Нэвтрүүлэгч Д.Одзаяа: Хийж буй ажлаа ял мэт хүлээж авбал амжилт ирэхгүй


Б.Мишээл | YOLO.MN
2019-02-26

Урин хавар айлчилж, хийж бүтээх чин хүсэл эрмэлзэл хэн бүхэнд улам оргилж байгаа биз ээ. Хичээнгүй, хөдөлмөрч зангаараа олны хайр хүндэтгэлийг хүлээж, хэн бүхэнд танил болсон “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн нэвтрүүлэгч, “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч Д.Одзаяатай хийсэн ярилцлагыг минь тухлан уншиж, түүний дотоод ертөнцөөр аялаарай.

YOLOСайн байна уу? Юуны өмнө урилгыг минь хүлээж авч цаг зав аа гарган  ирсэнд маш их баярлалаа. Манай Yolo.mn сайтын уншигчид өсвөр, залуу насныхан байдаг учир таны өсвөр насны тухай яриагаа эхлүүлье. Өсвөр насандаа ямар зан ааштай, ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв?

-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Урьсанд баярлалаа. Өсвөр насандаа хэт их нээлттэй ч юм уу, юм болгонд оролцдог хүүхэд байгаагүй. Арван жилээ орос сургуульд төгссөн. Багаасаа хэл судлах сонирхолтой олимпиад уралдаанд их ордог хүүхэд байлаа. Өсвөр насны мөрөөдөл гэвэл багаасаа гадаад харилцааны чиглэлээр дипломатч хүн болно гэж боддог байсан юм. Тэгээд ээж минь миний мөрөөдлийг дэмжиж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн гадаад харилцааны менежер, англи хэлний орчуулагч гэсэн хос дипломтой ангид орсон.

YOLOЯагаад мэргэжил нь өөрчлөгдөж нэвтрүүлэгч болж телевизийн урлагтай холбогдсон бэ?

-Гуравдугаар курсдээ англи хэлний орчуулагчийн дадлагаар үндэсний телевизэд гадаад нэвтрүүлгийн алба дээр орчуулга хийгээд анх телевизтэй танилцаж байсан. Тэр үеэс телевизэд орно гэж бодоод төгсөнгүүтээ шууд дипломоо барьж очоод шалгуулаад нэвтрүүлэгчээр орж байсан. Гэхдээ гадаад харилцаа болон телевизэд аль алинд нь л татагдсан боловч яагаад ч юм. Хувь тавилан байсан байх гэж боддог /инээв/.

YOLOӨсвөр насны зорилго болон одоогийн зорилгоосоо хуваалцаач?

-Зорилгоо тодорхойлох гэдэг мэдээж чухал гэхдээ би яг тухайн цаг мөчид юу мөрөөдөж байна, юу хүсэж байна гэдгээ ойлгож, өөрийгөө их сонсож явдаг байсан шиг санагддаг. Яг нэг зорилго тавиад л түүнийхээ л төлөө явна гэхээс илүүтэй  хүсэл мөрөөдөлдөө автаж явах их дуртай.

YOLOТэгвэл яг одоо юу мөрөөдөж байна вэ?

-Яг одоо миний мөрөөдөл бол дэлхийгээр аялах. Түүнийгээ ч биелүүлж явна даа.

YOLOХүнд маш олон дурсамж байдаг. Таны хувьд хамгийн сүүлд тохиолдсон мартагдашгүй дурсамж юу байна?

-Миний хувьд сошиал ертөнцөд өөрийн пэйж хаягаараа дамжуулан “Бэлэг” нэвтрүүлэг хийдэг.  Саяхан 2018 оны 11-р сарын 10-нд нэвтрүүлгийн маань 100 дахь дугаарын баяр болсон юм. Яг үнэндээ би тэр өдөр тийм их хүн ирнэ гэж бодоогүй. Тооцоолсноос 4 дахин их хүн ирсэн. Маш гоё мэдрэмж төрүүлж, хийж буй ажлаасаа маш том урам авсан. Зөв зүйл хийж байгаа юм байна, хүмүүст таалагджээ гэж бодсон. Сошиал ертөнц өөрөө амьд харилцаагүй гэдэг шиг биечлэн уулзаж үзээгүй хүмүүс тэнд байдаг. 100 дахь дугаарын уулзалт дээр очоод уулзангуут маш гоё сэтгэгдэл төрсөн. Энэ уулзалт мартагдашгүй бөгөөд маш гоё дурсамж болсон.

Ямар ч хүн биеэ тоолгүй, байнга өөрийгөө хөгжүүлж байгаасай.

Д.Одзаяа

YOLO“Бэлэг” нэвтрүүлгийн санаа анх яаж төрж байсан бэ?

-Олны танил хүмүүст арай илүү боломж байдаг. Надад боломж байна, яагаад би үүнийг ганцаараа эдлэх ёстой гэж гэдэг бодлоос анх үүссэн. Тогтмол долоо хоног бүрийн нэг дэх өдөр үнэнч шударгаар азтан тодруулаад, хүмүүсийг баярлуулъя гэж шийдсэн. Би тухайн газрыг таниулах боломжтой, эргүүлээд тэр газар маань хүмүүст үнэгүй бэлэг өгч, тэр бэлгийг азтан болсон хүмүүс маань авах гэсэн 3 талын ашигтай эерэг санаа төрсөн. Нэвтрүүлэг маань эхлээд одоо 3 жил болжээ.

YOLOСтори-г тань байнга үздэг хүний хувьд та монтаж аа хийгээд шөнийн 3, 4 цаг хүртэл ажиллах тохиолдол бишгүй их байдаг. Гэхдээ ерөөсөө ядраагүй, ажиллаагүй хүн шиг үргэлж эрч хүчтэй байх юм. Үүний нууц юунд оршиж байна?

-Дуртай ажлаа хийж байгаагийнх байх /инээв/. Хүн хийж буй ажлаа ял мэтээр хүлээж авбал ямар ч ажил гараас гарахгүй бөгөөд амжилт ирдэггүй. Харин боломж мэтээр хүлээж авбал амжилтад хүрдэг. Мөн салшгүй холбоотой байдаг зүйл бол миний гэр бүл. Тэд маань намайг ажилтай байхад арын ажлыг маш сайн гүйцэтгэдэг. Гэр бүл маань намайг байнга дэмждэг учраас би маш тайван, эрч хүчтэй, сонирхолтойгоор ажлаа хийдэг. Мөн үр дүн нь маш хурдан байдаг учраас түүнээс их урам авдаг.

YOLOСошиалд ийм нэвтрүүлэг хийж олон түмэнд хүргэхэд өөрийн тань хувьд гол баримталдаг зарчим юу байдаг вэ?

-Анх нэвтрүүлгээ хийж эхэлсэн цагаас хойш л үнэнийг баримтлах гэсэн зарчим баримталж байна. Энэ нь азтан тодруулах, үзэгчдэд мэдээллийг үнэн зөв, баримттайгаар хүргэх гэх зэргээр биелдэг.

YOLOМаш их баярлалаа. Телевиз мэдээ мэдээллийн салбарт ажиллахад маш олон хүнээс үнэтэй зөвлөгөө сонсож байсан байх. Тэр дундаас хэзээ ч мартагддаггүй, байнга санаж явдаг үг бий юү?

-Анх телевизэд ороход надаас доош насныхан байгаагүй олон жил ажилласан туршлагатай ах эгч нараасаа олон үгийг сонссон. Тэр дунд “Телевиз хүнээр дутдаггүй юм аа” гэсэн хатуу үг байдаг. Энэ үгийг байнга санаж явдаг. Байнга санаж явдгийн утга учир нь хүн ер нь олны танил болоод ирэхээр биеэ  тоох хандлага ажиглагддаг. Тэгэхээр үүнийг л дарсан үг юм болов уу гэж боддог. Ямар ч хүн биеэ тоолгүй, байнга өөрийгөө хөгжүүлж байгаасай гэж боддог  

YOLOНэвтрүүлэгч, сэтгүүлч болно гэж мөрөөдөж, хөдөлмөрлөж яваа хүүхэд, залууст зориулж юу гэж хэлэх вэ?

-Өөрийн зорилгоо тодорхойлоод, мөн яагаад зорилгоо тэгж тодорхойлоод байгаагаа сайн ойлгоорой. Харин яг сайн ойлгоод, нэвтрүүлэгч болохоор төлөвлөсөн байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд:

  • хэл яриан дээрээ их анхаар,
  • шүд бүрэн байх ёстой,
  • гадаад хэлний мэдлэг маш сайн байх ёстой,
  • үнэн зөв байгаарай,
  • сэргэлэн сониуч байгаарай,
  • аливаа мэдээллийг маш сайн ойлгож, учир шалтгааныг нь ойлгодог байгаарай гэж хэлэхийг хүсэж байна. Хэрвээ хүн зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө тэмцэж байгаа бол жижиг том асуудлууд дээр шантардаггүй шүү дээ.

YOLOЯрилцсанд маш их баярлалаа.

#Олны_Танил, #Нэвтрүүлэгч