Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв (МХУБТ)-ийн 30 жилийн ойн баярын үйл ажиллагаа алдарт уран бүтээлчдийн бүтээл дэлгэгдсэн “ОРД” үзэсгэлэнгээр эхэллээ. Үзэсгэлэнг есдүгээр сарын 15-нд албан ёсоор нээсэн бөгөөд 30 жилийн ойн баярын арга хэмжээ цаашид үргэлжлэх ажээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд МХУБТ-ийн захирал Д.Уранбилэг Монголын Урчуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг нар оролцсон юм.
Үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, уран баримал, арьсан урлал, график, керамик, гобелен, зээгт наамал, сийлбэр, уран дархны төрлөөр 86 уран бүтээлчийн 120 бүтээл тавигдсан байна. Тухайлбал Монгол Улсын төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит зураач Э.Уянга, Д.Уранчимэг болон нэр хүндтэй уран бүтээлчид, тус төвийн багш нар, үе үеийн төгсөгчид бүтээлээрээ оролцож байгаагаараа онцлогтой.
Нээлтийн ажиллагааны үеэр мэргэжлийн уран бүтээлчдийн мастер класс буюу хөрөг зураг зурж дүрслэх урлагийн гайхамшгийг харууллаа.
МХУБТ нь хүүхдийг амьдралын арга ухаанд сургах, хөдөлмөр гоо зүйн мэдлэг олгох, Монгол үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал техник технологийн чиглэлээр үнэ төлбөргүй мэргэжлийн чиг баримжаа олгодог хүүхэд хөгжлийн байгууллага юм.
МХУБТ 1988 оноос хойш нийт 30 мянга гаруй хүүхэд багачуудыг амжилттай сурган хөгжүүлж, эдүгээ 30 дахь жилээ угтаж байна.
Та бүхэн МХУБТ-д зочлон ирж нүд баясгаж, сэтгэл сэргээсэн урлагийн бүтээлүүдийг таалан сонирхоорой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх