Зурсан зургаараа өөрийн дотоод ертөнц, мэдрэмжээ бүрэн илэрхийлэх мөрөөдөлтэй ирээдүйн архитектор, өсвөр үеийн төлөөлөл болсон нэгэн охинтой энэ удаагийн ярилцлагаа бэлтгэлээ. Түүний зурсан зургуудаас сонирхож дотоод ертөнцөөр нь аялцгаая. Зурдаг хүмүүс цаанаа л тайван, амгалан байдаг юм шиг ээ. Ярилцаад сууж байхад батлагдсан шүү ххэ.
YOLO: Сайн байна уу? Өдрийн мэнд. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Сайн байцгаана уу? Намайг С.Энхжин гэдэг. Би 44-р сургуулийн 12б ангид суралцдаг. Чөлөөт цагаараа зурах дуртай.
YOLO: Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Бараг ухаан орсон цагаасаа зурж эхэлсэн гэж хэлж болно /инээв/. Ээж минь ярьдаг юм. Чи бага байхдаа зураг зураад, тэрийгээ ах, эгч нартаа зараад олсон мөнгөөрөө зайрмаг авч иддэг хүүхэд байж билээ гээд байнга шоолдог юм. Харин зурахад хичээлээсээ илүү цаг зав зарцуулж, зурагт хайртай болсон нь 8-р ангиасаа хойш.
YOLO: “Тэр хүнийг хэчнээн их зураг зурснаар нь хэр их ганцаардсаныг нь харж болно” гэсэн үгийн тухайд юу гэж хэлэх вэ?
-Миний хувьд зураг зурж байхдаа хэзээ ч ганцаарддаггүй. Харандаа, цаас хоёр хоорондоо хоршин найрал дуу, эсвэл хийлийн аяз шиг сонсогддог. Бийр минь нисдэг хивс болоод намайг гайхамшгийн оронд аваачдаг яг л зургандаа орчихсон мэт. Өөрийн байх ёстой газраа байгаа учраас би хэзээ ч ганцаардаж байгаагүй.
YOLO: Олон зураг зурлаа гээд тэр жинхэнэ зураач болохгүй гэж чи хэлсэн. Магадгүй зураг зурах авьяастай хүн гэж хэлнэ гэлээ. Тэгвэл зураг зурах авьяастай хүн, жинхэнэ зураач хоёрын ялгаа нь юу вэ?
-Энэ нь яг л загас, хүн хоёрыг харьцуулж буй мэт гэсэн үг. Загас төрөлхийн усанд сэлэх чадвартай төрдөг. Харин хүн усанд сэлж сурдаг, түүндээ мэрэгшсэн ч байж болно. Гэхдээ төрөлхийн чадвартай төрөх нь түүнийг мэргэжлийн түвшинд хийж чаддаг байхаас өөр ойлголт гэж бодож байна.
YOLO: Шүлэг бичихэд хүртэл онгод орно гэж байдаг шүү дээ. Тэгвэл зураг зурах тэр онгод, мэдрэмжийг яаж мэдэрч зурдаг вэ?
-Зураг зурахад мэдээж мэдрэмж хэрэгтэй. Миний хувьд тэр мэдрэмжийг ямар нэгэн үзэсгэлэнтэй зүйл харах үед орж ирдэг. Энэ нь гэхдээ үзэсгэлэнтэй хүн ч юм уу, сайн сайхан зүйл харах үед мэдрэгддэг мэдрэмж бус гол нь үнэн зүйлийг харах үед, жишээ нь: Бороо орж буй чимээг сонсоход, эмээ нь ач хүүдээ зайрмаг авч өгч буй дүр зургийг хараад, эсвэл хүүхдүүд хичээнгүйлэн бичсэн захиагаа ээждээ бэлэглэж буйг харах тэр л үзэсгэлэнг харахад миний зурах хүсэл илүү ихээр нэмэгддэг.
YOLO: Бүх хүнд анхны зүйл гэдэг хэзээ ч мартагддаггүй гайхалтай дурсамж байдаг. Хамгийн анхны зураг зурж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Миний сайн санадгаар бол ээж минь намайг 2 настай байхад анх усан будаг авчирч өгч байсан. Гэрийнхнийгээ ажилдаа явсан хойгуур гэрийнхээ шалан дээр хэвтэж байхдаа нэг зөгий зурж байсан юм. Дараа нь зургаа харсан чинь нэг л аятайхан санагдаад /инээв/ дараа нь аавдаа харуулахад их л магтаж байсныг нь тод санагддаг. Түүнээс хойш энэ чадвараа хөгжүүлье гэж бодсон. Тэр үед зурсан зөгийг одоо хүртэл мартдаггүй.
YOLO: Уран зургийн олон төрөл байдаг шүү дээ. Тэгвэл өөрийн чинь зурдаг төрөл юу вэ?
-Би зураг зурахдаа төрөлд баригддаггүй. Ихэвчлэн хүн зурдаг гэхдээ хөрөг зураг юм уу бодит хүн зурж үзээгүй. Гартаа бийрээ бариад л надад юу мэдрэгдэж байна гэдгээ анх бодсоноороо шууд л зурчихдаг.
YOLO: Бас нэг хүн “Би өөрт байхгүй зүйлээ зургаараа илэрхийлэхийг хүсдэг” гэсэн байдаг. Чи ихэвчлэн хүн зурдаг гэсэн шүү дээ. Тэгвэл зурагныхаа гол дүрийг хэрхэн бүтээдэг вэ? Юун дээр илүү анхаардаг вэ?
-Эцэг эх болгон өөрийн хүүхдүүддээ өөртөө байгаа хамгийн сайн сайхан зүйлийг эсвэл өөрсдийнхөө авч чадаагүй зүйлсийг хүүхдүүддээ өгөхийг хичээдэг байх. Яг түүнтэй адилхан би өөрт байхгүй бүхий л сайн сайхан, үзэсгэлэнтэй зүйлийг зургийнхаа гол дүрд өгөхийг хичээдэг. Миний хувьд зургууд минь миний хүүхдүүд.
YOLO: Олон тэмцээн уралдаанд ордог байх. Хамгийн анхны оролцсон тэмцээн чинь?
Би хамгийн анх 6-р ангидаа нэг олимпиадад орж байсан юм. Тэгээд их л өөртөө итгэлтэйгээр 1-р байранд орно гэж бодоод л хариугаа хүлээсэн. Хариу нь гарлаа. /инээв/. Тэгсэн чинь сүүлээсээ 7-р байранд орсон байдаг байгаа. Энэ ч харин гайгүй тэр дүнг багш маань бүтэн жил манай ангийн хананд өлгөсөн юм даа. Их сэтгэлээр унаж, шантарч байсан ч цаашид надад зөндөө их хугацаа байгаа гэж бодоод улам илүү хичээх болсон. Бүүр ватум цаасыг 8 тэнцүү хуваагаад олон жижиг хэсэг болгоод зурах бэлтгэл хийдэг болсон.
YOLO: Авч байсан шагналуудаасаа хуваалцвал?
Миний хувьд хамгийн том шагнал минь Японы Канагава мужийн урчуудын холбооноос зохиосон Монголын хүүхдийн зургийн 7 дахь удаагийн уралдаанд “Шилдэг бүтээл” шагналын эзэн болсон.
YOLO: Ямар өнгөнд дуртай вэ? Зураг зурахдаа байнга хэрэглэдэг өнгө байдаг уу?
Би далайн цэнхэр өнгөнд их дуртай. Маш зөөлөн, тайван байдлыг илтгэдэг. Бага зэргийн ягаан өнгө орсон байвал бүүр ч гоё. Бас оливын ногоон өнгөнд дуртай. Зурахдаа ч байнга цэнхэр болон ногоон өнгийн ашигладаг.
YOLO: Зураг зурах нь хувь хүний ямар чадварыг хөгжүүлдэг вэ?
-Нэг удаа манай багш надад “Чи зураг зурсаар байгаад бүүр тэнэг болчихжээ” гэж хэлж байсан. Би энэ үгэнд нь их гомдож байсан. Яагаад гэвэл хүн ухаантай, эсвэл тэнэг байна гэдэг нь тухайн хүн хэр их зүйлийг мэдэж байна гэх цар хүрээнээс илүүтэйгээр хэн илүү сэтгэж байна, хэн илүү ухамсартай байна гэдгээс шалтгаалдаг гэж боддог. Зураг зурснаас хүн илүү дотоод сэтгэл рүүгээ өнгийж, өөрийгөө хэн болохыг, юу хүсэж мөрөөддөгийг, юу өөрийг нь илүү их тайвшруулдгийг мэдэж авдаг юм шиг санагддаг.
YOLO: Өөрийн зургуудаа 3 үгээр илэрхийлбэл?
-Үзэсгэлэнтэй, зүүд, дурлал
YOLO: Зураг зурдаг өсвөр насны хүүхүүдэд зориулж зөвлөгөө өгвөл?
-Саяхан би нэг том тэмцээнд орсон, гэхдээ шагнал аваагүй. Тодорхой хэмжээгээр сэтгэлээр унасан ч гэсэн тэмцээний үзэсгэлэн гаргасан үеэр олон хүн миний зурагны талаар асуусан. Энэ зургаа яаж сурсан бэ? Ямар утгатай зураг вэ? Чиний зургийг харсан цагаасаа л ямар утгатай юм бол гэж бодлоо гээд л. Тэр нь надад шагнал авахаас илүү үнэ цэнэтэй санагдсан. Тиймээс хүн болгон чиний зургийг ойлгох албагүй. Хүмүүст сэтгэгдэл үлдээж, тэдний харах өнцгийг өөрчилж чадвал зураач хүний үнэ цэнэ оршино. Бусад хүмүүс чиний зургийг үнэлсэнгүй гэж сэтгэлээр унах хэрэггүй. Харин чиний зургийг ойлгож, үнэлэх хүмүүс зөндөө олон бий. Хэзээ ч битгий өөртөө сэтгэл дундуур байгаарай.
YOLO: Гэр бүлийнхэн чинь хэр дэмждэг вэ?
-Манай ээж байнга ингэж хэлдэг “Өөрийгөө жаргалтай болгож байгаа, хийхийг хүссэн зүйлээ л хий тэгвэл амьдрал чинь илүү утга учиртай юм шиг санагдана” гэж. Намайг юу жаргалтай болгодгийг тэд маань мэдэж байгаа учраас их дэмждэг.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?
-Би эцэг эхээ өөрийн гараар барьсан байшиндаа аз жаргалтай амьдруулахыг хүсдэг. Тэгэхээр би архитектор болно гэж бодож байгаа.
YOLO: Ямар мөрөөдөлтэй вэ?
-Би хараахан өөрийн дотоод ертөнц, өөрийнхөө мэдэрдэг зүйлсийг зургаараа бүрэн илэрхийлж сураагүй байгаа. Тийм учраас тэр бүгдийг илэрхийлсэн зургаараа үзэсгэлэн гаргах мөрөөдөлтэй.
YOLO: Ярилцсанд маш их баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх