Монголд анх удаа брайль үсгэн план зургийг оюутнууд хийж зарим эмнэлэгт байрлууллаа


Бусдыг байгаагаар нь хүлээн авч, хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлан гадуурхахгүй бүгд ижил тэгш эрхтэй амьдрах гэрэл гэгээтэй ирээдүй рүү бид тэмүүлж байдаг.

Монголд анх удаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан төсөл хэрэгжүүлж буй тухай сурвалжиллаа.

Нийслэлийн хэмжээнд 3400 гаруй харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байхад үйлчилгээний газруудад тэдэнд зориулсан план зураг огт байдаггүй. Иймд “Харааны бэрхшээлтэй иргэдийн ээлтэй байгууламж” төслийг Зориг сангийн SDC тэтгэлэгт хөтөлбөрийн "Youth bacon" баг санаачлан хэрэгжүүлжээ. Одоогоор  Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвүүдэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсгэн план зураг тус тус байршуулаад байна.

Олон улсын стандартын дагуу бол тус брайль үсгэн план зургийг төмөр материалаар хийдэг аж. Гэвч монголд төмөр материалаар хийх боломж байхгүй тул хулдаасан цаасан материалаар хийлгэжээ. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран план зургийг хийж, хараагүйчүүдэд энэ талаар мэдээлэл өгсөн байна.

Энэхүү төслийн гол зорилго нь харааны бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын харилцаанд оролцоход тулгарч буй асуудлуудыг харгалзан, тэдэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломж олгох, цаашлаад амьдрах орчныг сайжруулахад оршиж байгаа хэмээн төслийн оролцогчид онцлов.

Багийн гишүүн Т. Болор-Эрдэнэ: Төслөө хэрэгжүүлэх үед зарим нэг асуудал тулгарч байсан. Монголд анх удаа болохоор брайль үсгэн план хийх байгууллага олдоогүй. Анх удаа сонсч байна гээд ихэнх нь буцаасан. Олон улсын стандартын дагуу бол төмөрлөг материал хэрэгтэй байсан ч хулдаасан цаасан дээр хийлгэсэн. Хийлгээд эмнэлгүүд дээр очиход зарим нь татгалзсан хариу өгсөн. Одоогийн байдлаар таван газарт байршуулсан бөгөөд төслөө үргэлжлүүлэн өөр бусад газруудад байршуулах төлөвлөгөөтэй байна. Үргэлжлүүлэхэд өөрсдөө төсвөө гаргах учир бид дэмжих байгууллага хайж байгаа.

Бусдын тэгш эрхийн төлөө шинийг санаачлан ажиллаж буй эдгээр залуус цаашид ч төслөө хэрэгжүүлэн үр дүнд хүрэхээр зорьж байгаа аж.

Брайль үсэг гэж юу вэ? 

Луи Брайль 1809 онд Францд төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад шөвгөөр нүдээ гэмтээж хараагүй болсон аж. Үүнээс хойш Брайль хүү хараагүй хүний уншдаг ном бүтээхээр 3 жил оролдсоны эцэст зорьсондоо хүрч хараагүй хүн уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог буй болгосон байна.

#Брайль_Үсгэн_План_Зураг