорхойлжээ.

Оролцогч хүүхдүүдээс:

-        Өөрийгөө 15-20 жилийн дараа ямар байна гэж төсөөлж байна вэ?

-        Монгол Улсын ирэх 20 жилийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-        Мөрөөдөлдөө хүрэхэд танд юу хэрэгтэй вэ?

-        Та одооноос юуг хийж эхлэх вэ?

зэрэг асуулгад хариулт авах нь уулзалтын бас нэгэн зорилго байв.

Уулзалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгуулж өндөрлөлөө.

Гэрэл зургийг Г.Сэргэлэнбаатар

#Z_generation