ЗАХИДАЛ: Мөнгө өгчихвөл тэр надтай сайхан харилцдаг


ССҮТөв | YOLO.MN
2019-06-10

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Мөнгө өгчихвөл тэр надтай сайхан харьцдаг

Би 22 настай эмэгтэй. Оюутан болоод, 5 жилийн өмнө анхны хайртайгаа учирлаа гэж маш их догдлож оюутан ангийнхаа залуутай үерхэж эхэлсэн. Эхэндээ надад их анхаарал тавьж байв. Өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй болохоор хүнээр халамжлуулж хайрлуулах надад маш сайхан байсан.

Арван жилийн ширээнээс оюутны ширээнд суусан том аниа аав ээжийн үгнээс хол шинэ хайр дурлалтай учраад сайхан байлаа. Хамаатны ахындаа байдаг байснаа шинэ хайртайгаа хамт байхаар байр түрээслээд их л сайхан байдаг байлаа. Намайг хүн бүрээс хамгаалаад хайрлаад байгаа юм шиг. Би тэр хүндээ мөн бүх зүйлээ зориулсан. Одоо хүртэл жил ирэх тусам улам дасаж байна. Эмэгтэй хүн чинь дасаж дурладаг гэдэг үнэн юм байна лээ.

Ингэж явсаар 4 жил намайг гарахаар дүргүйцэж уурлаад, өөрөө ажил хийдэг гээд олон охидтой явж манай найз, ангийнхантай олон тааралдана. Би гэртээ хоолоо хийгээд л өдөржин шөнөжин хүлээдэг ажилтай гэрт суудаг гэрийн авгай шиг. Гэхдээ тэр нь надад аз жаргал өгдөг байлаа. Ажил дээр нь орой бүр хоол аваачиж өгнө, буцахдаа өвлийн хүйтэнд алхана. Байгаа мөнгөө шавхаад өгчихнө сургалтын төлбөрөө хүртэл май гээд өгчхөөд өөрөө төлбөрөө өгөх гэж зовно. Тэр хүндээ хамаг үнэтэй юмаа өгнө. Ийм юм авмаар байна гэхээр нь хүнээс мөнгө зээлээд ч хамаагүй аваад өгнө. Ихэнхдээ баярлаад л бөөн юм болдог байлаа. Сүүлдээ энэ ингэх ёстой гэсэн шиг загнадаг боллоо. Анх 2-р курсд маань ангийнхаа охинтой намайг хуурч би маш их уйлаад өөр юм хэлэхгүй уучлаад л өнгөрсөн. Энэ нь сүүлдээ хэвийн үзэгдэл болсон. Гэрээсээ хол оюутан надад ганцаардах үнэн хэцүү байдаг байсан. Тэр л хүнийг бараадаад, тэр л хүнийг сайхан байлгах гэж их хичээдэг болсон. Сүүлдээ гар хүрдэг боллоо, дараа нь аргадаж тайвшруулаад, би уучлаад өнгөрдөг болсон. Сүүлдээ гар хүрээд тэрийгээ ч тоодоггүй боллоо. Өөрөөс нь болж урсаж байгаа миний нулимсыг ч тоохоо байлаа. Хөх няц болтлоо зодуулсан ч би л гэм хийсэн хүүхэд шиг эцэг эхдээ загнуулж байгаа аятай урд нь бөхийгөөд зогсдог болов. Энэ бүүр энгийн үзэгдэл болоод их удаж дээ. Сүүлдээ найзуудын минь дэргэд ч цохиод авдаг боллоо. Би хайртай юм чинь яахав дээ гээд өнгөрдөг.

Сүүлдээ хайр биш утгагүй болоод ирсэн. Би гэртээ хоолоо хийгээд хэзээ ирэхийг нь асууж ч чадахгүй шөнөжин суудаг боллоо. Шөнө залгахад нь архи гэвэл архийг бэлдээд хоол гэвэл хоолыг нв бэлдээд, гэрийн үйлчлэгч аятай. Миний гэр орон ч зүгээр зам зуурын архидах газар нь болж хувирсан. Одоо өөрчлөгдөх байх гэж найдаад байж байтал дахиад энэ байдал үүснэ. Одоо бол би төгсөөд мэргэжлээрээ нягтлан хийж байна. Бид 2 одоо хол байгаа л даа. Эхэндээ бол хол байгаа ч сайхан харилцаатай байлаа. Гэхдээ энэ сайхан харилцаа зүгээр мөнгө гэх зүйл дээр тогтож байсан юм даа.

Би яг тэр хүний хувьд хэн байсан, өнгөрсөн 5 жилийн хугацаанд ойлгоогүй өөрөө одоо төгсөнө өөрт хэрэгтэй бүхнээ сайхан харилцаж аваад одоо бүүр намайг нэг нүдээрээ ч хараа байсан. Би хэдий хол байгаа ч очиж уулзах гээд зорьж очих ч уулзахгүй. Харьцдаг охид нь над руу олон юм бичнэ. Тэр болгоныг өөрөө тэнэг мангар гээд хараалын үгээр хэлэх шиг болно. Намайг мөн нөгөө охиддоо муулна. Энэ бүгдийг хайр биш гэдгийг мэдсээр байж би одоо болтол тэр хүнийг мартаж чадахгүй байна. Мөнгө өгчихвөл буцаад надтай сайхан харьцана гээд би шууд данс руу нь мөнгө хийнэ. Одоо тэгээд ч надтай хүн биш гэж харьцаж байгаа. Би энэ бүгдээс яаж салах вэ? Надад сэтгэл зүйн талаас нь зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй

Сайн байна уу? Танд захиа очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд одоо байгаа байдлаа бусдад мэдэгдэж тусламж хүсч байгаа чинь сайн хэрэг. Танд их хэцүү байсан болов уу.

Та хүчирхийлэлд өртөөд байна гэдгээ хүлээн зөвшөөрч, бодит байдлыг бодитоор харах хэрэгтэй. Одоо та хоёр тусдаа байгаа нь сайн хэрэг юм. Таныг хүчирхийлээд байхад мөнгө өгөөд ч болов хамт байхыг хүсч, хүчирхийлэхийг зөвшөөрч байгаа нь өөрөө асуудал болоод байна. Хүчирхийллийг хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний нэг шалтгаан нь хүлээн зөвшөөрвөл хосын харилцаа сайжрах биш улам мууддаг юм. Магадгүй та үүнийг ойлгож байгаа ч өөрийгөө удирдаж чадахгүй байгаа байх.

Энэ нь нэг талаас тэр хүн  байхгүй бол, эсвэл таны хажууд хэн нэгэн байхгүй бол хоосон мэдрэмж (ганцаардал) төрж, тэр мэдрэмжээсээ зугтахын тулд яаж ийгээд хамт байхаар оролдож байх шиг байна. Тиймээс та эхлээд ганцаараа байж сураарай. Хэсэг хугацааг заавал ганц бие өнгөрөөгөөрэй.

Нөгөө талаас ингээд дуусгачихвал өнгөрсөн хугацаа утга учиргүй мэт санагдаж хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх шиг байна. Олон хүн утга учиртай байсан гэдгийг батлах гэж хамт байсаар хоёр биенээ улам зовоодог. Салахад тохиромжтой, салах хэрэгтэй үе гэж байдаг. Түүний нэг нь хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаа явдал юм. Саллаа гээд өнгөрсөнд болсон зүйлс дурсамж болгон утгагүй, хуурамч гэсэн үг биш юм шүү. Та их хичээсэн учир харамсах зүйлгүй. Мөн дараагийн харилцаандаа өгч, авахыг тэнцүүлэх нь ямар чухал вэ гэдгийг ойлгосон байх. Эхний үерхэл ихэнхдээ туршлага болж үлддэг шүү дээ.

Хэрвээ та боломжтой бол сэтгэл судлаачтай биечлэн уулзаарай. Доорх төвүүдийг санал болгож байна:

  • Сэтгэл Судлалын Үндэсний төв – Утас: 77324233
  • Монгол өрх сэтгэлзүйн төв - Утас: 70145145
  • Сэтгэлийн өнгө сэтгэлзүйн төв – Утас: 99130601
  • Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн – Утас: 70008998
  • Ариусахуйн ертөнц сэтгэл заслын төв – Утас: 70129594

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Захидал #Letter