"Тэр намайг ашиглаад байгаа юм шиг санагдаад байна. Яах вэ?"


Сондор | YOLO.MN
2016-02-24

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Тэр намайг ашиглаад байгаа юм шиг санагдаад байна. Яах вэ?

...Тэр надаас хуулж, надаар даалгавраа хийлгэх нь намайг ашиглаад байгаа юм шиг санагдаад байх юм. Би яах вэ. Надад туслаач. sad 15 настай Х...

Сайн байна уу?
Намайг Х гэдэг, 15 настай эрэгтэй.

Би ангийнхаа хамгийн онц сурлагатан. Ялангуяа математикийн олимпиадад жил бүр орж шагналт байр эзэлдэг. Миний найзыг С гэдэг. Түүнтэй би саяхнаас л найзууд болсон. Тэр хичээлдээ жаахан тааруухан ч гэлээ ангийн хамгийн хөгжилтэй хүүхэд. Түүнтэй хамт байвал уйдна гэж байхгүй, түүнтэй найзлах нь надад маш их таалагддаг л даа. Гэхдээ тэр заримдаа надаар даалгавраа хийлгэдэг юм. Эхлээд би найздаа тусалж байна гэж бодоод хийж өгдөг байсан ч сүүлдээ тэр намайг ашиглаж нөхөрлөөд байгаа юм шиг санагддаг боллоо. Түүнд энэ талаар хэлж үзээгүй л дээ. Хэлчихвэл надтай найзлахаа больчих юм шиг санагдаад байдаг. Шалгалтан дээр би түүний бүх бодлогыг бодож өгч бид яг адилхан “А” дүн авдаг. Гэхдээ тэр тийм ч муу хүү биш л дээ. Нэг өдөр намайг нөгөө ангийн хүүхдүүд дээрэлхэхэд тэр намайг өмөөрч зодолдсон. Бас нэг өдөр би өвдөөд хичээлдээ явалгүй гэртээ ганцаараа үлдсэн юм. Харин тэр хичээлээ таслаад (хичээлдээ яв гэж зөндөө ятгасан ч дийлээгүй юм) надад хань болж, намайг хөгжөөн өдөржин хамт байсан. Гэх мэт түүний сайхан чанарыг дурдаад байвал олон. Харин надаас хуулж, надаар даалгавраа хийлгэх нь намайг ашиглаад байгаа юм шиг санагдаад байх юм. Би яах вэ. Надад туслаач.

 

Зөвлөгөө: Энэ сайхан нөхөрлөлийг авч үлдээд хэрхэн өөр гаргалгааг олж болохыг хараарай

Хамтдаа хичээлээ давтаж хамтдаа цагийг өнгөрөөх нь та хоёрын нөхөрлөл болоод чиний буруу бодлыг ч арилгах болно. Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Сайн байна уу?

Үе тэнгийн найзууд бие биедээ тусалж, сайхан нөхөрлөлийг бүтээнэ гэдэг гайхалтай зүйл юм. Чиний хувьд сурлага сайтай их мундаг хүү, харин найз чинь сайхан сэтгэлтэй хөгжилтэй хэрнээ тийм ч сайн сурдаггүй юм байна. Харин чи бусад хүмүүст мэдэгдэлгүй өмнөөс нь шалгалт өгч даалгаврын хийж өгдөг, тиймээс яг чамтай адилхан дүн авч  багш нарт үнэлэгдэж байгаа нь чамд бага зэрэг  шудрага бус санагдаж байгаа хэрэг.

Гэхдээ тэр чам шиг дүн аваад гайхуулж байсан удаагүй, энэ нь чамайг найз гэж хүндэлдэгт нь оршиж байгаа хэрэг. Энэ сайхан нөхөрлөлийг авч үлдээд хэрхэн өөр гаргалгааг олж болохыг харцгаая. Тухайлбал, найзынхаа гэрийн даалгаврыг хийж өгөхийн оронд хамтдаа хийх хэрэгтэй, чадахгүй зүйлсийг нь зааж өгч туслах, шалгалтанд бүх бодлогыг нь бодож өгдөг байсан бол ганц хоёрыг бодож туслах нь цаашдаа найз чинь өөрөө хийж чаддаг болно шүү дээ. Хамтдаа хичээлээ давтаж хамтдаа цагийг өнгөрөөх нь та хоёрын нөхөрлөл болоод чиний буруу бодлыг ч арилгах болно. Чамд амжилт хүсье! wink


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.

#Асуудал #Найз #Итгэл