Залуус өөрсдөө санаачилга гарган хог хаягдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан билээ. Энэ сарын 11-нд болсон “Өнгө нэм” өдөрлөгийн зохион байгуулагч, “Zero Waste Mongolia” пэйжийн админ Д.Ууганзаяаг ярилцлага буланд урилаа. Байгаль дэлхийгээ хайрлагч, хог хаягдлаа багасгахыг хүссэн хэн бүхэнд түүний туршлага, зөвлөгөө маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
YOLO: “Өнгө нэм” өдөрлөг олон байгууллага хувь хүнд хог хаягдлаа багасгах ойлголт хүргэсэн гэж бодож байна. Та бүхэн яагаад ийм өдөрлөг зохион байгуулах болов?
-Хог хаягдлын талаар санаа зовнидог нийт 15 залуус нэгдэж “Өнгө Нэмж Өнгөт Ирээдүйг Бүтээцгээе” уриатайгаар энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгөөр хог хаягдалтай холбоотой мэдээллийг нэг дор нэгдсэн ойлголтоор хүргэх зорилготой. Албан байгууллагын хог хаягдал, нэг айлаас гарах хог, хувь хүн өдөр тутамдаа хэчнээн хог хаягдал гаргадаг, энэ хог хаягдлыг хэрхэн багасгаж болох талаар хэрэгжүүлэгч байгууллага, хувь хүмүүстэй холбогдож хэрэгжүүлэхийг сонирхож байгаа ч хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст хүрэхийг зорьсон томоохон өдөрлөг боллоо. Зохион байгуулагч залуус бид тус бүрдээ ажилладаг байгууллагадаа болон гэртээ, өөрөө хог хаягдлаа багасгаж, ангилж хаях гэх мэтээр хэрэгжүүлдэг.
YOLO: Та энэ өдөрлөгт ямар сэдвээр ярьсан бэ?
- Би хувь хүн өөрөө хэрхэн хог хаягдалгүй амьдарч болох вэ? Хаанаас юунаас эхлэх талаар ярилаа.
YOLO: Та яагаад энэ амьдралын хэв маягийг сонгох болсон бэ?
-Миний хувьд 3 жилийн өмнөөс эхлээд хоггүй амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж эхэлсэн. Энэ нь өөрөө маш урт хугацааны буюу амьдралынхаа туршид үргэлжлэх юм л даа.
Хамгийн эхний сэжүүр бол 2016 онд найзуудаараа 10 хоногийн маршрут гаргаад баруун аймгуудаар аялал хийхэд гарч ирсэн. Арваад залуучууд явсан. Маш эрч хүчтэй, аз жаргалтай, өөрсдийн дураар байгалиа үзээд л их гоё аялал хийлээ. Нэг зүйл л биднийг маш их гуниглуулж байсан. Тэр нь хаана ч очсон овоолсон жижиг жижиг хогтой таарсан. Хог нь ихэвчлэн ундаа, усны сав, талх боовны уут, чихэр шоколадны уутнууд, лаазтай бүтээгдэхүүний сав, архины шил, нэг удаагийн халбага сэрээ аяга, хүүхдийн памперс гэх мэт хогууд дахин дахин давтагдаж эхэлсэн. Харахад үнэхээр гоё байгальтай байсан ч хогондоо дарагдсан байгаа нь сэтгэлд их хүнд туссан л даа.
Аяллын үеэр...
-Тэгээд аяллаас ирээд бид нэгдэж хотын ойр орчмын хог түүхээр болсон. Туул голын эргийн ганц км газраас 150-аад шуудай хогийг ангилан ялгаж түүсэн. Тэгэхэд бараг гучаад залуучууд нэгдэж том өсгөгч авч яваад дуулж бүжиглэнгээ хогоо түүнэ гээд их сэтгэл өндөр гоё ажил хийхээр эхэлсэн. Яг бодит байдал дээр хог түүж эхлээд 5 минут болоход хөгжим ч унтарч, бүх хүн чив чимээгүй болсон. Хүмүүсийн үнэхээр заваан, замбараагүй хэрэглээнээс байгаль дэлхий ямар их бохирдож байна вэ, бид яагаад ийм их хог болох бүтээгдэхүүн хэрэглэдэг юм бэ, бид өөрсдөө байгальд хогоо авч ирээд хаяад байгаа юм байна гэдэг дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй.
Хог түүсэн тэрхүү өдрөөс эхлээд хог ер нь юунаас үүсээд байна вэ, нэг шоколадны цаасыг хогийн сав руу хийх бүрдээ энэ хог хаана очдог юм бол гэж бодож эхэлсэн. Тэгээд судалгаа хийсэн. Нэлээд судалж уншиж явсны дараа “Zero Waste Lifestyle” буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийг гаднын орнуудад хувь хүн өөр дээрээ хэрэгжүүлээд бүтэн жилд нэг хүний хог хаягдал ердөө 500 гр ганцхан шилний хэмжээнд л хог гаргаж болдог талаар мэдлээ. Тэгээд өөрчилж болох зүйлүүдээс өөр дээрээ бага багаар хэрэгжүүлж эхэлсэн.
Туул гол дагуу хог түүх үеийн зураг
YOLO: Энэ амьдралын хэв маяг руу шилжихэд юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Нэг удаа ус авч уух, эсвэл кофе авч уух, яарсан үед хоол захиалж авч явах шаардлага гардаг. Мөн санамсаргүй худалдан авалт хийхэд гялгар уутанд хийж өгдөг. Гарах хог нь усны сав, кофены аяга, нэг удаагийн хоолны сав, халбага, сэрээ, гялгар уут байна. Тэгэхээр эндээс эхэлж болно. Өөрийн усны саваа байнга авч явж, хоолны саваа ажил дээрээ нэгийг тавьчих. Мөн 1-2 даавуун тор цүнхэндээ аваад явж байх хэрэгтэй. Түргэн хоолны газраар ойр ойрхон үйлчлүүлдэг бол өөрийн модон, төмөр халбага, сэрээ авч явж байх нь соёлтой хэрэглээ болохоос харамч нарийн хэрэглээ биш юм. 3 жилийн өмнө оёж авсан жинлэж авдаг хүнсний зүйлийн даавуун торнуудыг би одоо ч хэрэглэдэг.
Шаардлагатай үед хэрэглэх зорилгоор өдөр тутамдаа усны сав, даавуун тороо авч явдаг. Ажил дээрээ хоолны сав, халбага сэрээгээ байнга байлгадаг.
YOLO: Өсвөр насныхан байгаль ээлтэй дадлыг хэвшүүлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Байгальд ээлтэй амьдрах нь хувь хүний хандлагаас эхэлнэ гэж бодож байна. Үнэхээр дотоодоос чинь ямар нэг мэдрэмж төрөөд, ямар нэг зүйл хиймээр санагдаад байгаа бол хүсэж байгаа зүйлээсээ эхэлж болно. Тухайн зүйлээ судлах хэрэгтэй. Холбоотой уулзалт, өдөрлөгүүдэд хамрагдах, интернетээс мэдээлэл цуглуулж, өөрийн сонирхож буй хэсгээс нь эхэлбэл зөв юм болов уу.
Зургийн тайлбар: “Zero Waste Home” номын зохиогч John Bea дөрвөн ам бүлтэй гэр бүлийнхээ нэг жилийн хугацаанд гаргасан хог хаягдлыг шилэнд хийн барьжээ.
Д.Ууганзаяа хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авахдаа даавуун уут ашигласан байдал.
YOLO: Та энэ амьдралын хэв маягаар амьдраад танд гарсан өөрчлөлтүүд юу байна вэ?
-Ммм. Миний хувьд маш эмх цэгцтэй, төлөвлөгөөтэй амьдрах болсон. Эхэндээ бол тороо цүнхэндээ хийсэн ч гаргахаа мартаад гялгар уутандаа юмаа хийгээд гарч явснаа “Өө надад тор байгаа ш дээ” гээд буцаад гялгар уутаа оруулж өгөх зэрэг зүйлс их тохиолдож байсан. Учир нь бид шинэ зүйлийг сурахад тодорхой хугацаа шаардагдаг. Тогтмол хийж дадал болговол энэ нь танд сууж мартагдахгүй зуршил болдог юм байна л даа.
Одоо долоо хоногт тогтсон нэг өдөр хүнсээ цуглуулах, яг шаардлагатай худалдан авах зүйлсийн жагсаалтыг гаргаж, хаанаас авахаа тооцоолж сонгож, ороод авах юмаа л аваад гардаг тул цагийг ч их хэмнэж чаддаг болсон.
Ер нь хүнд хэрэгтэй хэрэггүй олон эд зүйлс байх нь бидний цаг, мөнгийг үрж бидэнд нэмэлт ачаалал стресс нэмж байдаг юм шиг. Заавал тренд болж байгаа хувцас өмсөж, шинэ гарсан утас авах шаардлагагүй гэж боддог. Надад хэрэгтэй бол авна. Хэрэггүй бол авахгүй.
Бидэнд өдөрт маш бага цаг байдаг. Энэ цөөхөн цагийг илүү өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлээ хайрлах, цаашлаад нийгэмд хэрэгтэй зүйлсийг хийхэд зарцуулах нь надад үнэ цэнэтэй тул шаардлагагүй цаг үрдэг зүйлсийг багасгаж байх нь чухал зүйлдээ өндөр бүтээмжтэй ажиллахад тус болдог.
Төгсгөлд нь хэлэхэд бид удахгүй пэйж хуудсаараа хүмүүст энэхүү амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхэд туслах мэдээлэл зөвлөгөөнүүд хүргэж эхэлнэ. Манай пэйж хуудсыг дагаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.
FB page: Zero Waste Mongolia
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх