Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Яавал тэр хөвгүүн надад сайн болох бол?
15 настай О...
Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй.
Би сургуулийн автобусаар явдаг юм л даа. Тэнд бас манай дээд ангийн нэг хөвгүүн байдаг юм. Нэг л мэдэхэд тэрэнтэй их дотно болчихсон. Өнгөрсөн гуравдугаар сараас би түүнд сайн болчихсон гэдгээ мэдсэн. Хаана ч явсан нүдэнд харагдаад л, хоолойг нь сонсох төдийд л инээмсэглэдэг болчихсон.
Түүнийг автобусаар явахгүй бол яагаад ч юм дотор хоосон оргиод харин автобусанд суучихаар нэг л сайхан санагдаад хоосон бүхэн дүүрэн болчихсон юм шиг санагддаг. Тэр бас сургуульдаа од л доо. Тийм болохоор түүнд сайн болох охидууд түүний харьцах охидууд их байдаг болохоор миний уур хүрдэг.
Тэр хааяадаа надад сайн юм шиг аяглаад санаа тавиад байдаг хэрнээ нэг бодлын намайг үл тоогоод ч байх шиг санагдах юм. Саяхан би “хамт дугуй унах уу?” гэж асуутал надад “тэгье” гэчихээд тэр өдрөө "Дэлгүүр хэсэж байна" гээд ирээгүй.
Би тэр хүнд хэтэрхий сайн бүр хайртай болчихсон бололтой. Одоо хичээл амарчихсан болохоор уулзаж ч чадахгүй юм. Фэйсбүүкд ороод ирэхээр нь би юм бичихийг хүсдэг ч яагаад ч юм зориг хүрдэггүй. Эсвэл бардам зан байгаад байдаг юм шиг. Над руу түрүүлж бичээсэй гэж хүсээд л...
Зуны гурван сарыг яаж барахаа мэдэхгүй л юм. Би яг галзуурах гээд байна. Би яавал дээр вэ? Яавал тэр хөвгүүн надад сайн болох бол? Яавал байдал арай дээрдэх бол оо? Надад туслаач.
Зөвлөгөө: Хүн бүрт өөрт таалагддаг шинж гэж байгаа
Сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Өсвөр насанд хүүхдүүдэд бие физиологийн болон сэтгэл санааны маш олон өөрчлөлтүүд явагдаж байдаг. Түүний нэг болох эсрэг хүйсийнхнээ сонирхох, тэдний талаар илүү ихийг олж мэдэхийг хүсэх, үерхэж нөхөрлөх зэрэг бодлууд ихээр бодогдож эхлэдэг. Хүн бүрт өөрт таалагддаг шинж гэж байгаа. Магадгүй тэр хөвгүүнд чамд таалагддаг нэг шинж байдаг бололтой. Тэгвэл чиний яг ямар зан чанар түүнд таалагддаг бол гэдгийг мэдэхгүйгээр өөртөө сайн болгох гэж хичээх нь өөрөөрөө байх боломжийг хааж байгаа дэмий оролдлого юм.
Тиймээс чи тэр хөвгүүнтэй шууд үерхэж нөхөрлөхийг илүүд хэмээн бодолгүйгээр энгийн харилцаагаа улам бэхжүүлж бие биенээ илүү таньж мэдэхэд анхаарах юм бол чиний талаарх тэр хүний бодлыг та мэдэж чадах болно. Цаашид та хоёрын нөхөрлөлийн үр дүнд үүсч байгаа бодол санаагаа хуваалцах, хамтдаа ярьж, зугаалж цагийг өнгөрүүлэх, илүү сонирхолтой байгаа зэргээс та хоёр хэр тохирох шинж чанартай хүмүүс вэ? гэдэг нь тодорхой болно. Үүний дараагаар тэр хүн чамд сайн уу? үгүй юу? гэдгийг мэдэхэд хялбар болно. Танд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх