Б.Даваасүрэн: Сагсан бөмбөгийн спортоос даруухан байхыг сурсан


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-04-19

Сагсан бөмбөгийн спортод хайртай уншигчдадаа зориулан Баянгол дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Даваасүрэнтэй уулзаж ярилцлаа. Баянгол дүүргийн шигшээ баг нь өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд U10 насны ангиллаас хойш 6 жил дараалан аварга болоод байгаа юм.


YOLOЮуны өмнө тэмцээндээ амжилттай оролцож, шилдэг тоглогчоор шалгарсанд баяр хүргэе. Шагнал авч байхад төрсөн сэтгэгдлээсээ уншигчдад хуваалцаач.

Манай баг энэ насныхаа ангилалд зургаа дахь удаагаа аварга болж байна. Аваргынхаа цомыг авахтай зэрэгцэн шилдэг тоглогчоор шагнуулахад их баярлаж, багийнхнаараа бахархсан. 

 


YOLOЗургаан жил энэ насандаа дараалан аварга авна гэдэг тийм ч амаргүй болов уу? Энэ амжилтын ард юу хамгийн ихээр нөлөөлсөн гэж хардаг вэ?

Багш маань биднийг маш сайн дасгалжуулдаг, хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүсийн нэг бол яалтчгүй багш. Багийн спорт учраас баг хамт олны нэгдмэл байдал нөлөөлдөг болов уу. Мөн аав ээж минь биднийг үргэлж дэмждэг болохоор тэмцээндээ амжилттай оролцож чаддаг.

YOLOХэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Яагаад энэ спортоор хичээллэх болсон?

9 настай байхад гэрийн гадаа шийд баригдаад тэгээд л тоглож эхэлсэн. Найзууд маань миний хамгийн анхны багш. Яаж залж, яаж дамжуулах гээд бүгдийг нь найзуудаасаа сурч байсан. Тиймдээ ч секц дугуйланд бараг явж байгаагүй гэж хэлэхэд болно. Тэр үеэс эхлээд энэ спортоор хичээллэх дуртай болж, ихэнх цагийг шийдний дор өнгөрөөдөг болсон. Спортоор хичээллэж эхэлснээс хойш цагийг үр дүнтэй өнгөрөөж, эрүүл мэнддээ ч анхаарал тавьж байгаа. Улам сайн тоглож чадвал ирээдүйд маш олон боломж бололцоо байгаа гэдгийг олж харсан.

 


YOLOХамгийн анхны тэмцээндээ хэрхэн оролцож байсан бэ? Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Миний анхны тэмцээн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн байсан. 10 настай хүүхдийн ангилалд 9 настай ороод нэг ч хожиж чадалгүй гурав хожигдоод гарч ирсэн. Тэр үед дараа жил бэлтгэлээ сайн хийж байгаад насандаа оролцож, амжилт үзүүлнэ гэж өөртөө амласан. Дараа жил нь амжилттай оролцож багаараа аварга болсон.

YOLO Багийн спортоор хичээллэж байгаагийн хувьд сурч авсан сургамжтай зүйлсээ уншигчдад хуваалцвал?

Энэ спортоос маш их зүйл сурч байгаа. Цаг барихаас эхлээд л, заавал бүгд ирж байж бэлтгэл эхэлдэг. Мөн сагсан бөмбөгийн спортоос сурч авсан хамгийн сургамжтай зүйл нь даруухан байх ёстойг сурсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн, олон улсын тэмцээнд оролцоод багагүй туршлагатай болсон байсан болохоор нэг жилийн сургуулийн аваргын тэмцээнээр дээд үеийнхнээ хожоод, их онгироод тоглосон юм л даа. Тэр үед багш нартаа загнуулаад тэмцээнээсээ хасагдаж байсан. Үүнээс хойш том сургамж авч, ямар ч үед даруухан байх ёстойг сурч авсан. 

 


YOLOХамгийн анхны олон улсын тэмцээнд оролцож байх үеийн дурсамжаа хуваалцаач? Олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байх үед ямар мэдрэмж төрсөн бэ?

Анх 10 настай байхдаа Улаан үд хотод болсон өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Тухайн үед жоохон хүүхдүүд юугаа ч мэдэхгүй тоглоод л, нэг мэдсэн аваргын төлөө гараад ирсэн. Тэр тэмцээнд амжилт гаргана гэж бодоогүй байсан бидний хувьд аварга болно гэдэг гайхалтай байсан. Тухайн үед бөөнөөрөө тойрч үсрээд маш их баярлаж байснаа одоо санадаг. Нийтдээ тус тэмцээнд 3 жил оролцож, хоёр алт, нэг хүрэл медалийн эзэд болсон. Сүүлийн жилдээ л Mонгол улсаа төлөөлөөд явж байгаа гэдгээ анзаарахтайгаа болж хариуцлага мэдрэгдэж эхэлсэн. 

YOLOБэлтгэл сургуулилтын үеэр шантрах үе хир гарч байсан бэ?

Би зуны амралт бүрдээ хөдөө өвөө эмээгийндээ очдог байсан. Өвөө эмээдээ тусалж, хар бор ажил хийгээд сурчихсан байсан болохоор бэлтгэл, сургуулилтын үеэр тэсвэр хатуужилтай байж чаддаг байх гэж боддог. Тиймдээ ч амархан шантрахгүйгээр зургаан жил тасралтгүй сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байгаа.

 


YOLOХамгийн ойрын төлөвлөгөө юу вэ?

Ойрын төлөвлөгөө гэвэл тав, зургаан сараас Азийн хүүхдийн их наадам болох гэж байгаа. Тэрэнд амжилттай оролцохыг хүсэж байна. Цаашдаа сурах зүйл их байгаа, бэлтгэлээ улам сайн хийж улсынхаа дээд лигийн тоглогч болохыг хүсдэг. 

YOLO: Хэрэв хэн нэгэн чиний гурван хүслийг биелүүлэхээр болбол ямар гурван зүйлс хүсмээр байна? 

Эхлээд өндөр болмоор байна. /инээв/ Миний нурууны өндөр тоглогчид дунд намхандаа ордог. Хоёрдугаарт тоглолтынхоо чадварыг сайжруулмаар байна. Гуравт нь гэх юм бол тэтгэлэгт хамрагдахыг хүсдэг болохоор хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсдэг.

YOLOӨөрийнхөө үеийн хүүхдүүдэд хандаж үг хэлбэл?

Аливаа зүйлд тууштай байж, шаргуу хичээвэл амжилт гаргаж болдог юм шүү. Тиймээс тууштай байгаарай гэж хэлмээр байна.

YOLOЯрилцсанд баярлалаа.

 

#Спорт