Үе тэнгийнхэн дундаа шинжлэх ухаанч сэтгэлгээ, зөвт эерэг хандлагаараа онцгой нэгэн хөвгүүний ярилцлагыг та унших гэж байна. Түүнтэй анх ярилцах болсон шалтгаан их энгийн байлаа. Эмч мэргэжлийн тухай ярихаар, анагаахын сургуульд орохоор бэлдэж буй төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгөхөөр түүнийг ярилцлагын буландаа урьсан билээ.
Төлөвлөсөн сэдвийнхээ ард гараад бид өсвөр нас, үе тэнгийнхний хүсэл тэмүүлэл, амьдралын үнэ цэнийн тухай мөн багахан хөөрөлдсөн юм. Бидний ярилцлагыг тухлан сууж уншаарай.
-ЭМЧ ГЭДЭГ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ХҮНДЭЭ КАЙФТАЙ МЭРГЭЖИЛ-
YOLO: Эмч болох хүсэлтэй олон зуун оюутны төлөөлөл болгож өөрийг чинь урилаа. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу? Ярилцлагадаа урьсанд бас баярлалаа. Намайг Г.Үлэмжжаргал гэдэг. АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан.
YOLO: Юуны өмнө ярилцлагаа анагаахын оюутны амьдралын тухай сэдвээр эхлүүлье гэж бодож байна. Бусад хүмүүсийн хувьд анагаахынхан гэхээр чөлөөт цаг завгүй, маш ачаалалтай оюутнууд байдаг гэж ойлгодог. Өөрсдөө ч үүнийг цахим орчинд хүлээн зөвшөөрөх хандлага байдаг шүү дээ?
-Хичээл ихтэй, унших зүйл олонтой л байдаг. Цаг заваа зөв хуваарилж, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь амжуулаад явахгүй бол хэцүү. Яах вэ, бусад сургуулийн оюутнуудын хувьд хичээлийнхээ агуулгаас шалтгаалаад чөлөөт цаг их гардаг байх.
Манай хуучин сургууль дээд сургуулийн агуулгаар хичээл үздэг байсан болохоор ихэвчлэн өдөр 3-5 цаг хүртэл хичээллэдэг байсан. Анагаахын хувьд хичээллэх цаг арай багассан боловч, агуулгын хувьд маш өргөн хүрээнд болж ирсэн юм. Миний мэдэх 5-р курсийн нэг эгч хичээлийнхээ хажуугаар туялзуур сэлмээр хичээллэдэг, түүгээрээ олон улсын шүүгч хийх эрх авсан нь бий. Тийм учраас хувь хүний зохион байгуулалтаас л их шалтгаалдаг.
YOLO: Эмч гэдэг мэргэжил бусад мэргэжлүүдээс эрхэмлэх үнэт зүйл, хүлээх үүрэг хариуцлагын хувьд ямар ялгаатай гэж боддог вэ? Магадгүй үүнээс болж анагаахын оюутнуудыг илүү их ачааллаар дардаг байх. Кубийн анагаахын сургууль хагас цэрэгжилтийн байдлаар хичээлээ явуулдаг гэж сонсч байсан юм байна.
-Би 8-р ангийнхаа хавар эгмээ хугалаад, сар гаруй эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэр үеэр эмч хүн бусдын амь насыг хариуцдаг, үүнийгээ дагаад асар өндөр хариуцлагатай, асар өндөр нэр хүндтэй, хийж чадаж байгаа хүндээ их кайфтай мэргэжил юм шиг санагдсан. Би багаасаа зохион бүтээгч, инженер болъё гэж боддог байсан юм. Ингээд инженер, эмч хоёр мэргэжлийн холбогдох цэг болох тархи судлал, хиймэл оюун ухаан гэх мэт чиглэлээр суралцахаар шийдсэн. Эмчийн мэдлэгийг ашиглаад хүмүүст хэрэгтэй инженерийн зохион бүтээл хийнэ гэж бодож байгаа.
