Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Найз охиндоо уурлаж байгаагүйгээрээ уурлаж, маш их гомдсон
Сайн байна уу? Би 11-р ангийн жирийн нэг эрэгтэй сурагч. Сүүлийн үед би хэтэрхий хурдан уурлаад байдаг болчхож.
Их тэнэг санагдах байх л даа сүүлдээ маш их уурласан үедээ гараасаа цус гартал хана цохиж эсвэл заавал тамхи татаж байж тайвширдаг болсон (тамхи татах нь маш муу гэдгийг мэдэж байгаа бас удахгүй хаяхаар шийдсэн).
Тэгсэн чинь манай найз охин хэд хэдэн постууд дээр нь "Love" дарчихсан байсныг хараад өмнө уурлаж байгаагүйгээрээ уурлаж, маш их гомдсон. Тэгээд энэ тухайгаа хэлтэл надаас зөндөө удаан маш их уучлалт гуйсан. Тэгээд би дэндүү их хайртай болохоороо уучилсан юм. Үүний дараа бид хоёр эргээд хэвэндээ орсон ч би дараа нь иймэрхүү тохиолдлуудад түргэн уураасаа болж найз охин, хайртай дотнын найзуудаа гомдоох вий гэхээс айгаад байна. Надад зөвлөгөө өгч туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Ээж, аав чинь, чи бүгд л тусдаа бодгаль хүмүүс
Сайн уу? Бидэнд хандан захидал ирүүлсэнд баярлалаа. Юуны өмнө чи өөрийгөө маш сайн ажиглаж, бүр бусдыг гэмтээх вий гэдгээс болгоомжлон бидэнд хандсан байгаа нь сайн хэрэг юм. Хүн үргэлж өөрийнхөө сэтгэл хөдлөл, үйлдлийг ажигладаг байх хэрэгтэй. Хэрвээ хэрээс хэтрээд эхлэвэл удирдаж өөрчилдөг байх хэрэгтэй.
Уур бол бидэнд байгалиас заяасан сэтгэл хөдлөл ба ихэнхдээ хуурагдсан, буланд шахагдсан, дээрэлхүүлсэн, шударга бус хандсан мэт мэдрэмж авах үед хүн өөрийгөө хамгаалах зорилгоор уурладаг. Уурлаж болно. Энэ бол байгалиас заяасан эрүүл хүнд байх ёстой сэтгэл хөдлөл. Гэхдээ түрэмгийлж болохгүй буюу уураа хүнд, эд зүйлсэд гаргаж болохгүй. Үүнийг өөртөө хэлж сануулж байгаарай.
Ахиад ийм явдал тохиолдвол яана гэсэн айдсаас болж өөрийгөө хамгаалахын тулд уурлаад байгаа байж магадгүй. Ахиж ийм зүйл тохиолдвол чи ойлгож, тэсч хүлээж авч чадах уу? Тэр үед чамд нэг талаас найз охиндоо урам хугарч, уур хүрмээр, нөгөө талаас найз охиноо алдахвий гэсэн айдас зэрэг төрсөн болов уу. Энэ мэт үйл явдал, мэдрэмжийг давж туулж, зохицуулж сурах нь насанд хүрсэн хүн болж буйн илрэл юм. Чи одоо мөдгүй насанд хүрэх гэж байна. Тиймээс асуудалд нухацтай, тэвчээртэй хандаж сураарай. Хүн уурлахаараа юм цохиод, эвдлээд байвал сурчихдаг. Заавал ингэж байж тайвшрах гээд байдаг болчихдог. Тиймээс одооноос ахиж битгий хана цохиорой. Оронд нь хэл, яриагаараа, үгээрээ өөрийгөө илэрхийлээд тайвширч сураарай. Энэ л насанд хүрсэн хүний шинж юм шүү. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх