КИНО ТЭМДЭГЛЭЛ: Дани охин (2015)


М.Тэнгис | YOLO.MN
2018-10-02

Олон янзын уншигчид байдаг шиг олон янзын үзэгчид гэж бий. Харин тэрхүү олон янзын үзэгчдэд нэгэн янзын сэтгэгдэл төрүүлнэ гэдэг уран бүтээлчдийн хувьд чамгүй хүнд хөдөлмөр байдаг болов уу. Ялангуяа хүйсийн тодорхой бус байдал, бэлгийн түгээмэл бус чиг хандлагын тухай сэдвийг хөндөж буй тохиолдолд олон үзэгчдийн дургүйцэл, эргэлзээтэй нүүр тулахад бэлэн байх ёстой болно. Харин найруулагч Том Хуперын бүтээл “Дани охин” тэр л ердийн биш хүндхэн сэдэв дээр боссон хэдий боловч олон мянган хүний сэтгэлийг татаж чадсан нь уг бүтээлийг тодорхойлох чухал үзүүлэлт гэлтэй.

Данийн залуу хос хоёул уран зураач. Гагцхүү нөхөр Эйнер нь эхнэр Гердагаасаа хувь илүү авьяаслаг, тиймдээ ч олны нүдэнд түүний зураг эхнэрийнхээс нь илүү үнэлэгдэх аж. Гэхдээ тэр хоёрын харилцаа өрсөлдөөнийг хүлцэн тэвчихгүй ариухан учир тэд уг асуудлыг хөндөхөөс зайлсхийн амьдарна. Бие биенээ хачин их ойлгохын зэрэгцээ, үргэлжид хайрлан халамжилна. Гэвч Эйнер хэзээ ч төсөөлөмгүй хачин нууцыг өөрөө өөрөөсөө олж илрүүлснээр, ирээдүйн амьдралаа эгнэгт өөрчлөх их хүслэнд автдаг.

Гердагийн зураг амжилт олох нь цөөн. Хэдэн шидээврээ үзэсгэлэнд тавиулахаар үүрч дүүрээд гарах боловч үргэлж гологдон буцаагдана. Нэгэн удаа зурж байсан хөргийнх нь эзэн, дотны найз бүсгүй нь хүрэлцэн ирж амжаагүй учир Эйнерийг оронд нь суулгаж зурахаар шийддэг. Тийнхүү эмэгтэй хүний гоёмсог даашинз, торгомсог урт оймсыг нөхөртөө өмсүүлдэг, гэтэл тэр нь аз жаргалтай амьдралынх нь сүйдэхийн эхлэлийг тавих шиг болно. Эйнер эмэгтэй хүний хувцас өмсч аз жаргалыг мэдэрч байлаа!

Эйнерийн дотор ямархан сонин мэдрэмж төрж байгааг гадарлахгүй Герда сүүлдээ нөхрийгөө эмэгтэй төрхөнд оруулаад зурдаг боллоо. Гэтэл Эйнерийн бүсгүй төрх буусан уран зургууд чамгүй амжилт олж, тэр ч бүү хэл Парис хотноо алдаршдаг нь хувь заяаны егөө гэлтэй. Герда ерөөс нөхрийнхөө “дотор хүнийг” илэрхийлэн зурах тавилантай байжээ.

Эмэгтэй төрхөнд хувирахад бүх бие сэтгэлээрээ татагдах болсон Эйнер Гердагаас нууцаар даашинз өмсч тайвширдаг, бүсгүй хүний хөдөлгөөнийг зориудаар дуурайн үйлддэг болно. Эхэндээ барагтай хамт зугаацан хөгжилдөх гэж Эйнерт эмэгтэй хувцас өмсүүлэн зурдаг байсан Герда энэ тухай олж мэдээд өөрөө өөртэйгөө ямар их тэмцэлдэнэ гээч. Гэртээ хүртэл даашинзтай суух болсон нөхрөө, “Одоо энэ тоглоомоо зогсоо!” хэмээн тэсгэлгүй нулимс цийлэлзүүлэн загнах боловч, “Эйнер байхгүй болсон. Одоо ганц Лили л байгаа” хэмээн хариулах хайртай нөхрийнхөө өмнө хүчин мөхөсдөх нь тэр.

Тэдний харилцаа хавцлын ирмэг дээр ирлээ. Эр нөхрөө эмэгтэй хүн болохыг хүсч байгааг хоёр нүдээрээ харан суух Герда тун чиг уужим сэтгэлтэй бүсгүйн дүр. Эйнерийг хамт эмчид үзүүлтэл, эмч Гердад “Нөхөр чинь солиорчихсон байна, та нөхрөө өдрий хүртэл өөгшүүлж явжээ” хэмээн хэлдэг. Харин Герда хамгийн сайн ойлгодог, хамгийн их хайртай Эйнерийгээ “солиотой” хэмээн цоллуулж эс чадах ажээ. Тийнхүү өөрийн уй зовлонг хүлцэн тэвчиж, нөхрөө өөрийнхөөр нь аз жаргалтай байлгахаар шулуудаж, ‘Лили’ нэрээр дууддаг болно...

Эйнерийн цорын ганц хүсэл нь эмэгтэй хүн болохын тулд хүйс солих мэс ажилбар хийлгэх болон хувирна. Энэ бол хос хоёрын амьдралыг нэг мөсөн хоёр тийш болгоход хүргэх хүнд алхам боловч хайртай түүнийхээ төлөө өөрийгөө үл хайхарч Герда зориг шулуудна. Мэс ажилбар хийх эмчтэй аминчлан уулзах Герда, мэс ажилбарын дараа Эйнерийг асарч халамжлах Герда, дотроо хачин их ганцаардлыг мэдэрч суугаа Герда. 

Эйнер буюу дотоод сэтгэлдээ Лили хүнд мэс ажилбарыг даалгүй чин үнэнч хайрынхаа дэргэд нас барах болно.

Уг бичвэрийнхээ нэрийг “Хувираагүй үлдсэн хайр” гэж оноомоор санагдана. Гагц Гердагийн ч биш, ерөөс тэр хоёрын бие биендээ дурласан халуун хайр тийм том өөрчлөлт шалгуурын ард огтоос хувираагүй үлдсэн билээ. Тийм их үнэнч хайртай байсан учраас нэг нэгнээ өмчлөх биш, нэг нэгнийхээ аз жаргалыг нэгдүгээрт тавихаар шийдсэн нь Гердагийн дүр сэтгэлд тун тод үлдэх болсон шалтгаан.

“Дани охин” уран сайхны киног бодит амьдралаас сэдэвлэсэн юм. Гол дүрийн зураач эр Эйнер Магнус Андреас Вегенер 1882 оны арван 12-р сарын 28-нд Дани улсад төрсөн. Тэрбээр анхны хүйсээ солиулах мэс ажилбарт орсон трансжендер хүмүүсийн нэгд тооцогддог агаад, амьдралынхаа төгсгөлд Лили Элбе гэх эмэгтэй нэрээрээ алдаршжээ. Түүний хийлгэсэн хоёр шат дараалсан мэс ажилбарын тухай Дани болон Герман орны сонин хэвлэлүүд сүр дуулиантай мэдээлж байсан байна. Эйнер Вегенерийн эхнэр Герда ч мөн бодит хүн байсан агаад түүний нөхрөө бүсгүй хүний дүрээр зурж байсан бүтээлүүд одоо ч хадгалагдаж үлджээ.

Энэхүү бүтээл бодит түүхээр дэвсгэр хийсэн, мөн хувираагүй хайрын тухай романтик сэдвийг өрнөл болгосон учир бэлгийн цөөнхийн тухай хүнд сэдвийг эвлэгхэн, чадварлаг хөндөж чаджээ. Мөн гол дүрийн жүжигчин Эдди Рэдмейний дүр бүтээлт ямар ч хүний сэтгэлийг эерүүлэхүйц чадварлаг, сэтгэлд үлдэхээр, үнэхээр биширмээр болж чадсаныг дурьдахгүй байхын аргагүй. Басхүү Гердагийн дүрийг бүтээсэн Алиша Викандер ч мөн сэтгэлийн утсыг эрхгүй хөндөж, киноны хүнд уур амьсгалд автуулж байлаа. Тийм ч учраас тэрбээр 2016 оны Оскарын кино наадамд шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртжээ. Харин жүжигчин Эдди Рэдмейн шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшсэн.

Тэр бүр олон хүн үзээд байдаггүй, өвөрмөц төрлийн үйл явдалтай, чадварлаг дүр бүтээлттэй “Дани охин” магадгүй таны сэтгэлийг хөдөлгөнө, эсвэл урьд бодож үзээгүй сэдвүүдээр цоо шинэ бодрол хөрвүүлэхэд тусална. Үзэгч миний хувьд уужим сэтгэлтэй зураач бүсгүй Герда сэтгэлийн мухарт хүндтэй байр суурийг эзэлсэн билээ.

#MovieReview