Таны заавал очиж үзэх ёстой цуврал энэ удаа Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт орших байгалийн өвөрмөц бүтэц бүхий “Их газрын чулуу”цогцолбор газрыг онцолж байна. “Их газрын чулуу” цогцолбор нь Монголын их норжин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хойш урагшаа чиглэлтэй 20 гаруй км зайд үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь Ерлөг уул (1706 м) юм. Тус байгалийн үзэсгэлэнт газрыг 2003 онд улсын тусгай хамгаалтад авчээ.
Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг.Унаа хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай бөгөөд мөн “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзадад зориулсан дурсгалын хөшөөг та үзэж харах боломжтой. Газрын бартаа ялимгүй их, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм.
“Их газрын чулуу” цогцолборт аялахдаа анхаарах ёстой зүйлс
1. Мандалговиос 80 гаруй км шороон замаар явдаг бөгөөд цогцолбор дотор явж байхад эмх замбараагүй чулуунууд таны машины эд ангийг гэмтээж магадгүй учир машиныхаа аюулгүй байдлыг сайн хангаж аялалд гарах хэрэгтэй.
2. Энэ үзэсгэлэнтэй газар ирсэн бол гайхалтай зурагтай болохгүй бол алдас болох вий. Тиймээс зургийн аппарат эсвэл сайн камертай утастай яваарай.
3. Хад чулуу ихтэй учир санаандгүй байдлаар гэмтэх магадлал өндөр байдаг бөгөөд анхны тусламжийн хайрцгаа авч явахаа мартав аа.
4. Та хэрэв “Их газрын чулуу” цогцолборын ойр хавьд хоноглохоор төлөвлөж байгаа бол жуулчны бааз тийм ч элбэн биш бөгөөд үнэтэй, тэгэхээр майхан, аяны хөнжил бэлдэж явахыг зөвлөе.
5. Хээрийн цайгүй аяллыг ямар аялал гэх билээ. Цайнд хэрэглэгдэх наад захын хэрэгцээ буюу талх, боорцог, хиам, бэлэн гоймон зэрэг нь хамгийн ойр орших Мандалговьд жаахан үнэтэй байдаг тул идэж уух зүйлээ эртхэн бэлдэж яваарай.
Таны Монголынхоо үзэсгэлэнт газраар аялах аян зам тань өлзийтэй байг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх