“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн бахархал болсон бас нэгэн төгсөгчтэй ярилцлаа. Түүнийг Батзаяагийн Анударь гэдэг. 2011 оны төгсөгч. Ахлах ангид орох үедээ тооны хичээлд хамгийн дургүй байсан тэрбээр “Улаанбаатар Элит”-д орсноор энэ хичээлээ хамгийн их сонирхож, ойлгож, тэр ч бүү хэл өнөөдөр “тооны хүн” буюу нягтлан бодогч болчихоод байгаагаа дурссан юм.
- Анх “Улаанбаатар Элит” сургуульд хэрхэн орсон түүхээс яриагаа эхлүүлье?
- Дунд сургуулийн сурагч болохоор аав, ээжийн маань шийдвэр байсан л даа. Ахлах ангийг нь арай өөр сургуульд, хэлний мэдлэгийг нь дээшлүүлье гэж ээж, аав маань яриад ингэж шийдсэн байдаг. Эхлээд одоогийн Улаанбаатар Эмпатид оруулах гэснээ бүх хичээлийг англи хэлээр заадгийг нь бодолцоод “Улаанбаатар Элит”-д өгөхөөр болсон. Ингээд сургуулиа Амгаланд байхад нь 2008 онд шилжиж ирж байсан.
- Шууд англи хэлээр бүх хичээлээ үзээд эхэндээ хэцүү байсан биз дээ?
- Би санадаг юм, анхны эцэг, эхийн хурлыг. Манай сургуулийн эцэг, эхийн хурал бусад сургуулийнхаас шал өөр болдог. Хүүхэд бүрийн ээж, аавтай багш болгон ганцаарчлан уулздаг. Ингээд эцэг, эхийн анхны хуралд оролцоод аав их ууртай ирсэн. “Тэр ч багш чинь тэгж хэллээ” гээд л. Яагаад гэвэл гэнэт бүх хичээл англи хэлээр явагдаад эхэлсэн чинь ойлгохгүй юм маш их болоод. Ахлах ангийн анхны жилийг ч хэлэх үү, хичээлүүд нь нэмэгдэж, хүндэрсэн. Дэлхийн газар зүй, дэлхийн түүх зэрэг хичээлүүдийг англи хэлээр үзээд их хэцүү байгаа юм чинь. Дүн ч үүнээс болоод их муудав. Би уйлаад, “За би хичээнэ ээ” гэж хэлж байсан. Харин тэрний дараагийнх нь хурлаар багш нар бүгд ам сайтай болсон юм.
- “Улаанбаатар Элит” сургууль руу шилжихээсээ өмнө нь ямар сургуульд сурч байсан бэ?
- Уг нь бас л хувийн сургуульд сурч байсан. Гэхдээ хичээл заахаас эхлээд хүүхдийг хичээлд нь сонирхолтой болгох тал дээр “Улаанбаатар Элит” огт ондоо байсан. Хичээлүүд дарамттай, ядаргаатай санагдаж, тоогоо ч ойлгохоо байж, хамгийн дургүй хичээл маань математик болоод байсан яг тэр үед математикийн Билал гээд багш маань манай ангийг дааж аваад бидэнд тооны хичээл заасан. Ингээд тоонд дуртай болоод зогсохгүй өнөөдөр “тооны хүн” болчихоод сууж байна (инээв). Ер нь хичээл зааж байгаа байдал, манай багш нарын арга барил цаанаа л нэг өөр санагдаж байсан. Хичээл хийх хүсэл сонирхлыг өдөөж өгч чаддаг болохоор үнэхээр гоё.
- Тооны хүн болсон гэхээр аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн гэсэн үг вэ?
- СЭЗДС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо их сургууль болчихсон шүү дээ. Гадагшаа явах боломж байсан ч би Монголдоо сурч, Монголдоо ажиллах сонирхолтой байсан тул эндээ сурсан.
- Их, дээд сургуульд ороход “Улаанбаатар Элит”-д сурсны давуу тал хэр их байв?
- Нягтлан бодогчоор сурахад нэгдүгээр дамжаанд бүх хүүхэд математик 1, 2 гэж үздэг. Гэтэл нэгдүгээр курст үздэг математикийг би аль хэдийн заалгачихсан байсан. Англи хэл дээр торох юм байгаагүй. Бид чинь сургууль дотроо үйлчлэгч, жижүүрээсээ эхлээд тогооч, багш нар, доод ангийн дүү нар гээд бүгдтэй нь л маш дотно байдаг. Харин их сургуульд бараг энэ харилцааг ёс зүй, харилцааны соёл зэрэг хичээлээр заадаг. Энэ мэтчилэн олон зүйл давуу тал болж, их сургуульд торох юмгүй амар байсан.
- Төгсөөд ямар ажил эрхэлж байна вэ. Одоогийн хийж байгаа ажлынхаа тухай ярихгүй юу?
- ”Детект” компанийн “Llumar Mongolia” гээд цонхон дээр наадаг хальсыг хариуцсан менежерээр ажиллаж байна. Мөн мэргэжлийнхээ дагуу 3-4 компанийн тайлан гаргадаг.
“Llumar”-ыг бол хүмүүс хамгаалалтын хальс гэдгээр нь мэддэг. Манайх АНУ-аас албан ёсоор оруулж ирдэг цорын ганц дистрибьютер нь байгаа юм. Шил бол хагарахаараа үйрч унадаг. Харин энэхүү наалтыг цонхны дотор талд наадаг учраас шил хагарсан ч ирт хэсгүүд дотогшоо үсэрдэггүй. Ердийн шил 2-3 цохилтод бутарч хагардаг бол манай хальс тав дахин бэхжүүлдэг. Мөн зурагдалтаас хамгаалсан давхаргатай. Манай 2006 онд наасан хальс яг шинэхэн наасан юм шиг л харагддаг. Хүмүүс ихэвчлэн машин дээрээ наалгадаг. Машины цонхон дээр наалгасан лумар хальснууд нарны хэт ягаан туяанаас 99 хувь хамгаалдаг. Тэгэхээр харшил хөдлөхгүй, арьс борлохгүй гээд олон давуу талтай. 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа манай гэр бүлийн компани юм. Би их сургуульд байхдаа дадлага хийгээд, төгссөнөөсөө хойш ажлаад бараг дөрвөн жил болж байна.
- Ажлын талбарт гарахад ямар санагдаж байв?
- Үйлчлүүлэгчидтэй харилцдаг ажил хийнэ гэдэг амаргүй. Юу ч гэж хэлсэн, яаж ч байсан инээгээд л байж байхаас өөр аргагүй. Хэн ч биднийг сайхан аашил гэж зааж өгөөгүй хэрнээ багш, ажилчид, сурагчид гээд сургууль даяараа гоё харилцаатай байсан нь бидний зан төлөвт маш эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог. Бидэнтэй хүмүүс яаж харилцана, бид яг ижилхэн харилцаж байдаг учраас багш нарын маань харилцаа их нөлөөлсөн байх. Одоо ч гэсэн ангийнхныгаа харж байхад янз бүрийн л салбарт ажиллаж байна. Ямар ч байсан хүнтэй харилцах тал дээр ямар ч асуудал байдаггүй. Хэдий бид их сургуульд орж, мэргэжил эзэмшээд ажлын талбарт гарсан ч дунд сургуульд ороход ямар байсан, дотор хүн нь яг л хэвээрээ байгаа юм шиг санагддаг.
- Сургуулийнхаа давуу талыг одоо харахад хэрхэн дүгнэдэг вэ?
- Олон улсын гэдгээрээ маш том давуу талтай. Англи хэлээр хүн болгон ондоо аялгаар ярьдаг шүү дээ. Жишээ нь, намайг сурч байхад Турк, Филиппин, Америк, Англи, Ази багш нар байсан. Хүмүүс бусад орны хүмүүсийн аялгыг тэр бүр шууд ойлгодоггүй бол энэ нь бидэнд давуу тал болж байна. Яг намайг сурч байхад Телма гээд Америк багш байсан. Тэр хүн биднийг маш их шахаж, хичээл заасан. Эссэ их бичүүлнэ. Бичиж чадахгүй байвал гэрээс нь хүртэл хүн дуудаж авчраад нэгд нэгэнгүй тайлбарлаж, болохгүй байгаа зүйлсийг нь хэлж, засаж өгдөг байлаа. Өнөөдөр хараад байхад ажил хийдэг хүн ховор болсон санагддаг. Хийж байгаагаасаа илүү юм хүснэ, болохгүй байна гэсэн шалтаг үргэлж хайдаг ч юм уу. Харин бид тэр багшийнхаа ачаар болохгүйгээс нь эхлээд болтол нь явж сурчээ гэж боддог.
Мөн эцэг, эхчүүдтэй маш гоё дотно байж чаддаг. Зөвхөн эцэг, эхийн хурлаар уулзаад өнгөрдөггүй. Тэр тал дээр бусад сургуультай харьцуулшгүй. Бараг өдөр бүр холбоо харилцаатай байж ямар нэгэн юм болбол эцэг, эхтэй нь шууд ярьчихдаг. Одоо хүртэл ээж, аав маань “Улаанбаатар Элит”-ийн ангийнхантай уулзахад дуртай байдаг. Гудамжинд нэг нэгнийхээ аав, ээжтэй тааралдаад сүйд болно. Ээж, аавууд ч хоорондоо дотно байдаг нь сайхан.
- Одоо сургууль дээрээ хэр их ирж байна даа?
- Би сургуулийнхаа хашааны хажуугаар хэзээ ч чигээрээ өнгөрч байгаагүй. Ядаж л хашаа руугаа өнгийж харна, хэн байна гэж эрнэ, форумтай хүүхдүүдийг харж баясна. Сургууль дээрээ ороод ирэхэд хэдий доторх өнгө үзэмж нь өөрчлөгдсөн ч цаанаа л гоё. Хуучин багш нар маань байхгүй ч ганц нэг багштайгаа тааралдахад хамгийн сайн найзтайгаа уулзаж байгаа юм шиг л баярладаг. Хэзээ ч ирсэн халуун дотно сэтгэлээр угтдаг. Сургуульдаа үнэхээр хайртай. Ямар сайндаа л манай ээж дүү бид хоёрын багадсан хувцсыг ялгахад нь сургуулийнхаа дүрэмт хувцсыг өмсөхгүй ч гэсэн хадгалж авч үлдэж байхав(инээв).
- Хувь хүний хувьд олж авсан үнэт зүйл гэвэл юуг онцлох вэ?
- Манай сургууль Амгаланд байсан. Амгалангийн орчин ямар билээ. Тэгэхэд манай багш нар хүйтний улиралд тэр хавийн амьдралын боломж муутай айл өрхүүдэд мах, гурил, будаа өгч тусалдаг байсан. Тэр үед нь би нэг их юм боддоггүй байлаа. Харин сургууль маань хотын төвд шилжиж ирсний дараа хүмүүст тусламж өгөх болсон. Сургууль дээр баахан хүмүүс ирчихсэн, манай ангийнхан тусламжийн зүйлсийг тараасан юм. Яг тэр үед хүмүүсийн тэр хүлээж авч байгаа байдал, баярласан харц, сэтгэл, “Баярлалаа” гээд хэлж байгаа нь хүртэл цаанаа л гоё санагдаж байсан. Тэгж би тусламж хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгах ёстой юм байна гэдэг ойлголтыг олж авсан юм. Ер нь манай сургуулиас өөр сургуулиуд хэр барагтай тэгж туслаад байдаггүй. Гэтэл манай багш нар тэгж тусалснаа ч зарлаад байдаггүй, даруухан л тараачихдаг байж.
Цагаан сар болохоор багш нар маань жолооч, тогооч нарынд хүртэл очиж золгож байх жишээтэй. Эндээс хүндлэлийг бас сайн ойлгож авсан.
- Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар дурдахгүй юу?
- Одоохондоо би өсөж дэвждэг дээрээ л байна. Хэрэв яг энэ байдлаараа удаан явбал нэгэн хэвийн хэмнэлдээ дасаад, илүү юм сурахгүй болох байх. Тиймээс цаашид сурахаас гадна ажлын тал дээр ч, хувь хүний тал дээр ч өөрийгөө хөгжүүлье гэж бодож байгаа.
- Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх