Холбоотой төрсөн ихрүүд мэс ажилбараас татгалзжээ


М.Тэнгис | YOLO.MN
2019-04-11

Биеийнхээ бүсэлхийнээс доош хэсгээр холбоотой төрсөн ихрүүд болох Шиванат ба Шиврам Саву нар 18 нас хүрээд мэс ажилбарт орохгүй гэж шийджээ. Энэтхэг улсад төрсөн тус ихрүүд таван жилийн өмнө тэдэнд амжилттай мэс ажилбар хийж, биеэ даасан тусгаар хүмүүс болгож чадна гэх эмч нарын амлалтыг анх сонссон юм.

Маш эрсдэлтэй уг мэс ажилбарт ороход ихрүүд хэтэрхий том болжээ. Хэдийгээр амьдрал нь хязгаарлагдмал хүрээнд үргэлжлэх ч тэд энэхүү гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Шиванат, Шавру хоёр бүсэлхийгээрээ нийлж төрсөн бөгөөд, бүдүүн, нарийн гэдэс нь нэг аж. Тийм учраас тэд дөрвөн гартай ч, хоёр хөлтэй. Харин уушги болон зүрх нь тус тусдаа бөгөөд, хөдөлгөөн хийхдээ бие биетэйгээ хамтрахаас өөр аргагүй болдог.

Өсвөр насандаа яваа ихрүүд өөрсдийн энэ амьдралын хэв маягаа “Бурхны бэлэг” хэмээн үздэг аж.

Ихрүүдийн нэг болох Шиванат, “Бид ямар нэг юм хийхийг хүсэхгүй. Энэ чигээрээ үлдэхийг илүүд үзнэ. Бид хоёр одоо тусдаа болж чадахгүй. Бага балчир байхад боломжтой байсан ч одоо бол үгүй” хэмээн учирлажээ.

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг ах дүү хоёр хэнээс ч хараат бусаар нэгдэн нийлж, өөрсдийгөө авч явж сурсан чадмаг арга барилаараа гайхуулдаг. Өглөө бүр тэд өөрсдийн хүчээр хамтдаа усанд орж, хувцсаа өмсдөг бөгөөд дараа нь бие биенийхээ үсийг самнаж өгдөг байна. Мөн загварчилж тохируулсан унадаг дугуйг унаж тосгоноор хэсдэг бөгөөд, шаардлагатай ямар ч үед өөрсдийн зургаан мөч дээр чөлөөтэй алхаж, эсвэл гүйж чадна.

Холбоотой ихрүүд анх эхийн хэвлийд үр хөврөлийн шатанд байхдаа оношлогдох боломжтой байдаг бөгөөд, хоёр болж хуваагдах явцад нь алдаа гарснаар ийм төрлийн эмгэг үүсдэг аж. Судлаачид 50 мянган төрөлт тутмын нэгд биеийнхээ аль нэг хэсгээрээ нийлсэн ихрүүд тохиолддог гэж үздэг агаад, тэдний 99 хувь нь төрмөгцөө амьсгал хураадаг.

Шиванат, Шавру нар эцэг эх, таван эгчийнхээ хамт Чаттисгарх дүүргийн Хенда тосгонд амьдардаг. Тэдний аав 49 настай Рах Кумар Саху, хэдийгээр хүүхдүүдийг нь харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон хүмүүс зорьж ирсээр байдаг ч, өөр газар луу аваачихыг боддоггүй, үргэлж хамт байхыг хүсдэг тухайгаа ярьжээ.

Ихрүүд засгийн газрын зүгээс санхүүгийн хувьд ямар ч халамж, тусламж авдаггүй аж. Тэднийг асардаг гэрийн үйлчлэгч, “Би тэднийг арчилж хайрлалаа гээд ядардаггүй. Хэнээс ч тусламж хүсэхгүй. Тэдэнд анхаарал тавьсаар байх болно. Хэн нэгэнд ямар нэг хариуцлага үүрүүлэхийг хэзээ ч бодохгүй ” гэж хэлжээ.

“Тосгон дахь бүх хүмүүс тэдэнд хайртай. Тэдэнтэй дуртайяа тоглохыг хүсдэг юм. Надад эмч нартай уулзах шаардлага байхгүй. Яах гэж? Миний хүүхдүүд цоо эрүүл юм чинь” хэмээн тэдний эцэг ярьсан байна.

2014 онд Дели хотын хэсэг эмч нар ах дүү хоёрт мэс ажилбар хийж, тэднийг тусгаар болгож чадна гэж хэлж байжээ. Ихрүүдийн хувьд Шавру хоёр хөлөө өөртөө авч эгэл жирийн амьдралаар амьдрах болж, Шиванат хөлгүй үлдэж насан туршдаа асаргаанд байхаас өөр аргагүй болох байжээ.

Хөвгүүд аавынхаа хамт энэхүү мэс ажилбарт нэгэн дуугаар “үгүй” гэж хэлсэн бөгөөд ихрүүд: “Бид хоёр биетэй ч, нэг сэтгэлтэй. Бид хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай. Бусад хүмүүс чамайг мөн чанартаа хэн гэдгийг хүлээн зөвшөөрөх сайхан байдаг юм” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Metro.co.uk

#Siamese_Twins