Гэхдээ эмч хүн бусдын эрүүл мэндийг 100 хувь даан хариуцаж чадахгүй, хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хэнээс ч шалтгаалахгүйгээр хариуцаж явдаг. Эмч хүний үүрэг нь анагаах ухааны мэдлэгийг ашиглаж, яах ёстойг нь чиглүүлэхэд л оршдог.
YOLO: Эмч хүн өвчтөнийхөө хэрхэн эрүүл мэндээ зөв авч явахад чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
-Тийм. Хоёрт гэвэл, осол гэмтлийн үед эмчийн үүрэг илүү бурханлаг байдаг гэж хэлмээр байна. Гэхдээ хүний үхэх сэхэхийг эмч шийддэггүй гэж боддог. Шашинлаг сонсогдож байж магадгүй. Анагаах ухаан хөгжөөд байгаа юм шиг хэрнээ үүнтэй зэрэгцээд төдий хэмжээний шинэ, эмчлэгдэшгүй өвчнүүд бий болж байна.
YOLO: Өөрөө яг хүн гардаж эмчилдэг эмч болохгүй юм байна гэж ойлголоо.
-Тийм, сургуулиа бол төгсөнө. Тэгээд анагаах ухааны мэдлэгээ ашиглаад хүний төлөө их зүйл хийж бүтээнэ гэсэн зорилготой.
YOLO: Эмч болохгүй ч, эмчийн мэргэжлээр сурахын давуу тал юундаа байдаг гэж бодож байна вэ?
-Анагаахын доктор, профессорууд мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаг болохоор эмх цэгцтэй, зөв амьдралын хэв маягаар замнаж чаддаг. Би анагаахад ороод өөрийнхөө биеийн бүтцийн тухай өмнө нь огт мэддэггүй байсан зүйлсийг олж нээж, улам гүнзгий ойлголттой болж байгаа. Манай ээж глаукома буюу нүдний даралттай болсон, гэтэл үүнийг хичээл дээр яг үзэж байх жишээтэй.
-МЭРГЭЖЛЭЭ СОНГОХОД ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ЧИ ӨӨРӨӨ Л ГАРГАНА ШҮҮ ДЭЭ-
Тэрбээр Шинэ Монгол Коосэнд суралцаж байх үеэрээ Япон улсаас хүрэлцэн ирсэн оюутнуудтай туршилт, судалгаа хамтран хийж байжээ. Антибиотик өсгөвөрлөдөг бактерийн хөгц мөөгөнцрийн нэг төрлийг Монголын хөрсөнд үржүүлэх уг судалгаанд амжилттай оролцсон тухайгаа болон үйл явц, үр дүнгийнх нь талаар бидэнтэй хуваалцсан юм. Мөн өөрийн сонирхлоор электроэнцефалограм багажны прототипыг амжилттай угсарсан боловч, үүнд шаардлагатай мэдрэгчийг Монголд худалдаалдаггүй учраас ажиллаагүй талаар ярилаа. АШУҮИС-д элсэн орсныхоо дараа “Залуу анатомич” клубийн ажлын хүрээнд нас барсан хүний цогцсыг болон томограф зураг ашиглаж их тархины Роландын ховилын байршлыг тодорхойлох судалгааны ажил хийжээ. Уг ажлынхаа тайланг манай сайтын редакц дээр авчран танилцуулсан юм.
YOLO: Ерөнхий боловсролын сургуулиа хаана төгсөж байсан бэ? Ямар хичээлүүдийг илүүтэй гүнзгийрүүлэн судалдаг байв?
-Би гурван сургууль дамжиж төгссөн. Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38-р сургуульд 9-р анги хүртлээ сураад дараа нь 21-р сургууль руу шилжиж байлаа. Тэнд эмч болох хүсэлтэй сурагчдыг бэлддэг байсан учир сурагчид цагаан халат өмсдөг, хөдөө орон нутгаас хүүхдүүд шалгалт өгч ордог байсан. Яваандаа анагаах ухаанд зөвхөн эмчээр биш, өөр мэргэжлээр хувь нэмрээ оруулж болох тухай бодогдох болж, электроникын инженерийг сонирхож эхэлсэн юм. Ингээд Шинэ Монгол Коосэнд өөрөө очиж шалгалт өгөөд тэнцэж, төлбөр мөнгөний асуудал байсан ч ээж, аав хоёр маань надад итгэж зөвшөөрсөн дөө.
Шинэ Монголд суралцсан цаг мөчүүд миний амьдралын хамгийн үр бүтээлтэй үе байсан гэж боддог. Тэнд зүгээр л хичээлээ хийгээд байх биш, олж авсан мэдлэгээ амьдрал дээр бодитоор яаж хэрэгжүүлэх вэ, ажил болгож болох вэ гэдэг рүү чиглэсэн хөтөлбөртэй болохоор математик, физик гүнзгийрүүлж үзэхээс гадна улс төр, бизнесийн хичээл ч ордог байлаа. Зундаа Японоос ирсэн оюутнуудтай судалгааны ажил хамтран хийж ч үзсэн.
YOLO: Хавар ирж, төгсөх ангийнхны хувьд мэргэжлээ сонгох асуудал тулгарч байгаа. Өөрийнхөө мэргэжлээ яг таг шийдэж, энэ сургуульд элсэн орж байсан түүхээсээ хуваалцаач.
-Эмч нарын дунд орж үзээд, ямар гайхалтай мэргэжил гэдгийг нь мэдэрч, анагаахын сургуулийг сонгосон боловч миний өөрийн сонирхол бол онол гаргаж, нээлт хийх, оюун санааны түвшинд шинэ алхмыг бий болгоход оршиж байсан. Би анагаахын салбарт Нобелийн шагнал авахыг мөрөөддөг.
Мэргэжил сонгоход эргэлзэж байсан үе зөндөө. Шинэ Монгол Коосэнд таван жил суралцдаг учраас надад үргэлжлүүлж сураад инженер болж төгсөх боломж байсан. Гэхдээ ээж маань дээр дурдсанаар нүдний даралттай болохоор нэг нүд нь 100 хувь хараагүй, би өөрөө айлын том учраас гэр бүлийн үүрэх хариуцлага гэж зүйл бий. Ийм шалтгаануудын улмаас цааш суралцах эсэхдээ эргэлзэх болсон. Ээж минь надад, “Чи хүссэн зүйлээ хийж амьдарч болно. Гэхдээ түүнийгээ чөлөөтэй хийж чаддаг болох хүртлээ хүндтэй мэргэжлээр суралцах хэрэгтэй. 17, 18 нас гэдэг хамгийн идэвхтэй, чадвартай үе. Энэ насандаа анагаахад сурч, суурь чадамжаа бүрдүүлж ав. Төгссөнийхөө дараа дахиад инженерээр сурсан ч болно шүү дээ” гэж хэлсэн. Ингээд би ЭЕШ өгч, сургуульдаа орсон доо.
YOLO: Доод үеийнхэндээ хандаж, мэргэжлээ сонгоход юуг урьтал болгоорой гэж зөвлөх вэ?
-Анх хичээл эхлэхэд ээж аавынхаа шаардлагаар, хүчээр орж ирсэн хүүхдүүдтэй таарч байлаа. Тэгээд ажиглахад хүн өөрөө сонгосон дуртай зүйлдээ илүү их сэтгэл гаргадаг юм байна лээ. Юуны өмнө чи дур сонирхлоо л олж мэдэх хэрэгтэй. Ээж аавын нөлөөлөл их байдаг ч гэлээ, тэд чиний хажууд мөнхөд дагаж явахгүй шүү дээ гэдгийг бодож үзээсэй. Бас нөгөө талаар ээж аав гэдэг чамд хамгийн ойр байж, чамайг хэнээс ч илүү мэддэг хүмүүс учраас тэдний зөвлөгөөг сонсч хүлээж авах нь зүйн хэрэг. Эцэг эхийнхээ үгийг битгий сонс гэж байгаа хэрэг биш. Харин эцсийн шийдвэрийг чи өөрөө л гаргана.
-АНАГААХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗҮЙЛ БОЛ БАГШ НАРЫН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ. ГЭХДЭЭ ЧАРМАЙЛТ БАЙГАА ЦАГТ ЯМАР Ч БАГШ ЧАМАЙГ УНАГААЖ ЧАДАХГҮЙ-
YOLO: Саяхан ЭЕШ-ын бүртгэл хаагдлаа. Эмч болохоор шийдсэн хэдэн мянган залуус аль хэдийнэ бий болчихсон байгаа нь лавтай. Тэдэнд хандаж, эмчийн мэргэжлээр суралцаж эхлэхийн өмнө ямар төсөөлөлтэй болоорой гэж хэлэх вэ? Төсөөлөл бодит байдал хоёрын зөрчилдөөнөөс болж хүүхдүүд буруу мэргэжил сонгочихлоо гэж сэтгэлээр унах тохиолдол гардаг. Анагаахын оюутан болохын өмнө юуг анхаарах вэ?
-Ер нь яг яах гэж ийшээ орж ирж буйгаа яг таг тодорхой болгох хэрэгтэй. Өөрийн гэсэн зорилготой байгаарай. Би энэ сургуульд сурч, энэ мэргэжлийг эзэмшээд хэнд яаж туслаж, ямар үйл хийж бүтээх вэ гэдгээ бодолцож ороорой гэж хэлмээр байна. Зорилго нь тодорхой хүнд бэрхшээл бэрхшээл биш юм шиг л санагддаг. Бас танилын хүрээгээ их тэлж, харилцааны ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Хүн болгонд л эхлээд мэдэхгүй чадахгүй зүйл гардаг, харин нүүр хагараагүйгээсээ болж хүмүүсээс асууж авч чадахгүй хойно хаягдах тохиолдол гардаг. Ер нь манай багшийн хэлдгээр, “Анагаахын оюутнууд та нар хоол, нойр хоёроо хас. Бусад нь аяндаа болно доо”
Эхний семестр над шиг бүх юм яг таг тодорхой, захиргаадалтын хүмүүжлээр өссөн хүмүүсийн хувьд замбараагүй, тодорхойгүй санагдаж байсан. Нэг багш маань биднийг “эзэнгүй мал шиг” гэж гоочилж байсан юм. Яг ямар хичээлээ хийх, юугаа уншихаа зохицуулж чадахгүй нэг хэсэг яваад зарим хичээлдээ унасан тохиолдол ч бий. Харин одоо л учраа олж, юу хийх ёстойгоо ойлгоод эхнээсээ ийм судалгааны ажил хийгээд явж байна. Ташрамд нь хэлэхэд энэ судалгааны ажил хийхэд тус нэмэр болсон "Залуу анатомич" клубийн багш А.Долгорсүрэнд баярлалаа гэж хэлмээр байна.
Бид оюутан төвтэй сургалтыг авч байгаа. Өөрөө өөрсдөө мэдлэгийг бий болгоно. Тийм учраас аливаа хичээлээ хэд хоногийн өмнөөс өөрөө түрүүлж уншсан байхыг аяндаа шаарддаг. Дор хаяж гурван өдрийн өмнөөс уншихгүй бол, юу ч ойлгож амжаагүй байтал багш нар хурдтай яваад өгдөг гэдгийг анхааруулмаар санагдаж байна.
YOLO: Анх хичээл эхлэхэд хамгийн хүнд санагдаж байсан зүйл юу вэ? Хамгийн хэцүү хичээл ч гэдэг юм уу, сонирхуулж яривал.
-Хичээлийн ачааллыг бол би гадарлаж байсан. Харин хамгийн хэцүү зүйл бол багш нарын тодорхойгүй байдал. Зарим багш нар чи ингэ, ингэ гээд өөрийн шаардлагыг тавиад, тэр шаардлагыг нь биелүүлсэн эсэхээр дүнгээ тавьдаг шүү дээ. Гэтэл зарим багш нар семестрийн турш чимээгүй явж явж байснаа өөрийнхөө өмнө нь хэлж байгаагүй зүйлийг нэхээд эхэлнэ, ингээгүй тэгээгүй байна гэнэ. Мэдэхгүй ээ, үнэхээр яг унагаах л зорилготой юм шиг багш нар мэр сэр бий /инээв/. Тийм багш нартай хэл амыг нь сугалчих шахан байнга асууж шалгааж байхгүй бол хэцүү. Ийм зэргийн хүчин чармайлтыг гаргах л хэрэгтэй, чармайж байгаа нөхцөлд ямар ч багш чамайг унагааж чадахгүй.
YOLO: Суралцах арга барилын талаар ярилцъя. ЭЕШ-д бэлдэхэд ч, оюутан болоод амжилттай суралцахад ч хэрэгтэй сэдэв.
-Хамгийн түрүүнд ямар ч хугацаа өгөгдсөн бай хийж байгаа зүйлээ ойлгох л хэрэгтэй. Зөндөө бэлдсэн хэрнээ шалгалтад ороод бүгдийг нь мартчихлаа гэдэг, энэ бол ойлгоогүй байна гэсэн үг. Хамгийн гол, суурь болсон зүйлсийг сайн ойлгочихвол бусдыг нь харьцуулах маягаар сураад явахад амар байдаг. Рамаа сайн зангидаад, үүн дээрээ нэмж уншаад яваарай гэж зөвлөнө. Жишээ нь Биологи цээжлэх нэр томьёо ихтэй боловч ойлгочихвол гайгүй. Гэхдээ анагаахад ороод тэр биологи юу ч биш юм шиг санагдана л даа /инээв/. Анатоми, гистологи гээд хичээлүүд маш хүнд. Тархины багтаамж дүүрчихлээ, үүнээс цааш юм орлоо юу? гэтэл их юм цээжлэх шаардлага гардаг. Гэхдээ сонин нь, хүн их юм цээжлэх тусам цаашаа цээжлээд л байдаг юм байна лээ.
Бас нэмж хэлэхэд, анагаахаар явах бол үүнтэй холбогдолтой номуудыг урьдчилаад уншчихсан байвал зүгээр. Наад захын ойлголтуудыг 10 жилдээ мэддэг болчихсон байх маш чухал. Ер нь одоо байгаа түвшнээсээ нэг шат илүү ном уншиж байх хэрэгтэйг би өөрийн биеэр мэдэрсэн. ЭЕШ-д хамгийн сайн бэлдье гэвэл нэгдүгээр курсийн номуудыг уншаарай гэж хэлнэ.
-СУРЛАГА ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ХУВЬД ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ БИШ БАЙЖ БОЛНО. ХИЧЭЭЛЭЭС ӨӨР ЗҮЙЛД АМЬДРАЛЫНХАА УТГА УЧРЫГ ОЛСОН ХҮҮХДҮҮД БИЙ-
YOLO: Манай өсвөр үеийнхэн хоёр туйлд хуваагдаад байх шиг. Нэг хэсэг нь аль болох хувийн сургуульд “шахуулах” хүсэлтэй, хичээлээ амьдралын утга учраа болгосон юм шиг бүх цаг заваа мэдлэг олж авахад зарцуулдаг. Харин нөгөө талд ирээдүйд юу хийж бүтээхээ ч нухацтай бодолхийлж үзээгүй, нэгэн хэвийн урсгалаараа хэв маягтай хүүхдүүд байна гэж ажиглагддаг. Дундуур нь балансаа баримаар байдаг?
-Надад ч бас тэгж санагдах үе бий. Гэхдээ өөр өнцгөөс нь ярья. Хувийн сургуулиудын хувьд бүр, аав ээж нь муухайгаар хэлэхэд хангалуун амьдралтай боловч хүүхдүүд нь ямар ч сурах хүсэл тэмүүлэлгүй болсон байх нь олонтаа. Тэднийг хараад ээж аав нь унаад өгвөл яаж өөрсдийгөө авч явна даа гэж эрхгүй бодмоор. Гэвч үгүй. Хэчнээн хичээлээ хийх хүсэлгүй, аясаараа хөвдөг юм шиг боловч тэд өөрсдийн амьдралынхаа утга учрыг өөр зүйл дээр олоод нээчихсэн байдаг юм. Хичээлээ хийдэг хүүхдүүдийн хажууд бүр илүү амжилттай явдаг нь ч бий. Яах вэ, үнэхээр хичээлээ ойлгох чадамжгүйн улмаас хаячихсан хэсэг бий л дээ.
Манай нэг найз бий. Дээр хэлсний адил аав ээж нь боломжийн амьдралтай, хувийн сургуульд өөрийг нь бодоод оруулчихсан боловч тэр хичээлээ хийдэггүй, хийх ч үгүй. Багш нар ч түүнийг бүр ойлгочихсон. Гэтэл сайн дотносч танилцаад ирвэл тэр зорилго тэмүүлэлгүй биш, харин ч тэмүүлэл нь хичээлээ хийдэг хүүхдүүдээс ч илүү тодорхой болчихсон байдаг. Тэр зураг авах сонирхолтой, үүнийхээ чиглэлээр өөрийн хувийн студиэ хүртэл байгуулсан гээд бод доо.
Хичээлээ хийдэггүй, урсгалаараа, хүсэл тэмүүлэлгүй юм шиг харагддаг хүүхдүүд цаанаа өөрсдийн ертөнцөө аль хэдийнэ бүтээчихсэн байх нь бий.
YOLO: Хувийн, улсын сургуульд аль алинд нь суралцаж байсан учраас өөрт чинь нийт өсвөр үеийнхний төлөв байдлыг харьцуулах төсөөлөл буусан байх. Нэг тийм “хичээлийн хэнээтэй” юм шиг, өөрийгөө маш их хичээлээр дардаг, тэгж өсвөр насны амьдралаа өнгөрүүлдэг сурагчдын тухай яримаар байна. Энэ зөв үү? Манай үеийнхний амьдралын хүсэл тэмүүлэл ер юундаа байх ёстой юм бэ?
-Тийм хүүхдүүд мэдээж байдаг. Бас энэ нь буруу. Аливаа юм 70, 30-ын харьцаатай байвал хамгийн зөв пропорциональ юм байна гэж би боддог. Нийгмийн амьдрал биднээс хичээлээс өөр маш олон зүйлсийг шаарддаг. Эргээд амьдралаа харахад амьдарсан ч юм шиг, ажилласан ч юм шиг. Дурсамж гэдэг зүйл үлдэх болов уу даа? л гэж.
Нэг удаа би найзуудтайгаа хамтран баг болж нэг зүйл дээр ажилласан юм. Үр дүн нь тийм ч амжилттай байгаагүй, харин манай найз сэтгэгдлээ хуваалцах үеэрээ, “Үр дүн яаж гарсан нь хамаагүй ээ. Бид энэ хугацаанд хамтдаа олон дурсамжийг бүтээж чадсан. Энэ л чухал” гэж хэлсэн юм. Энэ миний орой руу орсон үг.
YOLO: Ер нь өсвөр насны хүүхдүүдэд хамгийн үнэ цэнтэй зүйлс юу байх ёстой юм бэ?
-Найз нөхөд. Бас гэр бүл. Харин дугаарлавал гэр бүл бол дугаар тэг. Сайн тойрон хүрээлэлтэй байх нь амжилтад хүрэх бас нэг чухал зам гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн өдөр өөрийгөө дүгнээд нэг харахад миний найз нөхөд мундаг болохоор би тэднийгээ дагаад олон зүйлд өөрийгөө сорьж, урагшилж явдаг юм шиг санагддаг.
Хүний бодол өвчин хоёрын хооронд ямар хамаарал байгааг шинжлэх ухааны түвшинд тайлбарлаж Нобелийн шагнал хүртэхийг хүсдэг.
Г.Үлэмжжаргал
YOLO: Хамгийн үнэ цэнтэй зүйлсийг нэрлэхдээ хичээл сурлагыг оруулахгүй байна? Олонх эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үнэт зүйлийг хичээл, сурлага, дүн байгаасай гэж хүсдэг биш гэж үү? Нэрлээгүй шалтгаанаа хуваалцаач.
-Тийм ээ. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Энэ хооронд бидэнтэй хамт гэр бүл байна уу гэхээс дүн биш. Дүн бол энэ явц дунд бидний өмнө шаардлага болж тулгарч буй нэг зүйл мөн хэдий ч, хэрэгтэйн хувьд хэрэгтэй боловч үүний төлөө хэмжээнээс нь хэтрүүлж тэмцэнэ гэдэг утгагүй. Хоёрт гэвэл, нийгмийн хандлага өөрөө дүн чухал гэдэг ойлголт руу аваачдаг, ээж аавууд миний хүүхэд бусдаас илүү байх ёстой гэж боддог. Энэ эргээд хүүхдээ хичээлд нь сонирхолгүй болгох шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй.
“Tiger Mom” гэдэг нэртэй номыг уншаарай гэж зөвлөмөөр байна. Энд нэг хятад ээж хүүхдээсээ үргэлж амжилтыг хүсэн хүлээж, шаардаж байгаа тухай гардаг юм. Манай ази, дорно дахины эрх чөлөөт биш сэтгэхүйн онцлогийг тусгаж харуулсан, их гоё ном. Хүүхдээ ойлгохгүй байгаа эцэг эх өөрийгөө ойлгохгүй байгаагаас өөрцгүй. Өөр нийгэмд хүүхэд нь төлөвшиж байна гэдгийг ойлгож, харилцан зөвшилцөж байх хэрэгтэй гэж боддог.
YOLO: Ярилцлага маань дуусч байна. Сүүлчийн асуултаа тавихаас өмнө нэг зүйлийг асуумаар байна. Үлэмжжаргалын мөрөөдөл юу вэ?
-...Зөв, сайхан амьдрах. Зөв амьдраад, түүнээсээ кайф авч энэ насыг бараасай гэж бодож байна. Арай өөр талын мөрөөдөл гэвэл, хүний бодол өвчин хоёрын хооронд ямар хамаарал байгааг шинжлэх ухааны түвшинд тайлбарлаж Нобелийн шагнал хүртэхийг хүсдэг. Доод үеийнхэндээ, монгол хүн Нобелийн шагнал авч чаддаг юм шүү, үүнээс ч илүү зүйл хийж бүтээгээрэй гэсэн шалгуурыг тогтоохыг хүсдэг.
YOLO: Адилхан мэргэжлийг сонгож суралцаж байгаа үе тэнгийн оюутнуудад хандаж өөрийнхөө үгийг хүргээч. Ингээд сүүлчийн орон зайг өөрт чинь чөлөөтэй үлдээе.
-Мэргэжилдээ дуртай байгаарай. Мах ясандаа тултал нь сайн ойлгож, эзэмшээрэй. Хүний амьдрал баялаг болохоор ямар нэгэн санамсаргүй сурчихсан зүйлс хэзээ нэгэн цагт хэрэг болж л байдаг. ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙГААРАЙ.
Сүүлчийн орон зайгаа талархалтайгаар ашиглая. Юун түрүүнд би ээждээ талархлаа илэрхийлмээр байна. Миний ээж хэдий өндөр мэдлэг боловсрол эзэмшээгүй ч гэлээ, хүмүүсийг хүн гэдэг утгаар нь хардаг. Эцсийн эцэст хүнд юу хамгийн их үлддэг гэхээр, сайхан сэтгэлд үлддэг. Ээж маань миний хувьд бурхан шиг л байдаг. Өөрөөсөө илүү бүхнийг надад зориулдаг. Юу гэмээр юм дээ... Талархаад баршгүй. Зүгээр нэг хайртай гэж хэлэхэд хангалтгүй. Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та мөнх наслаарай гэдэг шиг. Нараагийн хүүхэд юу чадахыг хараарай, үүний тулд та урт наслаарай гэж хэлмээр байна.
Мөн мэдээж аавдаа болон бусад гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлмээр байна. Бүхий л тусалж дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа. Ялангуяа эмээ, Тамираа эгч, Дооёо эгчдээ баярлалаа. Мөн Мөнхжаргал багш, Цэцэгээ багшдаа маш их талархаж явдаг шүү. Нэмээд Билгүүн, Дэлгэрмөрөн хоёр дотнын найздаа сайхан нөхөрлөлийг бүтээх болно оо гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Ирээдүйд Нобелийн шагналт хүртэнэ гэж итгэж байна. Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх