ЗАХИДАЛ: Намайг сэхүүн, ямбатай, маягтай, шалиг гэх юм


ССҮТөв | YOLO.MN
2019-03-02

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Намайг сэхүүн, ямбатай, маягтай, шалиг гэх юм

Сайн байн уу? Би 18 настай. Надад хайртай, дуртай гэж үеийнхэн, эсвэл арай ах хүмүүс их хэлдэг. Хоол идье, уулзъя, кино үзье, гадуур хамт гаръя гэж санал болгодог. Гэхдээ надад хэчнээн царайлаг, даруухан, соёлтой байсан ч ерөөсөө сэтгэлд нийцэхгүй юм. Хөндлөнгийн бусад хүмүүс намайг харахдаа сэхүүн, ямбатай, маягтай, шалиг гэх зэрэг хэлж болох муу үгс болгоныг ил далд их ярих юм. Энэ яриануудыг хайхардаггүй байсан ч ойрын үед үнэхээр хэцүү санагдаад байх юм. Би буруу зүйл хийчихсэн юм шиг хүмүүс намайг ярина. Найзууд маань хүртэл уурлаад байх боллоо. Би яг яах ёстойгоо ойлгохгүй юм.

ЗӨВЛӨГӨӨ: Буруу ойлголт, бодлыг залруулах боломжтой

Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе.

Мэдээж бидний талаарх бусад хүмүүсийн  бодлыг хянах, мэдэх боломж тэр бүр байдаггүй. Ялангуяа танихгүй хүмүүсийн дундах цуу яриаг залруулж, удирдаж, тайлбар хийх боломж бүр ч хомс. Харин чи юу хийж чадах вэ гэвэл өөрийн ойр дотнын хүмүүст төрж буй чиний талаарх буруу ойлголт, бодлыг залруулж, өөрийгөө бодитоор ойлгуулах боломжтой. Тэд чамайг хамгийн сайн ойлгох ёстой хүмүүс шүү дээ. Үүний тулд дараах алхмуудыг туршихыг санал болгоё. Үүнд:

  • Юун түрүүнд ярилцахыг хичээгээрэй. Чамд юу мэдрэгдэж байгаа, бусад хүмүүсийн яриа чамд яаж тусч байгаа талаар найзуудтайгаа хуваалцаарай. Мөн ойр дотнын хүмүүсийн харилцаа, хандлага чамд ямар мэдрэмж төрүүлж буй талаар нээлттэй ярилцаарай.
  • Найзууд чинь яг юунаас болж уурлаад байна, бухимдах өөр асуудал байгаа эсэх зэрэг шалтгааныг тодруулан асуугаарай. Жишээлбэл: миний яг ямар зан, эсвэл үйлдэл таалагдахгүй байна вэ, яаж өөрчлөөсэй гэж хүсч байна гэх мэтээр нарийвчлан асуугаарай. Тэгээд өөрчилж болохоор зүйл байна уу, үгүй юу гэдгийг чи шийднэ.

Чамд үнэхээр таалагдах хүн гарч ирэхгүй байгаа нь чиний буруу биш шүү дээ. Болзоонд явах үгүй нь ч чиний эрх, чиний мэдэх хэрэг. Харин чамд сэтгэлээ илчилж буй хүмүүст хоосон итгэл төрүүлэхээс болгоомжлоорой. Үнэхээр таалагдаагүй л бол болзоонд явах саналуудад зөвшөөрөлгүй өөрийгөө тодорхой илэрхийлж болох юм.

Дахин хэлэхэд чи ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэхдээ одоо үүсээд байгаа таагүй байдал буюу чиний талаарх яриа, хандлагыг багасгахыг хүсч байвал дээрх зөвлөмжүүд туслах болов уу. Чиний бүх зүйлд амжилт хүсье! 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б.Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter