Кара Делевин өсвөр насны бараан дурсамжаа хуваалцлаа


М.Тэнгис | YOLO.MN
2019-02-20

Загвар өмсөгч, жүжигчин Кара Делевин өсвөр насандаа асар их сэтгэл гутралд өртөж, нийгмээс тусгаарлагдаж байсан тухайгаа саяхан нийтлэгдсэн шинэ ярилцлагад дэлгэжээ.

Сэтгэцийн асуудлаас болж 15 настайдаа сургуулиасаа гарч байсан тэрбээр Портер сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Би сэтгэлийн дарамтанд орсон өөрийгөө үзэн яддаг байсан” гэж хэлсэн байна.

“Дахиж амьд явах хүсэлгүй болсон тэр үед чухам юу болж байсныг би огт ойлгож байгаагүй”

Хэдийгээр хатагтай Делевин өдгөө Барберри, Шанел, H&M тэргүүтэй тансаг брендүүдийн нүүр царай болж, нэр алдарт хүрсэн ч, бага сургуульд өөрөө өөртэйгөө тэмцэлддэг байсан гашуун түүхээ олонд дэлгэж байна.

КАРА ДЕЛЕВИН:

“Том хөхгүй, эсвэл сарын тэмдэг оройтож ирдэг байсан гэх мэтээс болж би бусдаас тусгаарлагддаг байсан” хэмээгээд, “Хөлдүү амьтан, хавтгай цээжтэн гэж дуулуулдаг байсан тэр бүхэн намайг ганцаардмал, нийгмээс тусгаарлагдсан нэгэн болгосон” гэж тэр ярьжээ.

“Өсвөр үеийнхэн дэндүү хэрцгий хандлага гаргах үе бий. Найзуудад минь байдаг хүүхэд ахуйн сайхан дурсамжийг би туулж үзээгүй”

Залуу загвар өмсөгч өөрийнхөө  үл ойлгогдох хүүхэд насыг дүрсэлж зураг зурдаг. Ихэвчлэн юу мэдэрч буйгаа найзууддаа зөвөөр илэрхийлж чадаагүй, богинохон үстэйгээсээ болж хөвгүүдэд дээрэлхүүлж буй нэгнийг зурна. “Би мэдээж харь гарагаас ирээгүй. Гэхдээ яалт ч үгүй бусдаас этгээд ямар нэг зүйл надад байгааг үргэлж мэддэг байлаа”

ТЭР МӨРӨӨДЛӨӨ Ч ДЭЛГЭЖЭЭ

Тэр аз жаргалтай амьдралд хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөн, бас үүний тулд өрөөл бусдад найдаад хэрэггүй гэдгийг ойлгосон гэдгээ хуваалцжээ.

25 настай загвар өмсөгч тэрбээр өөрийн моделийн ажлыг түр завсарлаж, Жон Грийний зохиолоос сэдэвлэсэн Цаасан хотууд, ДиСи комиксын Үхлийн салаа зэрэг уран сайхны кинонуудад дүр бүтээгээд байгаа билээ.

Мөн хатагтай Делевин өөрийн туулсан тусгаарлагдмал, ганцаардангуй амьдралаас сэдэвлэсэн “Толь минь, толь минь” хэмээх анхны номоо бичиж дуусгаад байгаа ажээ. 10-р сард хэвлэлтээс гарахаар зэхэж буй уг бүтээлд өсвөр насны төвөгтэй амьдралыг туулж буй дөрвөн дүр гарах аж. Тэдний нэг нь согтууруулах ундаанд донтсон гэр бүлтэй бөгөөд энэ нь Кара Делевиний ээж архины хамааралтай байсныг ёгт утгаар илэрхийлсэн гэмээр. Бүсгүй тус дүрийнхээ талаар, “Тэр гэр бүлдээ гүн хайртай байсан” гэж бичжээ.

Архины хамаарал, донтолт, сэтгэл гутрал зэргийн тухайд, чи хэзээ ч тухайн хувь хүнийг үзэн ядаж болохгүй. Харин түүний цаана байгаа учир шалтгаан, өвчин эмгэгийг нь үзэн ядах ёстой

Түүнээс ирээдүйн амьдралынх нь тухай асуухад, хүүхэдтэй болж бас жолоо барьж сураад амар жимэр амьдрахаар төлөвлөж буй тухайгаа ярьжээ.

“Би фермтэй болохыг, далайн эрэг дээр амьдрахыг хүсдэг... Би хүүхэдтэй болмоор байна. Удахгүй хүүхэдтэй болно гэдгээ ч мэдэж байгаа. Тэр их хайр энэрлийг мэдрэхийг хүлээж ядан сууна”

#Сэтгэл_гутрал #Cara_Delevingne