ФОТО & ВИДЕО: Дуучин УКА-тай "Be Live Show"


Сондор | YOLO.MN
2017-09-11

Дуучин УКА Be LIVE show 2017 бие даасан тоглолтоо  өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай талбайд хийлээ.

Мобиком корпорацийн Be брэндээс зохион байгуулж буй энэхүү тоглолтод залуусаас хамгийн их санал авсан Rokit Bay, Big Gee, A-Sound, The Colors зэрэг хамтлаг, уран бүтээлчид тоглосон юм.








Гадаа хааяа хаяахан бороо шивэрч, хэчнээн сэрүүхэн байсан ч залуусын дуртай хамтлаг дуучид рэпперүүдийн түгээсэн эмоци уур амьсгалыг халуун дулаан болгож байв.

Нэрийг нь хэлэхэд л уянгалаг яруу дуунууд нь чихэнд сонсогдох A Sound хамтлагийнхан сэтгэлд дотно дуунуудаараа уярааж их л романтик орчныг бий болгоход хайртай хосууд бие биеэ тэврэн үнсэцгээж байв.




The Colors, A Sound  хамтлагийн дараа хэсэг завсарлага авч, тогос мэт хээнцэр бразиль бүжгийн хувцастай бүсгүйчүүд тайзнаа "Мөрөөдөл" дууны аянд бүжсэнээр үдшийн гол эзэн Укагийн тоглолт эхэлсэн юм.

Тэрээр үзэгчидтэйгээ мэндлээд "Яг одоо хажууд байгаа хүмүүсээ халуун дотноор тэвэрье" гээд амьд хөгжмийн Jazz Band хамтлагтай "Хөг-Жим" цомогтоо орсон "Хайр хөгжим юм уу" дуугаа дуулсан. "Энэ дуугаа дуулахаар миний сэтгэл хөдлөөд уйлчихдаг" гэв.

Ука "Хар сарнай" хамтлагийн Амараагийн дүү Амараатай "Hi Ladies", Улсын Филармонийн гоцлол дуучин Наагийтай "Энэ дурлал гайхамшигтай" дуунуудаа хамтарч дуулав.



Тэрээр "Киви"-гийнхэн маань байхгүй их ганцаарддаг гээд үзэгчдийн дундаас нэг бүсгүйг уриад хамтдаа тайзнаа дууллаа.

Тоглолтын сонирхолтой мөчүүдийн нэг Ука тоглолт үзэх боломжгүй гэртээ суугаа дотны хүнтэй утсаар ярья гэхэд үзэгчийн дундаас нэг нь видео дуудлага хийгээд Укад өгөхөд тэрээр тайзан дээрээс бүсгүйтэй ярьсан юм. "Уянга, ийм олон хүн чамайг харж байна шүү" гэхэд үзэгчид "Уянга, Уянга!" гэж орилолдов.

Үүний дараас "Араас минь тэврээч" дуугаа дуулахад нь хосууд мөн л бие биеэ тэврэн үнсэж байгаа нь  харагдана.



Укаг тайзны ард ороход нь хэдхэн хором уулзаж амжив. Тэрээр:

"Гадаа хэчнээн хүйтэн ч гэсэн маш олон хүн ирлээ. Тоглолт ч маш гоё дулаацуулж байна. Сэтгэл их хөдөлж байна. Be брэндийн хамт олонд үзэгч сонсогчдод тоглолтыг үнэхээр гоё болгож байгаад баярлалаа" гэсэн юм.






Рэппер Big Gee-г тайзнаас буусных нь дараа уулзахад:

"Бид өөрсдөө тайзны ард сэрүүцэж байсан. Одоо бол маш их халууцаж байна. Сэрүүцэж байсан үзэгч байсан бол  халууцсан гэдэгт найдаж байна. Дуучин Укад амжилт хүсье! Хөдөлмөр гэдэг ямар ид шидтэй гэдгийг харуулж байгаа хүмүүсийн  нэг гэж боддог" гэлээ.




Удалгүй Ука хувцсаа солиод десант дээл, жинсэн яактай тайзнаа гарч ирж, хамгийн сүүлд гарсан хип хоп хэмнэлтэй "Don't Stop" дуугаа дуулахад үзэгчид хэдийнэ мэддэг болчихсон, дагаж дуулж бүжиглэцгээж байв.

Тэрээр Tiger Jams-ийн ялагч PFZ-тэй "Чамтай хамт", "Тэнгэр хөгжим тоглосоор", "Эрх чөлөөлнө" дуунуудаа дуулаад хамгийн хит болох "Маргаашийн нар луу хамт аялах уу" дуугаараа хааж, ёслолын буудлага буудсаны дараа DJ Anna-гийн сет явснаар шоу өндөрлөв.

Тоглолтын шууд бичлэг: Нэгдүгээр хэсэг











Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

#Uka #BeLiveShow