ЗАХИДАЛ: Тэр охинтой нийлж буруу замаар орох шахсан


ССҮТөв | YOLO.MN
2019-03-28

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр охинтой нийлж буруу замаар орох шахсан

Сайн байна уу? Би одоо 13 настай. Манай ангид хэдэн хүүхдүүд байдаг. Тэд нар хичээл болгон дээр багш нарыг үл тоож үймүүлцгээж утсаар тоглосоор байгаад хичээл хийж чаддаггүй. Тэдний дунд Т гэх хүүхэд бий. Тэр нь 2 найзтайгаа тамхи татаж байгаад цагдаад баригдаад сургуулийн хурлаар 3 4 удаа орсон. Тэр бас хүүхдүүдийг дээрэлхдэг. Мөнгө авна зодно дарамтлах гэх мэт. Түүнээс болоод заримдаа хичээлд явахаас их залхдаг болсон. Энэ асуудлыг яах вэ? Гэхдээ энэ ч бас төгсгөл нь биш л дээ. Манай ангид бас нэг охин байдаг юмаа. Тэр өөрийгөө хамгийн мундаг нь гээд бодчихсон, бусдыг ялгаварладаг, долигонуур, алцганасан, хичээлээ тасалдаг, бусдыг араар муулдаг. Би ч тэр охинтой хэсэг нийлээд хичээлээ таслаад буруу замаар орох шахсан. Тэрнээс хойш би нийлэхээ болиод байсан чинь намайг сонин зантай болчихсон, биеэ тоосон, их зантай гээд л муулчихсан байсан бас үүгээр ч тогтохгүй миний үерхдэг хөвгүүнийг хүртэл муулаад л байсан. Би тэр охинд дургүй минь хүрч зайлаасай гэж бодоод бас Т гэгчийг бүр алга болоосой гэж бодоод байх юм.  Заримдаа энэ их ядаргаатай зүйлсээс зугтаад үхчихмээр ч санагдаад байна. Энэ шилжилтийн нас байх л даа, гэхдээ би.... надад зүгээр хэцүү байна sad  ...Тайтгаруулах олон найзууд байгаа ч гэсэн...

ЗӨВЛӨГӨӨ: Сурагчид бие биедээ шаардлага, хүсэлт тавих хэрэгтэй

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа.  Хичээл чухал, төвлөрөөд сайн ойлгох хэрэгтэй гэдгийг чи сайн ойлгодог юм байна гэж ойлголоо. Тэр хөвгүүд үймүүлээд өөрсдөө хичээлээ ойлголгүй өнгөрдөг гэсэн үг үү, эсвэл тэрнээс нь болоод чи хичээлээ ойлгож чадахгүй байна гэсэн үг үү? Яг алинд нь бухимдаж байна вэ? Хэрвээ тэр хүүхдүүд хичээлээ ойлгохгүй байхаар шийдээд өөрсдөө үймүүлж байгаа бол чи түүнд бухимдах хэрэггүй болов уу. Бид бүх хүнийг удирдаж чадахгүй шүү дээ. Харин энэ нь чамд хичээлээ хийхэд хэцүү байна гэвэл багшдаа ч юм уу үүнийг шийдвэрлэх алхам хийж чадах хүнд хандаж тусламж хүсч болох юм. Эсвэл чи өөрөө ч шаардлага тавьж болно. Ангийн сурагчид бие биендээ шаардлага, хүсэлт тавих хэрэгтэй.

Сургуулийн үе тэнгийн дарамтыг ганц сурагч шийдэж хүч хүрэхгүй бөгөөд  энд анги хамт олон, сургуулийн багш, захирал, харуул гэх мэт ажиллаж байгаа бүх хүмүүсийн оролцоо чухал ба хамгийн түрүүнд сургуульдаа үе тэнгийн дарамтын эсрэг дүрэмтэй болох, үүнийг бүх сурагчдад таниулах нь чухал байдаг. Танай сургуульд дээрэлхэлтийн эсрэг дүрэм байдаг уу? Байдаггүй бол хэн үүнийг хийх ёстой вэ? Чи юу хийж чадах вэ?

Захианаас анзаарахад чамд сургуулийн талаар маш их таагүй бодол цугларсан бололтой. Сургуулийнхаа талаар сайн, эерэг зүйл бодохыг хичээгээрэй. Дуртай багш, дуртай хичээл, дуртай сурагчид гэх мэт. Таагүй бодол өөртөө хуримтлуулах нь чиний үйлдэлд нөлөөлж эхэлнэ. Чи сургуульдаа дургүй болно, явахыг хүсэхгүй болно гэх мэт. Өөрийн анхаарал болон бодлыг сургуулийнхаа сайн зүйл дээр төвлөрүүлэхийг оролд. Үргэлж бухимдаж явснаас хавь илүү. Энэ нь чиний сэтгэл санааны байдлыг дээрдүүлэх болов уу. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter