"Хов зөөлөө, өөрөө асуудлаа шийд, эр хүн шиг бай” гэх мэтээр хүүхдийг асуудалтай нь бүү орхи


YOLO.mn | YOLO.MN
2019-04-10

КЕЙС 1 /жишээ/
15 настай охин ангийнхаа хөвгүүдтэй байнга хэрэлдэж, муудалцдаг. Нэг удаа ангийн хөвгүүнээ анги цэвэрлэж байх үеэр зодсон (алгадаж, цохисон).
Шалтгаан: Түүнийг ангийнх нь хөвгүүн “я*” гэж доромжилж, хөхний даруулгынх нь товчийг тайлж, шоолсон. Доромжилсон утгатай нэр хоч өгөх, биед нь хүрэх зэргээр шоглох, хөгжилдөх зорилгоор элдвээр өдөх явдал байнга гарч байсан учир тэвчээр нь барагдаад ийм үйлдэл гаргасан гэж охин хэлсэн.

Авсан арга хэмжээ: Түүний энэ үйлдлийг багш нь мэдээгүй. Өмнө нь өдөж шоглосон хөвгүүдийг багшдаа хэлэхэд загнаад өнгөрдөг ба үүний үр дүнд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Нэг удаа багш нь өдөж, шоглосон хүүд арга хэмжээ аваагүй хэрнээ “хичээл үймүүллээ” гэж охиныг алгадаж байсан бөгөөд дүнгээр боох вий гэж айгаад сургуулийн удирдлагад энэ тухай хэлээгүй.

Үр дагавар: Өсвөр насны охиныг ангийн хөвгүүд нь өдөж шоглох явдал байнга гардаг учир охин хичээлдээ төвлөрч чаддаггүй. Дүн нь буурч, тэтгэлэггүй болох вий гэдэгт санаа зовж байгаа.

КЕЙС 2

Өнгөрсөн жил МСҮТ-д Баганнуур дүүргээс ирж суралцаж байсан хүүхдийг Налайхын 20 гаруй залуу зодох гэж дотуур байр руу дайрч орсон байна.

Шалтгаан: Налайхын атаман гэж тооцогддог хүүхэдтэй сагс тоглож байхдаа мөрлөлөө гэж муудалцсан. Ингээд хоорондоо зодолдоод Багануурын хүүхэд дийлсэн байна. Налайхын хүүхэд өөрийн танил 20-иод залууг цуглуулж, нөгөө хүүхдийг зодох гэж ирэхэд нь сургууль руугаа зугтаж орсон тул яаж ч чадаагүй байна.

Авсан арга хэмжээ: Тухайн үед цугласан залуучуудыг багш нарын хүчээр тараажээ. Тэгээд хорооны цагдаад хандаж, цагдаа байцаалт авах, сануулах зэргээр арга хэмжээ авах гэж оролдсон боловч тодорхой үр дүн гараагүй.

Үр дагавар: Налайхын зодуулсан гэх хүүхэд өс санаж, боломж л гарвал зодох гэдэг болсон. Нийгмийн ажилтны хэлснээр “тухайн хүүхдийг зодож алчих гээд байсан учир аргагүйн эрхэнд ар гэрийнхнийг нь дуудан, нутаг буцаасан” байна. Ийнхүү нутгийн хүмүүстэй муудалцсан учир Багануурын хүүхэд сургуулиасаа гарч, мэргэжил эзэмшиж чадаагүй байна. 

Залуу үеийн эхлэл болох өсвөр насанд нийгмийн харилцааны орчинд хүндрэлтэй асуудал үүсэхэд хүчирхийлэл гаргах явдал багагүй байна.

Сургууль, дотуур байр, сагсны талбай гээд олон нийтийн газар эхэлсэн зөрчил лавширч, хүний нүднээс далд эзгүй талбай, сургуулийн арын хоосон газарт урьдчилан товлож, аль аль талаасаа баг, бүлэг бүрдүүлэн ирж зодолдон нэгнээ гэмтээж бэртээх, шарх сорви суулгах, зарим нь эрүүгийн хариуцлага хүлээх байдалд орсон явдал ч гарсан байна.

Эх сурвалж: ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ ХҮЧИРХИЙЛЭЛ- Хотын захын дүүрэгт хийсэн кейс судалгааны тайлан /2015 он Нээлттэй Нийгэм Форум, Бодлогод залуусын хяналт ТББ/

ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОР УРШИГ

Өсвөр насандаа дээрэлхүүлж байсан хүүхдүүдийн талаар Их Британийн нэгэн судалгаагаар энэ нь сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Учир нь эцэг эхийнхээ хараа хяналтаас гарч бие хүн болон төлөвшиж байгаа энэ үед өөрийнх нь үе тэнгийнхэн хүлээж авахгүй байх мэдрэмж төрүүлэх нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг учраас цаашид тэр хүн ажилд орох нь бага,  сэтгэл гутралд өртөх нь их байдаг ажээ.

Нэгнээ хочлохдоо зүгээр нэг хоч биш, эвгүй зүйлийг нь санагдуулсан байдалтай нэрлэх нь бий. Цахим хэлбэрийн хүчирхийллийн үед эвгүй зургийг нь тараах зэргээр хувийн мэдээллийг нь тарааж, тухайн хүний нийгмийн оролцоог нь хязгаарлах хэмжээнд хүргэх зэрэг нь сэтгэл зүйн хувьд гэмтэл авч байгаагаас ялгаагүй.

ЭНЭ АСУУДАЛД ЯАГААД БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ ВЭ?

Үүнийг гэмт хэрэг гэж харахаас болгоомжлох хэрэгтэй. Хүүхдүүд бие биетэйгээ харилцах арга эвээ олоход суралцаж байгаа энэ үед насанд хүрсэн хүмүүс, багш, нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд зөв зүйтэй зохицуулалтын аргыг нь ойлгуулж зохицуулж өгөхөд нь оролцох хэрэгтэй. Түүнээс биш хяналт тавих юм уу хориглох арга бас буруу. Эсвэл бүр гэмт хэргийн түвшинд хүргээд байх хэрэггүй.

Хэдийгээр дээрэлхэж буй хүүхэд нь сэтгэл зүйн хувьд нөгөөгөө дарамталж байгаа ч гэсэн энэ нь гэмт сэдэл гэхээсээ илүү өөрийгөө илүү гэдгээ хэрхэн илэрхийлэх вэ? гэсэн харилцааны арга эвээ л олох гээд байгаа хэрэг.

Дээрэлхэгч, дээрэлхүүлэгч гэсэн нэр томъёог аль болох хэрэглэхгүй байвал зүгээр. Учир нь ийм дарамтанд хүүхэд эргээд бусдыг дээрэлхэж магадгүй. Мөн гэмт хэрэгтэн шиг нэр зүүгээд явах нь ч буруу.

Америкт хийсэн судалгаанаас харахад дээрэлхэлтэнд оролцсон хүүхдүүд хоёр янз байжээ. Нэг нь нэр хүндтэй учраас бусдыгаа дээрэлхдэг /голдуу охид/, нөгөө нь “болдоггүй” гэдэг нэр зүүсэн хүмүүс өөрийг нь дэмжихгүй байгаа, өөрийг нь эсэргүүцэж байгаа мэдрэмж авахаараа түүнийг эсэргүүцэж, бусдыг дээрэлхдэг гэдэг нь тогтоогдсон байна. Тэднийг шаардлагатай дэмжлэгээр хангаж өгөөгүйн улмаас тийм үйлдэл гаргадаг.

ЦАХИМ ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОР УРШИГ

 

Цахим харилцаа бол нүүр тулан дээрэлхэж буйгаас нэг их ялгаа байхгүй. Бодит амьдрал дээр дээрэлхдэг хүмүүс цахимаар ч дээрэлхдэг. Гагцхүү нүүр тулж дээрэлхэх бол анги, нэг сургуулийн хүрээгээр хязгаарлагддаг бол цахимаар таних танихгүй, олон хүний дунд маш хурдан тархдаг учраас үүнд өртсөн хүүхдэд маш хүнд тусдаг.

Америкт болсон нэгэн тохиолдолд чатаар танилцсан хүүхэд нүцгэн зургаа явуулаач гээд авсан байдаг. Тэд шууд л нүцгэн зураг нэхэхгүй. Эхлээд танилцан бие биеэ ойлгодог болон дотносож, итгэлтэй болж авсны дараа нүцгэн зургийг нь олж аваад түүнийг нь ашиглан бэлгийн харилцаанд орохыг шаардаж дарамталж эхэлсэн.

Татгалзсан хариу өгөхөд зургийг нь ангийнхан, сургуулийнхан дунд нь тарааснаар охин өөр сургууль руу шилжсэн. Түүгээр ч зогсохгүй шинэ сургуулийнханд нь хүртэл тарааснаар охин амиа хорлосон эмгэнэлтэй тохиолдол бий. Аманда Тодд гэдэг охины энэ тохиолдлоос эхлэн уг асуудлыг ноцтой хэмжээнд авч үздэг болсон. Энэ тохиолдол дээрэлхэх гэхээс илүүтэй цахим сүлжээ таних танихгүй олон хүнд хүрдгээс үүдсэн эрсдэлийг харуулж байгаа юм.

ХҮҮХЭДТЭЙ ДОТНО ЯРИЛЦАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ХОЛ ХӨНДИЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Үе тэнгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд маш их ганцаарддаг. Бусадтай хуваалцаж чаддаггүй. Насанд хүрсэн хүн ч гэсэн сэтгэлээр унаад сэтгэл гутралд орохоороо хүнтэй ярих хүсэлгүй болж өөрийгөө тусгаарладаг байна. Хүүхэд ингэж ганцаардсаар, ухаж бодсоор байгаад ноцтой үр дагаварт хүрэх эрсдэлтэй.

Тэгэхээр энэ бүхнийг хуваалцах хүмүүс хэрэгтэй. Сургууль дээр бол нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч, эцэг эхчүүд, эсвэл хороон дээрээ очоод үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх нийгмийн ажилтан  ойр харилцаатай байх ёстой.

Судалгаанаас харахаар хүүхдүүд энэ асуудлаа ихэвчлэн найз нөхдөдөө л ярьдаг, хуваалцдаг. Гэтэл бидний хамгийн итгэлтэй үйлчилгээ үзүүлэх ёстой багш, нийгмийн ажилтан, гэр бүлийнхэн, ээж аав нь хүүхдүүдээс хол байгаа нь харагдаж байна.

Тэднээс яагаад гэдгийг нь асуухаар, нэг бол аав ээжийгээ зовоочихно, эсвэл загнуулна, гар утсыг нь хураагаад авчихна гэх зэрэг сөрөг үр дагавраас нь айдаг.

Эцэг эхдээ хандлаа гэхэд тэд хүүхдэдээ “Хов зөөлөө, өөрөө асуудлаа шийд, хүчтэй бай, эр хүн шиг бай” гэх зэрэг үг хэлдэг.

Эцэг эхчүүд хүүхэд байх үедээ яаж эвгүй байдлаас мултардаг байсан, яаж тэр байдлаа өөрөө зохицуулдаг байсан, одоо асуудлыг яаж шийддэг вэ гэдгийг хүүхдүүддээ нээлттэй илэн далангүй ярих юм бол өсвөр насныхан маш сайн ойлгож, тогтоож авдаг байна.

Тиймээс хүүхдэдээ аль болох цаг гаргаж, ярилцаж, асуудлыг нь сонсон, зөв шийдэх арга барилд суралцах хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах тухай зөвлөгөөг Б.Ууганцэцэг: Охидын биед хамаагүй хүрч болохгүй гэдгийг хөвгүүдэд ээж нь хэлж байх хэрэгтэй ярилцлагаас уншина уу.

 

#Bulling #Хүчирхийлэл