"Бусадтай харилцаагаа сайжруулмаар байна"


Сондор | YOLO.MN
2016-06-21

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Хүнтэй харилцаж чадахгүй, нэг л эв дүйгүй болсон байна

Ярьж байгаа яриа минь хүртэл ашиг хөөсөн, хичээл албаны талаар болсон байна, өөр сэдвээр ярья гэсэн ч ярих зүйл олдохгүй, мэдээлэл муу...

Сайн байна уу, би 17 настай

Хичээлээ л чимээгүй хийгээд байхад болно гэж бодож байсан бодол минь надад амиа хичээсэн гэсэн зан чанар нэмж бусдад буруугаар ойлгогдоход хүргэнэ гэж өмнө нь бодож явсангүй. Үнэндээ багшдаа загнуулахаас маш их айдаг, бас өөртөө итгэх итгэл дутсанаас л хичээлд номд хэт баригдаж өөр чухал зүйлс байгааг умартсан байх л даа. Одоо ингээд харахад хамгийн сайн найз гэж надад ер нь байна уу? гэж асуугаад өөртөө хариулт өгч чадахгүй явж байгаадаа гутарч байна. Тийм их цаг завыг зөвхөн хичээл хийхэд зарцуулсны эцэст одоо хүрэшгүй амжилтанд хүрсэн үү? гэхээр бас үгүй. Ганцаараа л бүгдийг хийж бие дааж явахад сайн тал байгаа ч мөн саар зүйл нь ч багагүй байдаг гэдгийг би саяхан л гэнэт ухаан орсон мэт анзаарч эхэлсэн хэрэг.

Хүмүүстэй харилцах харилцаанаас хол, зожигдуу байсан нь эргээд намайг хүнтэй харилцаж чадахгүй, нэг л эв дүйгүй болгож орхисон байна. Өөрийгөө ийм байгаагүйг би тодоос тод санаж, яах хэрэгтэй вэ гэдэгт учраа олохгүй тээнэгэлзэж нэлээн удаан явлаа. Ярьж байгаа яриа минь хүртэл ашиг хөөсөн, хичээл албаны талаар болсон байна, өөр сэдвээр ярья гэсэн ч ярих зүйл олдохгүй, мэдээлэл муу...

Хүн бүр л намайг бага зэрэг нээлттэй байвал зүгээр, хэтэрхий даруу юм гэж мөн надтай харилцахаараа ямарч хөгжилтэй хүн бай нүд нь нэг л уйтгартай, залхсан аль эсвэл үл тоомсорлосон хандлагатай болчиход хамаг учир надад байгааг илүү ихээр мэдэрч эхэлдэг. Аливаа зүйл багаас эхэлдэг гэдэг шүү дээ. Хүнтэй мэндлэхэд хүртэл асуудал тулгарах юм. Хэрхэн хүмүүстэй нээлттэй, зөв харилцаж сурах вэ, баярлалаа.

Зөвлөгөө: Бусадтай ярилцахдаа намайг юу гэж бодох бол гэж бодохгүйг хичээгээрэй

Ямар ч хүн найз нөхөдтэй болохын тулд өөрийн үзэл бодлыг хуваалцаж, тухайн ярьж буй зүйлийн талаарх тэр хүний бодлыг сонсох нь чухал байдаг.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Ямартаа ч өөрийн алдааг харж энэ байдлаараа удаан явах нь буруу гэдгийг бодож, өөрийгөө өөрчлөхийг хүсч байгаад баяртай байна. Ямар ч хүн найз нөхөдтэй болохын тулд өөрийн үзэл бодлыг хуваалцаж, тухайн ярьж буй зүйлийн талаарх тэр хүний бодлыг сонсох нь чухал байдаг. Тиймээс танд байгаа нэг том алдаа бол “бусдын өмнөөс бодох байдал” гэдэг нь бичсэн зүйлээс тань харагдаж байна. Тиймээс бусад хүмүүсийн бодож байгаад биш ярьж байгаа сонсож байгаа зүйлдээ илүү төвлөрч хэвшээрэй. Өөрөөр хэлбэл бүх хүн намайг ингэж бодож байгаа байх, би ийм сэтгэгдэл төрүүлчих шиг боллоо гэх мэтээр тэр хүний бодоо ч үгүй зүйлийг өөр дотроо ургуулж бодоод байвал хүмүүстэй харилцахад улам л асуудал үүснэ шүү дээ. Тиймээс бусадтай ярилцаж хөгжилдөхдөө намайг юу гэж бодох бол гэж эргэлзэж хаширлалгүй байхыг хичээгээрэй. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал