Монбушо тэтгэлэгт тэнцсэн оюутнууд: Зорилгодоо хүрэх гээд хичээлээс бусдыг орхих шаардлагагүй


YOLO.mn | YOLO.MN
2019-02-13

Жил бүр Японы засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр буюу Монбушо тэтгэлэгт хамрагдахаар олон залуус өрсөлддөг. Бид энэ удаа тус тэтгэлэгт тэнцсэн, хоорондоо эрс ялгаатай ч ижил зорилгод хүрч чадсан хоёр оюутныг ярилцлага буландаа урилаа. Б.Содбилэг, Д.Бямбарагчаа нар хоёул Eduzone /хуучнаар Зирвэ/ сургалтын төвд бэлдэн амжилт гаргажээ.

YOLOЯпон орныг зорих дөхөөд цаг зав багатай байгаа ч ЭЕШ-д бэлдэж буй манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгөхөөр ирсэнд баярлалаа. Танилцацгаая.

Б.Содбилэг - Намайг Баярсанаагийн Содбилэг гэдэг. 2018 онд 12-р ангиа төгссөн. Монбушо буюу Японы Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутан байна.

Д.Бямбарагчаа - Би Доржпүрэвийн Бямбарагчаа байна. Одоо 19 настай. Мөн адил Японы Засгийн газрын тэтгэлэгт 2018 онд тэнцсэн.

YOLOБямбарагчаагийн хувьд ЭЕШ-даа 800 оноо авсан сурагчдыг төлөөлөн манай YOLO-д өмнө нь ярилцлага өгч байсан. Энэ жил амжилтаа ахиулжээ.

Д.Бямбарагчаа – Японы засгийн газрын тэтгэлгийг сайн мэддэггүй байсан ч Япон явах хүсэлтэй байсан л даа. ЭЕШ өгөхдөө л энэ тэтгэлгийн талаар мэдэж авсан. Их сургуульд орсны дараа энэ тэтгэлэгт нэгдүгээр курсийн оюутан байсан ч хамрагдаж болохыг мэдээд ЭЕШ-д бэлдэж байсан суурин дээрээ Eduzone сургалтын төвдөө нэг жилийн турш суралцахын зэрэгцээ ЭЕШ-д бэлдэж буй сурагчдад өөрөө ч давтлага өгдөг байсан.

Б.Содбилэг – Америк, Япон хоёр улсын алинд нь сурах вэ гэж би эхэндээ эргэлзэж байсан. Тэгээд 9-11-р ангидаа буюу “Шинэ Монгол Косэн”-д суралцаж байхдаа мэргэжлээ сонгоод, ямар улс руу явах вэ, ямар чиглэлээр, яаж явах вэ гэдгээ судлаад Монбушо-д бэлдэе гэж шийдсэн. Eduzone сургалтын төвдөө суралцсанаар энэ зорилгодоо хүрсэн.

YOLOТа хоёр сургалтын төв гэж хэд хэд дурдлаа. Миний бодлоор ерөнхий эрдмийг хаа ч сурсан адилхан л ширээний ард сууж ижил төрлийн хичээл хийх юм шиг санагдах юм. Юу ингэж ахиц гарахад тусалсан гэж бодож байна?

Д.Бямбарагчаа – Сургалтын төв дээр маань ирж сурдаг хүүхдүүд ихэвчлэн бүгд хоцрогдлоо арилгах хүсэлтэй байдаг. Бүгд нэг зорилготой нь надад их таалагдсан. Дээрээс нь төвийн багш ажилчид бид нарт маш их урам зориг өгч, эцэг эхчүүдтэй маань уулзаж, мэргэжлээ хэрхэн сонгох тухай үргэлж зөвлөдөг. Суралцагчид багшийн хараа хяналтад байдаг хүүхдүүд гэхээс илүүтэй төвийнхөө хамт олны нэг хэсэг болж байдаг нь эргээд бид нарт хүсэл эрмэлзэл бий болгодог.

YOLOЗөвхөн хичээл заахаар үйл ажиллагаа нь хязгаарлагддаггүй гэсэн үг үү?

Б.Содбилэг – Тиймээ, жишээлбэл хагассайн өдөр болгон зааланд тоглодог.

YOLOЗаал авах нь сурахтай яаж холбогддог гэсэн үг вэ?

Б.Содбилэг – Үүгээрээ суралцагч нартайгаа илүү дотно болдог байх. Зөвхөн заал авах биш, салхинд гарах зэрэг арга хэмээ зохиодог. Мөн амжилттай яваа хүмүүсийг урьж яриа хийн, хувь хүний хөгжлийн талын сургалтууд ч ордог. Хамгийн том давуу тал нь юу вэ гэхээр, манай сургалтын төв ямар нэгэн оноо амлан хөөрөгдөхгүйгээр багш нартаа итгэн хичээж зүтгэсэн бол үр өгөөж хэрхэн ирдгийг харуулж чаддаг.

YOLOХичээл заах арга барил нь бас онцлогтой юу?

Б.Содбилэг – Тухайн хичээлээр долоо хоногт нэг сэдэв үздэг. Ямар ч хүүхэд долоо хоногийн турш тэр сэдвийг мэдэхгүй чадахгүй зүйл гарах бүрт багшаасаа асуусаар байгаад сурч чаддаг.

YOLOХичээлийнхээ хажуугаар ийм нэмэлт сургалтад явахад хэр ядардаг вэ?

Б.Содбилэг – Хичээл бол 2-3 цаг үргэлжилнэ. Гэхдээ бид нар хүсэх юм бол тохитой анги танхимдаа хэчнээн ч хугацаагаар сууж хичээлээ хийх боломжтой. Гэрт маш олон сатаарах зүйл байдаг. Харин сургалтын төв дээр очиход зорилго нэгтэй хүүхдүүд бүгд хичээлээ хийж байдаг болохоор сатаараад байх зүйл байхгүй. Харин ч мэдэхгүй зүйл гарвал багшаасаа асуугаад авна. Хажуу дахь найзаасаа ч асууж болно шүү дээ. Муу байна гэх зэргээр энд гадуурхагддаггүй. Асуух бүрд залхалгүй зүгээр дахиад л заагаад өгдөг байсан.

YOLOД.Бямбарагчаагийн хувьд ямар санагдаж байна вэ?

Д.Бямбарагчаа – Өөрийнхөө өмнө тодорхой зорилго тавьж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөхийг маш их хүссэн болохоор миний хувьд сэтгэлзүйн хувьд ч бэлтгэлтэй байсан. Намайг зорилгодоо хүрэхэд хамгийн гол багш, анги хамт олон, найз нөхөд их дэм болсон.

Хичээлээ хийх үедээ хийчихдэг байхад хангалттай. Тархи толгойгоо өвдтөл хийх шаардлагагүй. 

YOLOХэдий сургалтын төвд бэлтгэгдсэн ч өөрсдөө биеэ дайчлах шаардлага чамгүй тулгарсан байх.

Б.Содбилэг – Би багаасаа нэг их хичээл хийдэг хүүхэд байгаагүй. Урлаг спортын төрөлд илүү сонирхолтой байлаа. Кинонд тоглоно, сагсан бөмбөг тоглоно гэх мэтчилэн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Монбушогийн шалгалтыг өгөхөд англи, эсвэл япон хэлний мэдлэгтэй, шинжлэх ухааны төрлийн мэдлэгтэй байх шаардлагатай байдаг. Би хэлний мэдлэгтэй байсан ч гэсэн шинжлэх ухааны төрлийн мэдлэг хангалтгүй байсан. Үеэл маань Eduzone сургалтын төвд өмнө суралцаад ЭЕШ-даа 761 оноо авч байсан болохоор би ингээд шинжлэх ухааны мэдлэгээ сайжруулж болох юм байна гэж ойлгосон. Өдөр болгон бэлдсэний ачаар тэтгэлэг ч авч чадсан.

Д.Бямбарагчаа – Миний хувьд хичээлээ хийдэг хүүхэд байсан ч гэсэн мэдлэг боловсролын төлөө сурдаггүй байсан. Жишээ нь явцын оноо сайн байсан ч гэсэн шалгалтын оноо муу байх жишээтэй. Яваандаа өөрийгөө улам сайжруулах хэрэгтэй гэдгээ мэдсэн л дээ. 12-р ангид байхад надад тодорхой хэмжээний хоцрогдлууд байсан. Би тэрхүү хоцрогдлуудыг арилгахаар биеэ дайчилж эхэлсэн.

YOLOТа хоёрын насныхан хэчнээн хүсэл зорилго байвч хайр дурлалаас эхлээд л сатаарах зүйл маш олон шүү дээ. “Эморох” гэдэг үг хэллэг хүртэл гарсан байх юм. Энэ бүхнээс яаж өөрсдийгөө тусгаарлаж чадсан бэ?

Б.Содбилэг – Энэ бүхнээс яг ч тусгаарласан гэж хэлэхгүй л дээ. Гол нь хичээлээ хийх үедээ хийчихдэг байхад л хангалттай гэж бодож байна. Түүнээс биш тархи толгойгоо өвдтөл хийх шаардлагагүй. Жишээлбэл би хичээл тараад Eduzone дээр орой 9 цаг хүртэл суудаг байсан ч сонирхдог бүх зүйлээ амжуулах боломж бол байдаг.

Д.Бямбарагчаа – Миний хувьд өөрийгөө үнэхээр тусгаарлаж чадсан болов уу гэж бодож байна. Мөн л хийх ёстой зүйлүүдийг цагт нь хийгээд явж байсан. Анги хамт олонтойгоо хамт байх цаг хугацаагаа мэдээж зарцуулсан. Гэхдээ маш их хугацааг хичээлд зарцуулсан нь яах аргагүй үнэн.

YOLOД.Бямбарагчаагийн хувьд мэдлэг, сурлага гэдэг үгийг төлөөлөхүйц сурагч байжээ гэж бодлоо.

Д.Бямбарагчаа – Ерөнхийдөө тийм гэж бодож байна.

YOLOБ.Содбилэгийн хувьд өөрийн хэмнэлийг огцом өөрчилж чадсан хүүхэд гэж ойлгож болох уу?

Б.Содбилэг – Тийм.

YOLOТэгэхээр тухайн хүний сонирхол онцлог чанар үл хамааран адил амжилтанд хүрсэн нь сонирхолтой байна. Цагийн юмыг цагт нь хийдэг хүмүүст зав гардаг. Чөлөөт цагаараа юу хийцгээдэг вэ?

Б.Содбилэг – Би сагсан бөмбөг тоглодог. Дүүргийн аварга болж байсан. Цаашид ч спортоо хаяхгүй гэж бодож байгаа. 9-р анги хүртлээ кинонд тоглодог байсан. 

Д.Бямбарагчаа – Би өөрийн блог бичвэрүүдийг нийтэлдэг. Тэгэхдээ нууц хэлбэртэй блог бий. Мөн цахим спорт сонирхдог. Тодорхой хэмжээний цагаа зарцуулан энэ тал дээр өөрийгөө хөгжүүлж байгаа.

Б.Содбилэг – Хичээлд бүх цагаа зарцуулдаг хэн нэгэн байлаа гэхэд харилцааны гэх мэт ямар нэг чадвар дутагдана гэж боддог. Эсвэл бүр зожиг болж ч магадгүй. Харин янз бүрийн зүйл сонирхон найзуудтайгаа цагийг хамт өнгөрүүлдэг байсан нь дээр байх.

Эцэг эх хүүхдээ дэмжиж байгаа нь энэ гээд шахаад, барьж аваачаад сургалтын төвд суулгавал амжилт гаргах нь эргэлзээтэй.

YOLOӨсвөр үеийнхэн зарим талаар цахим тоглоомуудад хэт дурлаж ороод байх шиг анзаарагддаг л даа. Ийм дур сонирхол бий болчихвол бас хязгаарлах хэцүү санагдах юм.

Б.Содбилэг – Хичээлийг тоглоомоос дээгүүр тавиад хийгээд ирэхээр хичээлдээ ч бас маш дуртай болж эхэлдэг. Тэгэхээр тийм их удаан тоглоод байх сонирхолгүй болчихдог л доо.

YOLOТа хоёрын хувьд өөрийгөө залж чиглүүлж сурахад гэр бүл чинь дэмжсэн байх.

Д.Бямбарагчаа – Би ээж, аав, дүүтэйгээ амьдардаг. Гэр бүлтэйгээ нээлттэй харилцаатай байж чаддаг болохоор намайг шалгалтуудад бэлдэж байх үед бүхий л талаар дэмжиж тусалсан. Гэрт гүйцэтгэх үүрэг хариуцлагаас тухайн үед чөлөөлсөн. Гэр бүлийнхээ хүлээлтэд ч амжилттай хүрч чадсан.

Б.Содбилэг – Намайг өдөр бүр оройтоод ирэхэд манай гэр бүлийнхэн надад итгэж, бүрэн эрх чөлөө олгодог байсан. Тухайн зүйлд хүн дуртай байвал юу ч болж бүтнэ гэж боддог. Түүнээс биш эцэг эх хүүхдээ дэмжиж байгаа нь энэ гээд шахаад, барьж аваачаад сургалтын төвд суулгавал амжилт гаргах нь эргэлзээтэй. Мөнгөний гарз болох байх. Миний хувьд өөрийн хүсэлтээр энэ сургалтын төвдөө сурсан. Ээж маань ч надад маш их итгэж бүх бололцоогоор хангасанд баярласан.

YOLOТа хоёрт баярлалаа.

-Баярлалаа. Бид хоёр сургалтын төвөө их магтсан санагдаж магадгүй. Үнэндээ талархсан сэтгэлээс гарсан үгс юм шүү гэдгийг төгсгөлд нь хэлэх нь зүйтэй. Ижил дасал болсон үнэхээр сайхан газар байдаг юм.

#Scholarship #Monbusho